Энхтайваны гүүрээс Баянхошууны "Хөтөл", Гүнтийн даваа хүртэл хөл хорио тогтооно

"COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй дадлага сургуулиар маргааш нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08.00-18.00 цаг хүртэл бүрэн хөл хорио тогтооно. 

 

Тодруулбал, тус дүүргийн нутагт дэвсгэр, нийслэлийн төвд Энхтайваны гүүрээс "Цэцэг" төв, СУИС-ийн уулзвар хүртэл, баруун чиглэлд хуучин Хүнсний I дэлгүүр, Гэсэр сүм-Тасганы овооны уулзвар, түүнээс дээш Баянхошууны "Хөтөл" хүртэл хөдөлгөөнийг хориглоно. 

Хойд чиглэлд Хайлаастын уулзвар, 7 буудал, Дамбадаржаа, Япон цэргийн оршуулгын цогцолбор, Сэлбэ, зуслангийн чиглэлд Жигжидийн гүүр, Гүнтийн даваа хүртэл хөл хорио тогтоож, тээврийн хэрэгсэл, иргэдийн хөл хөдөлгөөн зогсох юм. Энэ үеэр тус дүүрэгт:

  • нийслэлийн төвд "Цэцэг" төв
  • СУИС-ийн уулзвар, 
  • Тасганы овоо, Гэсэр сүм, 
  • Баянхошууны "Хөтөл"-ийн давдаг, 
  • хойд чиглэлд Хайлаастын уулзвар, 
  • 7 буудал, 
  • Япон цэргийн оршуулгын цогцолборын уулзвар, 
  • зуслангийн чиглэлд Жигжидийн гүүр, 
  • Гүнтийн давааны пост гэсэн 9 газар хөл хориог хянах цэг ажиллаж орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаана.