ОХУ-д 58 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 1,280 болжээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 10,633 шинэ тохиолдол илэрсэн тухай ням гарагт мэдээлжээ. Энэ нь нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо бөгөөд өмнөх өдрөөсөө 1,000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт аж.

 

Ингэснээр тус улсад батлагдсан нийт халдварын тоо 134,687 хүрч, дэлхийд энэ үзүүлэлтээр долоодугаарт жагсаж байна.

Гэхдээ нас баралтын хувь хэмжээ нь бусад тархалт өндөртэй улс орнуудтай харьцуулахад бага байгаа бөгөөд өчигдөр ОХУ-д 58 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 1,280 болжээ.

Тус улсын 82 бүс нутагт халдварын шинэ тохиолдол илэрсэн байна.

Коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор тус улсад гуравдугаар сарын сүүлээс эхлэн хорио цээрийн хатуу дэглэм тогтоод байна. Энэ дэглэмийн дуусах хугацааг тавдугаар сарын 11 хүртэл сунгаад байгаа.

Эх сурвалж: Reuters