Л.Оюун-Эрдэнэ: Гэмт хэрэгтнүүдийг халхавчлан нуух цайз нь АН болчихоод байгаад туйлын их харамсаж байна

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн хувьчлалын асуудлаар  АН-ын даргын зөвлөх З.Энхболдын сүүлийн өдрүүдэд хийсэн мэдээлэлд тайлбар өглөө.

Тэрээр "Улстөр дөхөж байх шиг байна. Хүмүүс мэдэн будилдаг болж байна. Хамт байсан, мэддэг зүйлээ мэдэхгүй гэж ярьдаг, зориуд мэдэж байгаа зүйлээ мушгин гуйвуулдаг болж байна. Өнөөдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 дугаар бүхий зөвлөмжийг Монгол Улсын төрийн нууцын тухай хуульд заасны дагуу ил болгох саналыг өгч байна. ҮАБЗ дээр нууц гэж яригдсан зүйлийг ил болохоор нарийн мэдээллийг нь өгнө. Гэхдээ Тавантолгойн нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээ гээд Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний тогтоол гарсан. Энэ хүрээнд ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 дүгээр зөвлөмжийг үндэслэн тогтоох нь гээд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, тавантолгойн дэд бүтэцтэй холбоотой ажлуудыг явуулах зөвлөмж гарсан.

ҮАБЗ-тэй хамгийн ойрхон ажилладаг хүн бол ЕТГ-ын дарга. Үүнийг боловсруулах ажилд оролцсон, тэр хуралд суусан хүмүүсийн нэг нь ЕТГ-ын дарга.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ҮАБЗ-ийн хуралд тэр бүр суудаггүй. Уг шийдвэрээс хойш 2 жил өнгөрсөн. Энэ хугацаанд үнэхээр буруу байсан юм бол засахгүй яасан юм бэ?

Зүүнбаянгийн төмөр зам гээд томоохон ажил дээр шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн институт улс төрийн манлайлал үзүүлж, томоохон бүтээн байгуулалт явж байгаа. Үүний санхүүжилттэй холбоотой асуудал дээр яригдсан олон арга хэмжээний нэг нь энэ. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан, Засгийн газар дээр ирсэн. Гэхдээ Засгийн газар хэрэгжүүлээгүй. Үндсэндээ судалгааны түвшинд явж байгаа. Миний хувьд удаа дараа туйлын болгоомжтой хандах ёстой гэж байр сууриа илэрхийлж байсан. Яагаад гэхээр АН-ын увайгүй улстөр олон давтагдаж байгаа учраас туйлын болгоомжтойгоор Засгийн газар хандаж байсан. Одоо энэ нь байгаа юм.

Олон улсын зах зээл дээр Тавантолгойн нүүрсний орд дээр IPO хийх ажил судалгааны шатанд явж байна. Энэ бол зөв арга боловч цаашид улстөрийн байдалтай явахгүй нь тодорхой.

Энэ зөвлөмж бол ил болсны дараа Засгийн газрын хуралдаан зарлаад шаардлагатай бол тэр зөвлөмжөөс Засгийн газар буюу Ерөнхий сайд татгалзан гарах асуудал хөндөгдөнө гэсэн үг. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэлүүд үүсч болзошгүй гэдгийг миний хувьд анхааруулах нь зүйтэй.

Монголчууд бид төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохоо байлаа. ЕТГ-ын дарга байхдаа нэг асуудлыг огт өөрөөр ярьдаг, гараад АН-ын даргын ахлах зөвлөх болохоороо өөрөө төрийн нууцтай холбоотой асуудлыг гаргаж тавиад мэдэхгүй юм шиг улс төр хийдэг. УИХ-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49 хувийг мэдээгүй гэдэг худлаа. Хурлын дарга хүн УИХ-аар ороогүй байгаа тийм том хэмжээний зүйлийг мэдэхгүй байх боломжгүй. Одоо болохоор өөрөө мэдэхгүй, үүнийг Сайханбилэг хийсээн гээд яриа өгөөд яваад байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Яг үнэндээ улс оронд амаргүй нөхцөл байдал нүүрлээд байна. Бидэнд улстөр хийгээд байх цаг алга. Сөрөг хүчин маань үүнийг ойлгож харах хэрэгтэй. Яривал ярих олон зүйл байгаа. Үнэхээр шударга ёсоор стратегийн ордыг хууль бусаар олгох асуудал дээр эцэслэн цэг тавья гэж АН бодож байгаа бол зугтаад явчихсан Цахиагийн Элбэгдоржоо, энэ намаас чинь томилогдоод Ерөнхий Сайд болж байсан Ч.Сайханбилэгээ олж ирээ. Төрийн нууцыг мэддэг хүмүүс гадагшаа хил даваад зугтчихдаг ийм зүйл байж болох уу.

