Очоод хонооч ороод гараач

Саяхан миний найз Баасанбямбынд “Танайд хоноё” нэвтрүүлгийн багийнхан зочилсон. Сошиал орчинд маш олон эерэг сэтгэгдэл харагдана билээ. Сөрөг сэтгэгдлүүд ч байсан. Мэргэжил нэгтэй нэг дүү их л муухайгаар зулайг нь гишгэсэн ах нараа дайрсан байна билээ. Үнэндээ бол Баруун салааны Салхитын аман дахь эрх чөлөө хотхоны тоосго хашааны төмөр бүхнийг 12 залуу өөрсдийнхөө хүчээр гагнаж бас барьсан юм шүү. Энэ бол түүх. Зайсангийн аль нэг аманд дарга нар шиг хашаалж байгаад газар аваагүй. 0,7 га газраа бид нийлүүлээд баруун салааны салхитын аманд газар авах хүсэлтээ байснаа уламжлаад тухайн үеийн дүүргийн газрын албаны мэргэжилтнүүдээр шийдүүлээд хууль журмынх нь дагуу явсан. Авсан газар дээрээ амины орон сууц барьчихая гээд сэтгэл нийлээд л дайрсан. Зээлэнд хамрагдах гэж бас л их юм болсон. Амины орон сууцанд зээл өгдөггүй болохоор бүгд л өндөр хүүтэй амины орон сууцны зээлэнд хамрагдаж байлаа. Одоо ч бид зээлээ төлсөөр л явна. Эхний хоёр жилдээ уурын зуухаар дулаанаа шийдэж байсан Эрх чөлөө хотхон минь одоо бол 100 хувь эко хотхон. Байгальд ээлтэй хотхон гэсэн үг. Цахилгаанаар дулааны асуудлаа шийдчихсэн болохоор тэр Энэ бол одоогоос найман жилийн өмнөх үйл явдал. Ийм л цаг үед банк, барилгын компани, баруун салааны зүг хамтдаа хөлөө чилтэл алхаж явсан нөхөр бол сэтгүүлч Бибишийн Баасанбямба. Үнэхээр л утааг бага ч гэсэн бууруулая. Бусдад үлгэрлэсэн жишиг хотхон барья  гэж хэвлэлийн салбарын мөр зэрэгцсэн 12 залуу зүтгэсэн. Шинэхэн байшин орон сууц худалдаж авч байгаа хэн нэгэн хөршөө сонгодоггүй. Харин бидний хувьд бид хөршөө сонгосон азтай улс. Алтан шонхрын нисэх тэнгэр цэлмэг байгаасай гэж хэлээд тэр л цэлмэг тэнгэртээ шонхор болоод нисчихсэн сэтгүүлч М. Батдорж бидний нэг. Өдгөө аав ээж нь биднийг анд шиг минь хүүгээ хэмээн хошуу дэвсэн үнсэж зэмлэхдээ зэмлэж омогшуулахдаа омогшуулж л явна. Найзынхаа гэгээн дурсгалд хэдүүлээ суврага босгодоггүй юмаа гэхэд нэг тийм томоохон ажил хийе. Залуус дүү нараа дэмжий нэрэмжит сантай болгоё гээд бас л хамгийн урд нь гүйж явсан хүн бол сэтгүүлч Бибишийн Баасанбямба. Санасандаа ч хүрч бидний хэсэг нөхөд. Тавдугаар сарын 3 дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиодог. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бидний баярын өдөр гэсэн үг. Гэхдээ манай хэвлэл мэдээллийн байгууллагынхан сүүлийн долоон жилийн хугацаанд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр М. Батдорж сангийн үйл ажиллагаа уламжлал болгон зохион байгуулагддаг гэдгийг сайн мэддэг болсон. Уламжлалт үйл ажиллагаа гэдгээ жаахан тодотгоё. Мөнөөх л элдвийг санаачилдаг Баасанбямба нарын нөхдүүд энэ өдрөөр хамгийн шилдэг эссэ бичсэн нэг хүүхдэд сургалтын төлбөрийг нь 100 хувь даах шийдвэрийг долоон жилийн өмнө гаргаж байсан юм. Салбартаа шилдэг нь, тэнгэрт одсон М.Батдорж анд шиг минь сэтгэлтэй байхыг хүссэндээ сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа дүү нараа бид дэмждэг. Цаашид ч дэмжинэ.  Монголын сэтгүүлзүйд анхны редакцийн хараат бус байдлын гэрээг байгуулж ажилласан. Хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллагын шанг татсан, айхтар долоон сарын нэгнээс хоёронд шилжих шөнө онц байдал зарласны дараа ганцаараа сурвалжлага хийсэн гээд Бибишийн Баасанбямба найзад минь дурсаад дурдаад байвал дуусахгүй арвин түүх бий.

Бибишийн Баасанбямба найз маань дөрвөн жилийн өмнө Завхан нутагтаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн.  За үүн дээр л хотхоны хэдэн залуучууд бид хойшоо суугаад дэмжээгүй. Улстөр бидэнд хэрэгтэй зүйл биш гэж ирээд л надаас авахуулаад ярьж хэлж явлаа. Үнэндээ бол Бибишийн Баасанбямба найз шиг минь юмыг бүтээчихэе. Хамтдаа босгочихоё гэсэн хүмүүс л энэ улс орны төрийн алтан жолоог атгах учиртай гэдгийг дор бүрнээ сайн мэдэж байсан л даа. Гэхдээ л найзыгаа харамласан хэрэг. Өнөө улстөрчид шиг мөнхийн эрх ашигтай нэгэн болчих вий гэж. Бааска анд минь харин ч аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч болсон ч хүнээрээ л цагаахан инээд санаачлагатай байдалтайгаа л яваа цаашид ч явна гэж итгэнэм. Энэ удаа найз минь төр түшилцэхээр сэтгэл зориг шулууджээ. Ордны тавилга шиг болсон өтгөсөөс өнөөдөр юу ч гарахгүй монгол хөгжихгүй гэдгийг хориод жил сэтгүүлч хийхдээ харлаа. Өнөө л улстөрийн акул гэх ах нартайгаа бид бараг зэрэг хөгширчих гээд байгаа тал бий. Энэ удаа Бибишийн Баасанбямба найзыгаа улсын их хурлын сунгаанд нь бид дэмжинэ. Яагаад гэвэл тэр санаачилснаа ажил болгодог. Олны төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хийсэн санаачилсан нь хэзээ ч буруу байдаггүй эр хүн учраас тэр. Ахиад хэлий арагшаа алхвал цуг урагшаа алхвал цуг 14 залуу тэдний ард түшиж явдаг гэргий нар нь дэмжинэ. Очоод хонооч ороод гараач гэдэг шиг дэргэдээс нь үнэнийг нь мэдээгүй байж далдуур муу үг хэлж явах нь эр хүний зан биш. Очоод хоновол учрыг нь ухна ороод гарвал бодитойгоор нь өөрийнхөө хоёр мэлмийгээр тольдоно. Бааска минь ийм л хүн үнэн байдаг нөхөрлөлөө эрхэм гэж боддог эр хүн. Бааска гэснээс манай Эрх чөлөө хотхонд хоёр Бааска бий. Ноовын Баасандамба, Бибишийн Баасанбямба. Хоёр Бааскагийнхаа түүхийг дараа үргэлжлүүлэмз

 

 

                                                                                                                                                                                                                                                      Сэтгүүлч Н. Бат-Осор