“Токио-2020” олимп болон паралимпын дундуур сүмо бөхийг сурталчилна

Токиогийн Кокүгикан ордонд Японы сүмо бөхийн холбооноос /2020.02.04/ хэвлэлийн бага хурал зарлаж, “Токио-2020” олимпын үеэр сүмогийн тэмцээн зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.

“Токио-2020, олимп, паралимпын башё” нэртэй тус тэмцээнийг Токиогийн олимп /7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9 хүртэл/ болон паралимпын /8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 6 хүртэл/ дундуур буюу наймдугаар сарын 12, 13-нд Кокүгикан ордонд зохион байгуулна.

 

Энэ башё Токиогийн олимпын наадмын соёлын хөтөлбөрийн нэг хэсэгт албан ёсоор багтаж байгаа аж. Олимпын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирэх гадаадын жуулчдад Японы уламжлалт үндэсний спортыг таниулах зорилготой юм байна.

 

Тус хэвлэлийн бага хуралд Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Такакэйшёо нар оролцсон байна.