Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, ярилцсан билээ.

Үүний дараа БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч Венкая Найду Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар Ерөнхийлөгчийн ордонд уулзалдсан юм.

Рам Натх Ковинд: Газрын тос боловсруулах үйлдвэр хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндтой уулзахдаа Эрхэм Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын оюун санааны хөрш Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Энэтхэгийн анд нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийллээ. БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг эх орондоо тавтай морилохыг хүсээд энэ удаагийн айлчлал нь ойр дотно хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэсэн юм.

Манай хоёр улс 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил тохиох 65 жилийн ойг ёслол төгөлдөр, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэй хэмээн Ерөнхийлөгч нар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Мөн буддизмд суурилсан, газар зүйн байршлаас үл хамааран нягт холбогддог хоёр улс бурхны шашин номын чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд байх эртний судар бичгүүдийг цахимжуулан, илүү өргөн хүрээнд олон нийтийн хүртээл болгох ажлыг тал бүрээс нь дэмжиж ажиллах асуудлаар ярилцсан юм.

Шашин номын харилцаанаас гадна сансар огторгуй, цахимжуулалт, кибер аюулгүй байдал зэрэг өсөн нэмэгдэж буй эдийн засгийн үр ашигтай салбаруудад хамтран ажиллах, одоогийн харилцааг өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэгтэй талууд санал нэгдсэн билээ.

Мөн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд газрын тос боловсруулах үйлдвэр цаг хугацаандаа баригдаж, хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвхөн нефть бус бүх төрлийн бараа болон зорчигч тээврийг хөгжүүлэх боломжтой

БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражяа Сабхагийн дарга Венкая Найду мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахдаа газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг өргөн хүрээнд ярилцсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нефть дамжуулах хоолой барихаас илүүтэй, төмөр зам тавих асуудлаар Ерөнхий сайд Н.Модитой нэгдсэн ойлголтод хүрсэн гэдгээ хэлж, төмөр зам тавьснаар ганцхан нефть бус бүх төрлийн бүтээгдэхүүн, зорчигч тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх олон талын үр өгөөжтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражяа Сабхагийн зүгээс Монгол Улсын дээрх саналыг дэмжин, хамтран ажиллахыг урилаа.

Талууд мөн боловсрол, соёл, хүмүүнлэгийн болон бусад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.