435 иргэн тусгаарлах байранд ажиглалтанд байна

435 иргэн тусгаарлах байранд ажиглалтанд байна

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 вирусийн халдварын цаг үеийн  нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ

Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 оронд ковид-19 вирусийн халдвар илэрсэн  байна.

Судлаачдын эмхэтгэж гаргасан мэдээллээр ковид -19 вирусийн шинж тэмдэг илрээд 1 долоо хоногийн дараа хүндэрсэн, 2-8 долоо хоногийн дараа нас барах байдал ажиглагдсан байна. Хятадын иргэд сар гаруй гэрийн хорио цээрийн хатуу дэглэмийг дагаж мөрдсөний үр дүнд энэ вирусийн дэгдэлтийг хумьж барьж эхэлсэн байна. Ковид-19 вирусийн халдварын тохиолдлын 90 хувь нь Хятадад гарсан ч дөрвөн оронд голомтлон гарчээ.  Өчигдрийн байдлаар АНУ-ын Вашингтон мужид 4 хүн ковид-19 халдварын улмаас нас барсан бөгөөд Киркландын асрамжийн газрын нэг кластрын иргэдэд тохиолдсон гэсэн мэдээлэл өгчээ. Энэ асрамжийн газарт анхны түргэн тусламж үзүүлсэн 25 ажилтныг халдварт өртсөн гэж үзэж тусгаарлажээ. Солонгост нас баралт 28 болж, халдварын тохиолдол Хятадаас эрчимтэй нэмэгдэж байна. Европын хувьд Итали, Франц, Герман улсад эрчимтэй тархаж байгаа учраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч, сургуулийн үйл ажиллагааг хааж эхэлсэн бол Сингапурт нэмж хоёр тохиолдол бүртгэгдсэн нь өмнө нь халдвар гарсан технологийн компанийн ажилтнууд өвдсөн нь батлагдсан. Энэтхэгт халдварын тохиолдол 5 болсон учраас халдварын голомтоос ирэх хүмүүсийг эрүүл мэндийн нарийн шинжилгээ асуумжаар оруулахаа мэдэгдсэн байна. Ковид-19 вирус илэрсэн улс орнууд тусгаарлах, хэсэгчилсэн хорио тогтоох, халдваргүйтэл хийх, олон хүн цугласан арга хэмжээг цуцлах зэрэг нэгдсэн арга хэмжээ авч ажиллаж буй юм.

Манай улсад 435 иргэн өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд ажиглалтанд байна. Мөн дадлагажигч эмч, анагаахын чиглэлээр сурдаг оюутнуудыг автотээврийн хяналтын цэгт дайчлаад байгаа юм. Турк-Москва-Улаанбаатар чиглэлийн өглөөний онгоцоор 111 хүн ирснээс 16 зорчигчийг ажиглалтанд авсан. Мөн Турк – Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 231 зорчигч ирснийг одоогоор үзлэг шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 7 хүнийгбол Эрхүү-Улаанбаатарын галт тэргээр ирсэн зорчигчдоос 21 хүнийг ажиглалтанд авч үзлэг хийсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар ковид-19-өөс урьдчилан сэргийлэх баг Монгол улсад ажиллаж байгаа юм.

Голомтоос ирж байгаа хүмүүст амны хаалт зүүх, халуунаа өдөрт 2-3 удаа үзэх, өөрийгөө тусгаарлах, гэртээ хүн урихгүй байх, илчлэг сайтай хоол идэх, өөрийгөө чийрэгжүүлэх гэх мэт маш тодорхой зөвлөгөө өгчээ. БНСУ, Япон улс зэрэг улсад манай онгоцонд суух зорчигчдод түргэвчилсэн байдлаар шинжилгээ хийж, сөрөг хариутай хүнийг онгоцонд суулгах хүсэлт тавьжээ.

Эрүүл мэндийн ажилтан ажиллагсдад зориулж, энэ өвчинтэй тэмцэхэд зориулж олон байгууллага хувь хүмүүс хандив тусламж үзүүлж буйд Эрүүл мэндийн сайд талархлаа илэрхийлсэн юм.