Нэг жилийн хугацаатай тэтгэврийн хүү 12 хувь боллоо

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар ХААН болон Төрийн банктай “Хамтран ажиллах гэрээ”-г 2018 оны нэгдүгээр сард шинэчлэн байгуулсанаар 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг сарын 1, жилийн 12 хувь болгож буурууллаа. Түүнчлэн банкуудын хооронд шударга өрсөлдөөнийг бий болгох, тэтгэвэр авагчдад тэгш боломж олгох зорилгоор Худалдаа хөгжил, Голомт, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудтай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийг дээр дурдсан нөхцөлөөр авах боломжтой болсон байна. 2018 оны эхний 5 сарын байдлаар нийтдээ 27678 тэтгэвэр авагч 24685.9 сая төгрөгийн зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр авчээ. Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 12 хувь болгон бууруулснаар тэтгэвэр авагчид 2018 онд 396.0 сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн байна.