Ц.Оюунгэрэл: Ойрын зайн хэрүүл ардчиллыг ганхуулна

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ц.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.

-УИХ-гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөс хойш та ямар ажил хийж байна вэ. Зээгээ харж байгаа зураг твиттерээр цацагдсан нь олон хүний анхаарлыг татсан. Хайрласан, өхөөрдсөн гээд хүний олон мэдрэмж тэндээс үнэртсэн?

-Гэр зуураа зээгээ харж байна. Мундаг харж чадахгүй байгаа, туслагчтай хардаг юм. Хамгийн гол нь “Ногоон нүдэн лам”  номынхоо хоёрдугаар дэвтрийг бичиж байна. Бараг 270- аад хуудас бичсэн.

-Дуусах шатандаа орсон гэсэн үг үү?

-Болоогүй ээ, хийх ажлынхаа зургааны нэгд л орж байна. Бичиж дууссаны дараа хоёр, гурван шат дамжлагаар энэ бүх ажил маань дахиад явна. Үйл явдлаа нэлээн босгочихоод л байна.

-УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш Ардчилсан нам гурван ч удаа Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-гоо  хуралдуулах гээд чадсангүй, хойшлууллаа. Хамгийн сүүлд зарласан ҮЗХ-ны хурлыг хойшлуулсан шалтгаанаа Гүйцэтгэх зөвлөл орон нутгийн сонгуультай холбосон. Энэ нь шалтгаан биш шалтаг л болчихов уу гэж санагдах?

-ҮЗХ ны хурлыг хойшлуулсныг зохистой шийдвэр гэж харахгүй байгаа, би хувьдаа. Аливаа намын дотоод ардчилал товлосон цагтаа хурлаа хийж чадаж байна уу, ардчилсан аргаар хийж чадаж байна уу, олонхи нь шийдвэрээ гаргах эрхэнд цөөнх нь халдахгүй байж чадав уу гэдгээр хэмждэг. Үнэнийг хэлэхэд манай Ардчилсан намын дотоод ардчилал асуудалд орсныг хэд, хэдэн удаа хойшлуулсан ҮЗХ -ны хурал харууллаа. Бид өөрсөддөө дүгнэлт хийх ёстой, дотоод ардчиллаа сайжруулах ёстой. Монголд ардчиллыг авчирсан нам өөрөө ардчилсан соёлоо дотооддоо нэвт шингэтлээ үнэт зүйл болгох ёстой ч өнөөдрийн энэ байдал тэрхүү үнэт зүйлийг өнгөрсөн 26 жилд бүрэн шингээгүй байжээ гэдгийг л харуулаад байна. Тэгэхээр манай нам өөрсдийнхөө дотоод үнэт зүйлд бүрэн итгэл үнэмшилтэйгээр дахин ардчилсан замаар л явах ёстой.

-Гол проблем нь намын даргын албан тушаал болж, ҮЗХ-ны хурал хойшиллоо гэж үзэх хэсэг байна?

-Ойрын зайн улстөр яримааргүй байна. Яагаад гэвэл бид хэдий чинээ ойрын зайн явган хэрүүл хийнэ төдий чинээ ардчиллынхаа суурийг ганхуулна. Монголын ардчилал улам бат бөх үндэс суурь сайтай байхын тулд Ардчилсан нам яаж дүрмээ сахиж хурлаа хийх вэ тэр зарчмаар л явах ёстой. Тэгэхгүй бол хэн нэг хүний ч юм уу, эсвэл хэн нэг албан тушаалтны ч юм уу, ойрын зайн жижиг тоглолтуудад хөтлөгдөж, ардчилсан хурал хуралдах, гишүүдээ сонсох боломжоо үгүй хийж болохгүй. Тийм учраас ардчиллынхаа үнэт суурийг авч үлдэх талаар ярих цаг нь болжээ гэж би боддог.

