“Samsung Electronics” 3 тэрбум долларын хохирол амсч магадгүй

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци өөрийн шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг үйлдвэрлэж, борлуулахыг бүрэн зогсоосонтой холбоотойгоор ирэх оны гуравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд гурван тэрбум долларын хохирол амсах төлөвтэй байна.
 
“Samsung Electronics”-ийн албаны хүмүүс хэлэхдээ “бид бусад бүтээгдэхүний борлуулалтыг нэмэгдүүлэх замаар алдагдлаа аль болох богино хугацаанд нөхнө” гэв.
Мөн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулахын тулд чанарыг хяналтыг эргэн харах болно гэж албаны хүмүүс хэллээ.
 
Гэхдээ “Galaxy Note 7”-той холбоотой асуудал тус корпорацийн нэр хүндийг унагааж болзошгүй гэж тус улсын хэвлэлүүдэд бичиж байна.
 
Худалдаанд гараад удаагүй байсан “Note 7” гар утас шатаж дэлбэрсэн тохиолдол өнгөрсөн сард нэг бус удаа гарсантай холбогдуулан тус компани дотоод, гадаадын зах зээлээс энэ бүтээгдэхүүнээ эргүүлэн татсан юм. Мөн хэдийн худалдан авсан хэрэглэгчдэд гар утсыг  нь орлуулан “Samsung Electronics” корпорациас өгсөн “аюулгүй” шинэ гар утас дэлбэрч шатсан тохиолдлууд цөөнгүй гарсан тул энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүрэн зогсооход хүрсэн билээ.
 
“Galaxy Note 7”-г худалдан авсан дотоодын хэрэглэгчдэд тус компани өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас нөхөн төлбөр олгож эхэлжээ.
 
 
 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг