Дональд Трампын бараа бологчдын нэг коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Цагаан ордонд ажилладаг АНУ-ын тэнгисийн цэргийн алба хаагч, ерөнхийлөгч Дональд Трампын хувийн туслах буюу бараа бологчдын нэгнээс коронавирусийн халдвар илэрснийг өчигдөр зарлажээ.

Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нараас шинжилгээ авахад сөрөг дүнтэй гарсныг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Хоган Гидли мэдэгдсэн байна.

Энэ нь Цагаан ордонд ажилладаг хүмүүсээс Covid-19 өвчнөөр өвчилсөн  хоёр дахь тохиолдол юм.

Гуравдугаар сард дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн албаны нэг ажилтан коронавирусийн халдвартай нь тогтоогдож байв.

Өнөөдөр АНУ-ын эрх баригчид мужуудад тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, эдийн засгийг идэвхжүүлж эхлээд байна. Хэдийгээр тахлын хоёр дахь давалгаа эхлэх аюултайг хүлээн зөвшөөрсөн ч Дональд Трамп өчигдөр хөл хорионы дэглэмээ сулруулж байгаа мужуудын удирдлагыг сайшаасан мэдэгдэл хийжээ.

“Зарим хүмүүст муугаар тусах уу? Мэдээж тэгнэ. Гэхдээ бид улс орныхоо эдийн засгийг сэргээх шаардлагатай” гэж Трамп хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Сүүлийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 1,250,805 тохиолдол бүртгэгдэж, 75,447 өвчтөн нас бараад байна. Энэ нь дэлхий даяар илэрсэн халдварын тохиолдлуудын гуравны нэг орчим, нас баралтын мөн гуравны нэг гаруй болж байгаа юм.