 

Одоо ҮЗХ-ны хурал ямар байдалд байна вэ гэвэл эхлүүлсэнээ хаагаагүй учраас яаж үргэлжлүүлж дуусгах вэ гэдэг байдалд байгаа. Энэ тохиолдолд намын эрх мэдэл, хурлын эрх мэдэл бол ҮЗХ ны хурлын удирдлагад шилжсэн. Тухайн үед ҮЗХ-ны хурлыг удирдах дарга, тэргүүлэгчдээрээ УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, А.Бакей, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар гурвыг сонгосон. Тэд ҮЗХ-ны хурлын эрх мэдлийг түр гартаа барьж байгаа хүмүүс гэж ойлгож болно. Энэ гурав хуралдаад ҮЗХ-ны хурлыг үргэлжлүүлэх тов зарлах ёстой. Тэр товоор ирсэн ирцээрээ хуралдах журам үйлчилнэ.

Гэтэл хамгийн сүүлд нэг дүрмийн бус зүйл болсон.  Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, орон нутгийн сонгуультай холбоотойгоор ҮЗХ-ны хурлыг хойшлуулсан. Хурлын тэргүүлэгчид энэ асуудлаар өргөдөл гаргаж, намын дүрмийн хороонд оруулсан юм билээ. Манай нам эргээд дүрэм горимдоо орно, ардчилсан өв аргаар хурлыг үргэлжлүүлнэ гэдэгт бүрэн итгэж байна.

Өнөөдөр харин манай намд нэг гажуудал үүсээд байгаа нь өөрсдийнхөө авчирсан, бий болголцсон үнэт зүйлийг хэрэгжүүлэхдээ ардчилсан үнэт зүйлээсээ гажихгүй байж сурах том шалгуур үүсээд байна. Энэ шалгуураа давж байж Ардчилсан нам хэвээрээ үлдэнэ.

-Ийм нөхцөлд Ардчилсан нам шинэчлэгдэх бололцоо байна уу?

-Шинэчлэгдэх бололцоо үргэлж байгаа. Яагаад гэвэл Ардчилсан нам гэдэг хэдхэн хүний нэгдэл биш, улс орон даяар ардчилалд итгэдэг, хүний эрхэнд итгэдэг мянга, мянган хүний нэгдэл юм. Монголдоо суурь нь ургасан, Монголдоо бойжсон, Монголдоо өөрсдийн тэмцлээр босгож бүтээсэн том үнэт зүйлтэй, Монголын хүний эрхийн ганц найдвар, эрх чөлөөтэй амьдрах ганц найдвар нь Ардчилсан нам хэвээр байгаа. Мөн манай намын нэг гоё чанар бол дарангуйллаас үүсээгүй нам. Нэг нэгнийгээ буудаж, хэлмэгдүүлж,  шалгаралаа явуулаагүй нам. Бидний шалгарал бол тайван замаар, хурлын замаар, санал хураах замаар, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөгөө эдлэх, ажил хөдөлмөр хийх замаар бий болсон.

Хүний амь нас, аюулгүй байдал, удам судар барьцаалж хэнийг ч шалгаруулж байгаагүй. Хамгийн гол нь эрх чөлөөтэй хүмүүсийн байгуулсан эрх чөлөөт нам. Эрх чөлөөтэй үзэл бодлоо уралдуулж шалгаруулдаг нам.

Манай гол өрсөлдөгч намын дотоод шалгарал буу суман дунд л явагдсан байдаг.

Өнөөдөр харин манай намд нэг гажуудал үүсээд байгаа нь өөрсдийнхөө авчирсан, бий болголцсон үнэт зүйлийг хэрэгжүүлэхдээ ардчилсан үнэт зүйлээсээ гажихгүй байж сурах том шалгуур үүсээд байна. Энэ шалгуураа давж байж Ардчилсан нам хэвээрээ үлдэнэ.