У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийхгүй. Үүн дээр ард түмэн бидэнд итгэж болно. Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаар үзэглэх эрсдэл хийхгүй. Бид хэзээ  Тавантолгойн ордыг  хууль бусаар урд хөршид зарах нууц тохироо хийхгүй. Бид хэзээ ч УИХ-аар оруулахгүйгээр Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөх ажил хийхгүй. Бид хэзээ ч ил тодын тухай хууль хийгээд Монгол Улсыг саарал жагсаалтанд оруулах асуудлыг дахиж гаргахгүй. Өнөөдөр манай эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа. Төрийн сахилга бат сайжирч байна.  Ардчилсан намын арчаагүй дөрвөн жилийн алдаа оноо завхрал энэ бүх зүйлийг цэгцлэх гэж үйлээ үзэн ажиллаж байна. Энэ зүйл дээр  хэрвээ та бүхэн мэтгэлцэх гэж байгаа бол мөрийн хөтөлбөрөөр, шийдлээр, өнөөдрийн нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг асуудал дээр улс төр хийгээч ээ. Айлаар баахан ном тарааж байна гэсэн. Тэр нь улс орон даяар хөл хорио тогтоосон энэ үед вирус халдвар тараах нөхцөл байдал үүсгэвэл яах вэ. Тэгэхээр сөрөг хүчин дээрээ суудлаа олмоор байна. Аюулгүй байдлын зөвлөмж гаргангуут

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байна. Тиймээс олон нийтийн анхаарлыг өөр зүгт сарниулах оролдлого удаа дараалан гарч ирж байна сүүлийн үед. Холбогдох бүх байгууллага шалгалт ороод дуусч байна. Эрдэнэт дээр учир битүүлэг олон олон асуудал гарч ирсэн. Үүнийг  онцгой дэглэмийн дараа дэлгэрэнгүй танилцуулна.  Жишээ нь зэсийн баяжмалыг нийтдээ 11-12 компанид олгодог. Эрэмбийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн хийдэг. Ийм асуудал шалгалтаар  тогтоогдсон. Ингээд Монголын талд зардал өсгөөд тэрийгээ оффшор компаниудаар дамжуулж авсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Энэ мөнгө нь Монголд орж ирээд  зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон асуудал ч тогтоогдож байна.

Тэр байтугай Ц.Элбэгдоржийн  ойр тойрны найзууд "Нэгдмэл найзуудын холбоо" гэдэг компани байгуулсан.  Тэрэн дотор манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд,  зарим нэг улстөрчид холбогдож оффшор бүсээс мөнгө угаасан. Магадгүй ийм байдал нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа байх. Одоо хүрч ирээд хуулийнхаа өмнө шалгуулах хэрэгтэй.  “Four seasons" гээд таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Хаанаасаа тэр хүн ийм их мөнгөөр тансаглаж зугаалаад байгаа юм. Өөр нэг асуудал нь эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан Хурц Баянзүрх дүүрэгт АН-аас дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна билээ.  Энэ бүх зүйлтэй холбоотой гэмт хэрэгтнүүдийг халхавчлан нуух цайз нь АН өөрөө болчихоод байгаад туйлын их харамсаж байна. 100 сая төгрөг гэдэг их мөнгө. Тиймээс залуу нэр дэвшигчид ахиад барьцаалагдсан улстөрч болоод парламентэд орж ирэх магадлал үүсч байна. 14 хоног эдийн засагтай холбоотой хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Үүнээс хойш та бүхэнд мэдээллийг өгөх болно” хэмээн ярилаа.