Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Энэтхэгт мягмар гарагт коронавирусний халдварын 5611 тохиолдол шинээр бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.

Энэтхэгт өнгөрсөн долоо хоногоос халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж эхэлсэн бөгөөд халдварын тохиолдлын тоо хоёр өдөрт 10 мянгаар нэмэгдэх болжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Энэтхэгт 106750 хүн халдвар авч, 3303 хүн нас баржээ.

Энэтхэгийн баруун нутгийн Махараштра мужид халдвар хамгийн их тархаж, 37136 хүн халдвар авч, 1325 хүн нас барсан байна. “Манай улсад 2.5 сая гаруй хүнд шинжилгээ хийсэн" гэж Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлөөс мэдээлжээ. 

Үүнээс гадна Энэтхэгийн зүүн нутгийн хоёр мужийг өнөөдөр “Амфан” шуурга дайран өнгөрч, хөрсний гулгалт үүсгэж болзошгүй байгааг тус улсын Цаг уурын газраас анхааруулжээ. Энэтхэг, Бангладешийн зүүн нутгаар хэдийн аадар бороо орж, хүчтэй салхилж эхэлсэн бөгөөд тус хоёр улсын эрх баригчид олон сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.