-Ардчилсан нам шинэчлэгдэхэд, үнэт зүйлээ авч үлдэх гол шалгуур нь дүрмээ шинэчлэх явдал гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь сонгуульд ялагдал хүлээхэд нөлөөлсөн, шийдвэр гаргасан, Засгийн газраа огцруулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцно гэдэг нь албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр хязгаарлагдах ёсгүй тухай хөндөж байгаа. Хурдан шинэ даргаа томилоод шинэчлэлээ хийх ёстой тухай ч хэлж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Хоёр сарын өмнө болсон ҮЗХ-ны хуралдаан дээр би хариуцлага тооцох асуудлыг заавал ярих ёстой гэдэг хатуу байр суурьтай байсан ч цаг хугацаа өнгөрхөөр аль нь өнөөдөр чухал вэ гэдгийг эргэж харах шаардлагатай болдог юм байна.

Уг нь миний гаргасан дээрх санал ҮЗХ-ны гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн. Гэвч одоо тэр асуудлаас болоод, тодорхой хүмүүс айгаад ҮЗХ хуралдаж чадахгүй удаа дараа хойшилж мухардалд орчихоод байгаа ч юм билүү. Магадгүй, Ц.Оюунгэрэл гэдэг хүн тав, зургаан хүнийг намаас хөөхийн төлөө улайраад, тэрнийхээ төлөө ҮЗХ -ны хуралдааныг хийх гэж улайраад байгаа нь нам хагалах гээд байгаа юм шиг харагдаж мэдэх юм. Тэгж хүмүүс буруу тайлбарлаж, маш чухал асуудлуудаа хэлэлцэж чадахгүй болгосон ч юм билүү. Тийм учраас хариуцлага тооцох асуудлыг татаж авъя гэж бодож байгаа. Яагаад гэвэл өнөөдөр нэг нэгэндээ хариуцлага тооцох асуудалд харилцан хүлээн зөвшөөрсөн ойлголцол байхгүй нөхцөлд хамгийн тэргүүнд Их хурлаа хуралдуулан, дүрмээ шинэчлэх нь чухал байна л даа.

Дээр нь бид муухай болчихсон өөрсдийгөө шинэчлэх цаг нь болсон. Би бол өөрсдийнхөө соёлыг шинэчилье гэж хэлмээр байгаа. Бид ардчилсан соёлыг дэлгэрүүлж байх ёстой атлаа ардчилсан бус соёлыг дэлгэрүүлэгчид болчихлоо.  Манай намын дарга диктатуртай байж болдог муухай соёлыг бий болгосон.  

Ардчилсан намын дарга ардчилсан үзэлтэй, эрх чөлөөнд хайртай дарга байх ёстой. Наад захын үзүүлэлт нь энэ. Наад захын үзүүлэлтээ тавьж чаддаг болох ёстой. Монголд хоёр дарангуйлагч нам, хоёр хэлмэгдүүлэгч нам байж яах юм бэ. Нэгтэй байж хашраад л Монголын ард түмэн биднийг дэмжиж өдийг хүргэсэн. Бидэнд Монголын ард түмний олгосон хамгийн том итгэл бол эрх чөлөө, хүний эрх. Энэ эрх чөлөө, хүний эрхэндээ үнэнч соёлыг одоо харин өөрсөддөө төлөвшүүлэх ёстой. Өөрийнхөө толгойг өөрчилж, өөрийнхөө сэтгэлийг, өөрийнхөө байгаа байдлыг өөрчилье. Тэгж байж Ардчилсан нам үнэт зүйлээ хадгалж үлдэнэ.

Манай дарга нар дарангуйлагч дүр төрхийг олоод ирэнгүүт олон нийт айгаад эхэлж байгаа. Тийм учраас Ардчилсан нам гишүүдийнхээ шаардлагыг сонсдог, хурлаа хуралдуулж чаддаг, гараа өргөөд асуудлаа шийдэхээс айхгүй байж чаддаг дүр төрхөндөө буцаад орох хэрэгтэй байна.

Ардчилсан намын дарга ардчилсан үзэлтэй, эрх чөлөөнд хайртай дарга байх ёстой. Наад захын үзүүлэлт нь энэ. Наад захын үзүүлэлтээ тавьж чаддаг болох ёстой. Монголд хоёр дарангуйлагч нам, хоёр хэлмэгдүүлэгч нам байж яах юм бэ.

