“Холливуд Mонголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам болно

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах, Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Улаанбаатар хотноо 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болох "Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд оролцохоор "Apocalypto” киногоороо алдартай Руди Янгблад, "Game of thrones”, "Marco Polo”, "Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, "Мулан”, "Галзуу баян азиуд” "Нарниа” киноны найруулагч Тим Коддингтон, "The Meg” киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэхээр болжээ. Наадмын хүрээнд "Кино урлагийн нэгдсэн форум”, Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн "Мастер класс” сургалтууд, "Монголын кино урлагийн үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Түүнчлэн Халли Берри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай "А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэн ирэх бөгөөд түүний "Лос Анжелес Таймс”-ийн шилдэг борлуулалттай ном болох "Дүр бүтээх увидас” номын нээлт болно. Холливудын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, кино бүтээх мэргэжлийн аргуудаасаа хуваалцах гэж байгаа нь Монголын кино урлагийн хувьд томоохон дэвшилт болох юм. Гадны туршлагатай уран бүтээлчдээс сургалт авахын зэрэгцээ тэдэнтэй харилцаа холбоо тогтоон, дараа дараагийн хамтын ажиллагааны суурийг тавих, ирээдүйд хамтран кино бүтээх, дэлхийн хэмжээний томоохон кино зураг авалтыг Монгол Улсад хийх боломжийг бүрдүүлэх, эх орноо сурталчлах чухал ач холбогдолтой олон улсын статус бүхий энэхүү наадам нь цаашдаа 2 жил тутамд зохион байгуулагдах алсын хараатайгаар анх удаагаа болно.
Наадмын Ерөнхий ивээн тэтгэгчээр 10 жилийнхээ ойг тэмдэглэж буй "Өргөө” кино театр оролцож байна. Төслийн хүрээнд 5-р сарын 2-нд "Cinema Awards”-ийг зохион байгуулах бөгөөд Монголын шилдэг кинонуудыг шалгаруулах аж.