Дарханы зам шиг ах нарыг халах цаг болсон

Уг нь бол Дархан хот эв найрамдлын хот. Гэтэл найрамдлын хотын экс засаг дарга Х. Хаянхярваа их хуралд орж ирээд л эв найрамдлын эсрэг зүйлийг хийгээд намаа ч тэр төрөө ч тэр хоёр хуваагаад талцуулсан байдгийм. Сангийн сайд байхдаа тойргынхоо ахмадуудад тавантолгойн хувьцааны чинь буян гээд тараасан мөнгөний асуудал нь одоог хүртэл мартагдаагүй байгаа. Дархан хотоос улстөрд заларсан өөр нэгэн эрхэм бол Баттөмөр. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Баттөмөр их хуралд суугаад л хамгийн бага татвартай улс бид гэж ирээд л ард түмэнд үүрүүлэх ачааг нэмэх гэж үзсэн түүний санаачлага яваагүй. Үүнээс өөр нуулхай булхай түүнд бий. Тухайлбал түүний төрсөн дүүгийн компани өнөөх ЖДҮ сангаас нь зээл авсан байдаг юм. Тэгэхээр ах нар дарханы зам шиг ээ ард түмнийг залхааж байна гээд хэлчихэж болно. Харин хөзрийн нөгөө талд Ардчилсан намын өмнөх дарга одоогийн даргын ард суусан хөдөлгөгч дарга Зандаахүүгийн Энхболд нэр дэвшихээр горилж яваа сураг байна. Мөн л улстөрд муу сайныг хийсэн хэлсэн үгнээсээ урваж шарвадаг дарга. Өмнө нь хэлсэн үгээ үгүйсгээд өнөөдөр намынхаа лидер байсан эрхмүүдээр сор залаад яваа олонд тийм ч сайн нэр зүстэй хүн биш. Страто гэх компани нь бас л монголын эрх ашгийн төлөө юу эсвэл Зандаахүүгийн Энхболдын эрх ашгийн төлөө юу гэдэг нь тодорхой бус. За тэгээд Дарханчууд андахаа байсан Дашуудын дарга ах Мөнхдаш ч энэ удаагийн сонгуульд нэрээ сойхоор яригдаж байгаа юм билээ. Дарханаас олон ч удаа нэр дэвшээд хамт дэвшсэн хүндээ хүртэл түгжилдүүлж явсан Бурхан Халдун группын ерөнхийлөгч Н. Мөнхдашийн хувьд сөрөг хүчнээсээ биш харин цуг нэр дэвшиж яваа нөхдөөсөө эмээх хэрэгтэй нь өмнөх сонгуулиудаар харагдсан. Ийм л ах нар дарханд нэрээ сойхоор яваа юм. Эдгээр ах нарын улстөрд хийсэн саар нь сайнаасаа их гэдгийг олон нийт ойлгочихсон. Харин найрамдлын дарханы найдлага болсон хэдэн залуусыг ах нар нь арангаараа дарчих гээд байна уу гэсэн хардлага төрнө. Уг нь дор дурдах залуус дарханы маргаашийг гэрэлтүүлэх боломжтой гэж харагдана.

Их хуралд нэгэнтээ сонгогдоод байгаа Болдын Жавхлан харин нэр цэвэр ирээдүйтэй улстөрч хэмээн нутаг нугийнхандаа болон намынхандаа таалагдаж байна. Санхүүгийн өндөр мэдлэгтэй түүнийг дахиад ч их хуралд суулгасан тохиолдолд алсдаа дарханаа болон улсаа бодсон хараатай тулхтай төрийн хар хүн болно гэж учир мэдэх улстөрч ах нар хэлдэг юм билээ. Мэддэг асуудал дээрээ углуургаар нь ярьдаг болохоор тэр олон нийтэд таалагддаг байх. Өнөөдөр бүгдийг мэддэг ах нар шиг харин салбар салбараа мэддэг мэдлэгтэй залуус их хуралд суух нь зөв гэж харагдана. Тухайлбал ардын намын дараагийн үе болох далан оны сүүл наян оны эхэн болсон залуус улстөрд хүч түрэн орж ирэхэд бэлэн болжээ. Тэдний нэг бол найрамдлын дарханы унаган хүү Канадын Бритиш Колумбын их сургуулийн докторант уул уурхайн бодлого судлаач Г. Дамдинням. Улстөрөөс ангид байсан тэрээр өнөөдөр монголын уул уурхайд бодлого нь гээгдчихээд байгааг сүүлийн үед ихээхэн ярьж бас хэлж яваа. Засаглал нь уул уурхайг мөнгө гэж харахаас илүүтэй уул уурхайнхаа засаглалыг бэхжүүлэхэд анхаарахыг ч тэр сануулсан. Зөвийг хэлж байгаа хүнд жолоог нь атгуул түүнд гарц бий гэдэг. Тэгэхээр салбар салбараа мэддэг шинэ цагийн залуус улстөрийг авч явах цаг болсон гэдгийг энэ удаагийн сонгууль харуулна гэж найднам.