-Ардчилсан намын энэхүү үндсэн хэв шинжийг алдуулсан зүйл нь фракцын зөрчил гэж тодорхойлж болох уу. Танай намын нэр бүхий гишүүн “Ардчилсан нам фракцаасаа салахгүй бол өнөөдрийн энэ зөрчил тэмцэл зогсохгүй. Улс орноо ч хорлож гүйцлээ” гэж хэлсэн удаатай. Ардчилсан намын дарга асан З.Энхболд фракцгүй нам болгоно гэж зарласан ч чадаагүй?

-300 жил ардчилал хөгжсөн намд ч, 600 жил парламенттай байсан газарт ч фракц байна. Фракцыг хүчээр байгуулдаггүй учраас хүчээр устгаж болдоггүй байх.

Органик бүтэц гэдэг бол сэтгэлээрээ бий болдог учраас хэн нэгний захиргааны шийдвэрээр устаж өгдөггүй юм уу даа гэж боддог. Ямарваа нэгэн юмыг захиргааны шийдвэрээр устгана гэхээсээ илүү захиргааны шийдвэргүйгээр органик бүтэц нь өөрсдөө нэгдмэл бүтэц болж чадах хэмжээний тийм намыг л ургуулж босгож ирэх хэрэгтэй. Тэр утгаараа хэн нэг дарга гарч ирээд фракцыг устгана гэж амлахыг тийм онцгой сайхан биелэчихдэг амлалт гэж бодохгүй байна. Манайд тэгж амласан дарга гарсан, тэгэхдээ тэр даргын хүссэнээр захиргааны шийдлээр ямар ч фракц тараагүй л дээ.

Нөгөө талаар бусад бүх намууд фракцтай. Ардын нам ч фракцтай. Ардчилсан нам фракцынхаа тухай ил тодоор ярьдаг учраас ганцаараа фракцтай юм шиг харагддаг.

Би фракцуудаа үзэн яддаггүй. Харин юуг би ухралт гэж боддог вэ гэвэл өөрийгөө лидер гэж бодож байгаа хүн хаан шиг бусдад бодлоо тулгахыг л тэвчдэггүй. Хүн болгон өөрийнхөө үгийг чөлөөтэй хэлээд намынхаа шийдвэрт нөлөөлөөд тэр хүн өөрөө намаа өөрчилж чаддаг байх нь гайхамшиг. Харин тэр процессыг алга болгох нь ардчиллын эсрэг үйл хэрэг юм. Тийм учраас тэр бүгдийг чөлөөтэй байлгаж байж манай нам эргээд ардчилсан хэвээрээ үлдэнэ л гэж хэлэх байна.  

-Одоо бол энэ процесс нам зогсчихсон байгаа юм биш үү?

-Үнэхээрийн зогсоочихсон. З.Энхболд дарга бол ардчилсан зарчмаас шат дараатайгаар Ардчилсан намыг ухраасан л даа. Одоо хүний эрх, ардчиллын талаарх мэдлэгээ сэргээж, эрх чөлөөтэй хүн шиг сэтгэж унших хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол нөгөө намын М.Энхболд даргатай нэр нэгийг хэлэх үү ялгагдахын аргагүй болсон шүү, нэг хэсэг.

Нөгөө талаар хэрвээ би З.Энхболд дарга байсан бол намын даргаас огцрох мэдэгдэл хийснийхээ маргааш өдөр л өргөдлөө бичээд намынхандаа өгчих байсан. Ард түмнийхээ нүдэн дээр огцорлоо гээд хэлчихдэг атлаа намынхныхаа нүдэн дээр өргөдлөө өгөөгүй гэж тоглодог болсон. Ер нь ч өөрөө ардчилсан удирдагч болж төлөвшөөгүй юм байна гэдгээ сая намыг удирдахдаа харууллаа л даа. Гэхдээ улстөрд ирээдүйтэй, толгойтой хүмүүсийн нэг. Тэгэхээр экс дарга маань одоо өөрийнхөө ардчилсан соёлын төлөвшил дээр ажиллах ёстой л байгаа юм.

