Яллагдагч М.Энхсайханы урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан маргааш болно

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагт товлогдсон байна.

Энэ зүйл ангид “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор....” гэж заасан байдаг бөгөөд 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

М.Энхсайханыг Тавантолгойн төсөлтэй холбогдуулан шүүж байгаа бөгөөд эргэн сануулахад:

2015 онд Тавантолгой нь зөвхөн Засгийн газрын бус иргэдийн ч гэсэн санал бодлоо тусгах төсөл гэж үзсэний улмаас УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан А.Бакей, Су.Батболд, О.Баа­санхүү, Д.Ганхуяг, С.Ган­баа­тар, Б.Наранхүү, Д.Сумъяа­базар, М.Сономпил, Б.Чой­­­­жил­­сүрэн нарын өөр, өөр нам эвслийн гишүүдтэй аж­­лын хэсгийг байгуулсан байдаг.

Ингээд ажлын хэсгийн дүгнэлтээр М.Энхсайханы тодотголтой гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” компанид 2.558.175.510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2.475.201 иргэн болон 8.497.671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй байна гэж үзсэн юм. Учир нь, энэ талаарх зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байсан аж.

Мөн Засгийн газар нь 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтанд үлдсэн зургаан компанийн дунд уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан байтал уралдаант шалгаруулалтад оролцоогүй, “Энержи Ресурс Корпораци” компани, түүний охин компани болох “Энержи Ресурс” компанийг шалгаруулсан гэдгийг ажлын хэсгийнхэн тогтоосон байдаг. Мөн хамгийн чухал нь гэж болохоор нэг зүйлийг ажлын хэсгийнхэн олж мэдсэн нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах төслийн компанийн 51 хувийг эзэмших “Энержи Ресурс корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших “Чайна Шенхуа Энержи” нь хятадын хуулийн этгээд тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар бусад улсын хяналтад орох байж.

Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд Тавантолгойн орд байрлах газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлж авсан, хайгуул хийх нэрээр гэрээний  30 жилийн хугацаанд (30 жилээр сунгах боломжтой) эзэмшил газраа нэмэгдүүлэх заалт мөн орсон байгаа юм. Ажлын хэсгийн зүгээс энэ  заалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг ч нотолсон. Учир нь, гадаадын хөрөнгө оруулалттай компани 60 жилийн хугацаанд хайгуул хийсээр Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүс нутгийн бүхий л нүүрстэй газрыг өөрийн мэдэлд авах боломжийг энэ заалтаар хийсэн гэж үзсэн юм. Мөн “Энержи Ресурс” компани хөрөнгө оруулалт нэрийн дор төрийн өмчит компанийн хууль ёсны эрх мэдлийг бүхлээр нь шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээдэд шилжүүлэх заалтыг гэрээн дотор давтан, давтан тусгасан зэргээр М.Энхсайханы “бэлтгэсэн” гэрээг Засгийн газарт арай гэж буцаалгасан юм.