-Ингэхэд Ардчилсан намд үнэт зүйлээ бариад, бусдыгаа манлайлаад удирдаад явчих нийт гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй лидер байна уу?

-Дотроосоо бид төгс төгөлдөр хүн хайж хэт романтиклаад хэрэггүй. Яагаад гэвэл, хэн нэг хүний бизнес таалагдахгүй, эсвэл хэн нэг хүний нас нь таалагдахгүй, эсвэл гэр бүл нь таалагдахгүй байх гэдэг ч юм уу янз бүрээр өө гаргаж ирдэг. Тэгмээргүй байна. Төгс төгөлдөр хувь хүн хайхаасаа илүү ардчилсан үнэт зүйлтэй хүнийг л гаргаж ирэх хэрэгтэй. Манай намд эрх чөлөөнд хайртай, хүний эрхэнд хайртай, эв нэгдлээ хангаад аваад явах хүн олон бий. Гэхдээ нэр дурдмааргүй байна.

-Ялагдлаас хойш намаа шинэчилье гээд маш олон залуучууд уриалж, олон хөдөлгөөн байгуулагдлаа. Үр дүн гарч байгаа болов уу, цаагуураа хэр ажиллаж байгаа юм бол?

-Ингэж ярьж байгаа нь зөв, маш сайн. Ардчилсан нам ямар байх ёстой юм бэ гэдэг хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа нь ач холбогдолтой. Нам шинэчлэгдэх ёстой, ардчилсан байдлаараа үлдэх ёстой гэдгээ өдөр бүр ярина гэдэг маш том цусны эргэлтийг бий болгож байна гэсэн үг. Манай намд зайлшгүй дутагдаж байсан зүйл.

Нөгөө талаар өнгөрсөн дөрвөн жилд нэг хэсэг маань төрийн ажил гэж явсаар, бас нэг хэсэг нь  эрх мэдэл, мөнгө  дагаж явсаар нийтлэг ардчилсан үнэт зүйлээ яриагүй юм биш үү гэдэг ухаарлыг өгч байгаа. Надад залуучуудын хөдөлгөөн таалагдаж байгаа шүү.

-Ардчилсан намын архагууд залуучууддаа зайгаа тавьж өгөх цаг нь болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Залуучуудаа хангалттай оруулах цаг нь болсон. Зай тавьж өг гэдгээр нэрлэмээргүй байна. Харилцан бие биенээсээ суралцаж, дэм болох үе хоорондын сэлгээ манайд маш их дутагдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Энэ сэлгээг зайлшгүй хийх шаардлагатай. Том хэмжээний ротаци явуулах цаг нь болсон.

-УИХ-ын сонгуульд Ардчилсан нам маш том ялагдал хүлээсэн ч намаа шинэчлэх, гишүүдийнхээ оюун санааг шинэчлэх, өөрчлөх гэдэг талаасаа бол харамсах зүйл биш гэж ойлгож болох уу?  

-Ингэж том ялагдахад нам хохирно гэхээсээ ард түмэн хохирч байна. Өрсөлдөөнөөс ард түмэн хожиж байх ёстой. Ялсан тал нь илүү гоё юм хийхийн төлөө өрсөлдөх ёстой.

Гэтэл Ардын нам сонгуульд ялаад юу болов, өрсөлдөөн гэдэг юм Монголд дуусчихсан юм шиг дураараа дургиж байна. Тэгэхээр Ардчилсан нам олигтойхон байх ёстой юм. Ард түмнийхээ амьдралыг сайжруулахын тулд намаа шинэчлэх ёстой юм. Яагаад гэвэл манай нам шинэчлэгдэхгүй бол олигтойхон байхгүй бол Ардын намынхан дуртай үедээ татвараа нэмнэ, дуртай үедээ Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг унагана, дуртай үедээ хүний эрхийн ухралтыг хийнэ, дуртай үедээ хүний хувийн амьдралаар тоглоно, дуртай үедээ хоороор нь ажлаас халах юм байна. Энийг Ардын нам хоёр гуравхан сарын дотор харуулчихлаа.

Хэрвээ би З.Энхболд дарга байсан бол намын даргаас огцрох мэдэгдэл хийснийхээ маргааш өдөр л өргөдлөө бичээд намынхандаа өгчих байсан. Ард түмнийхээ нүдэн дээр огцорлоо гээд хэлчихдэг атлаа намынхныхаа нүдэн дээр өргөдлөө өгөөгүй гэж тоглодог болсон. Ер нь ч өөрөө ардчилсан удирдагч болж төлөвшөөгүй юм байна гэдгээ сая намыг удирдахдаа харууллаа

Хэрвээ манай нам сонгуулийн дараа шууд хурлаа хийгээд шинэ удирдлагаа сонгоод хүчтэй сөрөг хүчний байр сууриа эзэлчихсэн бол өнөөдөр ард түмнийг ингэж дээрэлхэж чадахгүй. Хүчтэй сөрөг хүчнээс айгаад хамжааргатай шийдвэр гаргах байсан.

Тэгэхээр яаралтай хүчтэй сөрөг хүчин болж Ардын намыг давраахгүй болгох хэрэгтэй байна. Одоо бол нэг намын дарангуйллын тогтолцоо маань эргээд ирлээ гээд итгэчихсэн МАН дураараа дургиж байна.

-Ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд Ардчилсан нам байр сууриа олоод авах бололцоо бий юу?

-Орон нутагт Ардчилсан нам зайлшгүй ялах ёстой. Ялахгүй бол эргээд харахад орон нутгийнхаа бүх газар, бүх хүмүүсийнхээ орон нутагт төлдөг татвар алдагдчихсан байх вий гэж айж байна.

Ардын нам бол Ардчилсан намаас их өөр соёлтой нам. Буун дуугаар биенээ айлгаж сахилга батанд оруулсан нам. Хэдийгээр өнөөдөр бие бие рүүгээ буу тулгахгүй ч гэсэн бие бие рүүгээ буу тулгаж байгаа юм шиг дарамтад байлгаж ажил хийдэг. Энэ утгаараа дарангуйллын соёлтой нам бүх шатандаа ялалт авчихвал ард түмнээ яг тийм байдалд оруулах аюултай.

Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл төвөөс гарч байгаа шийдвэр орон нутагт таалагдахгүй байхад түүнийг илэрхийлэх дуу хоолой үлдэх ёстой. Тэр дуу хоолой нь Ардчилсан нам болох ёстой. Хэрвээ дээрээсээ доошоо хүртэл “Мэдлээ гүйцэтгэе” гэдэг орон нутгийн удирдлагатай болчихвол харгис шийдвэр ирсэн ч “Гүйцэтгэе” гээд сууж байхад хүрнэ. Ийм эрсдлээс АН л хамгаалж чадна.

Орон нутгийн сонгуульд иргэд хариуцлагатай хандаж, өөрийн тань төлөө дуу хоолойгоо гаргаж чадах хүнээ сонгоосой гэж бодож байна. Бүх шатандаа “Мэдлээ, гүйцэтгэе” гэдэг хүн гараад ирвэл эргээд 26 жилийн өмнөх байдал руугаа ороход маш ойртсон. Дотоод сахилга бат гэдгээр халхлагдсан соёл нь дарангуйллын үед бий болсон учраас тэр генээс МАН салж чаддаггүй юм байна. ХХI зуун мөртлөө л эрх чөлөөтэй сонгуулиар сонгогдсон байтлаа л буу тулгуулчихсан юм шиг бүгдээрээ таг дуугүй байж байгаад л ард түмнийхээ эрхэнд халдаж байна шүү дээ.

-Цаг хугацаа маш бага үлдсэн. Гэтэл Ардчилсан нам дотооддоо асуудлаа цэгцлээгүй, сонгуулийн дараа энэ тухайгаа яръя гэж хойшлуулсан нөхцөлд ялалт авах бололцоо бий юу?

-Байгаа. Ардчилсан намыг янз бүрээр шүүмжлээд ард түмний зоригийг мохоож байж болох юм. Гэхдээ ардчилал гэдэг бид өөрсдөө шүү дээ гэдгээ мэдрэх хэрэгтэй.

Орон нутаг дахь Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, ардчилалд хайртай олон түмэндээ хандаж хэлэхэд цаг зуурын бэрхшээлээс битгий сандраарай л гэж хэлэх байна. ҮЗХ хуралдаагүй намрын хэдэн өдөр өнгөрлөө, Ардчилсан нам үүгээр дуусчихгүй. 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийж, намын дүрэм журмаа цэгцэлнэ гэдэг юмыг дээр, дооргүй ярьж байгаа. Ойр зуурын хов живээр Ардчилсан намыг байхгүй болсон мэт, ардчилал нь байхгүй болсон мэт аашилж буй хүмүүсийг хэт битгий давраагаарай. Ардчилсан нам гэдэг та шүү, өөрсдөө бүх зүйлийг хийхэд Монголын ардчилалд таны хувь нэмэр асар их байгаа шүү гэдгийг л хэлэх байна.


Э.БАТ-ҮҮЛ ДАРГЫГ БАРИВЧИЛБАЛ ТЭМЦЭНЭ

-С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг яллагдагчаар татах болж байгаа нь нийгэмд айдас төрүүлэх боллоо. Та бол хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж ирсэн, энэ асуудлыг судалж үзэв үү?

-С.Зориг агсны хэрэг ч бай, өөр бусад хэргийг ч  улстөржилтөд ашиглах, наймаанд ашиглах, хэн нэг хүний цол ахих юм уу, мөнгө хийх үүр уурхай болгохгүйн тулд бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай, Зөрчлийн тухай гэсэн таван багц хуулийг баталсан юм. Хэнийг ч Э.Бат-Үүл шиг байдалд оруулахгүй байлгах зорилгоор баталсан хуулиуд.

Ардын нам гарч ирээд энэ таван хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай багцаар нь хэрэгжүүлэхээс татгалзаж буцаасан нь асар том улс төрийн зорилготой байжээ гэдэг нь өнөөдөр харагдаж байгаа. Тэр хуулийг буцаасны дараа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж эхэлж байна. Хуучин Эрүүгийн тогтолцоон дотор бүх зүйлийг бүрхэгээр, маш нууц байдлаар, хүний эрхийг зөрчсөн байдлаар, өөрсөндөө ашигтай байдлаар эргүүлэх ийм хуулийн тоглолт эхэлчихлээ.

Хэрвээ дээрх хуулиуд есдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн бол Э.Бат-Үүлтэй холбогдох нотлох баримтыг эхэлж шүүхээр хэлэлцэх байсан. Энэ хүнийг сэжиглээд байгаа баримтууд нь хууль ёсоор авагдсан юм уу, үндэслэлтэй юм уу, нотлох баримт гэж үзэх юм уу гэдгийг урьдчилсан шүүх хурлаар хэлэлцэн шийдэх ёстой. Одоо бол нотлох баримтыг шүүх хурлаар хэлэлцэхгүй, хэн нэг мөрдөн байцаагч үнэн гэж үзвэл түүгээр нь нэг хүний үзэмжээр асуудал шийдэгдэх хэмжээнд хүрчихлээ.

Нөгөө талаасаа, хүчний байгууллагын эрх мэдэл дор байгаа хүн хэн нэг хүний эсрэг гүтгэлэг хийх бололцоо нээлттэй үлдсэн. Үүнийг хорих газарт хоригдож байгаа хүмүүс дотор хэн нэгнээр нь гүтгэлгийн захиа бичүүлэх зэрэг хэлбэрээр ч зохион байгуулдаг.  Хэрэг үүрүүлэх, хэрэг тохох гэдэг нэр томъёо сонсож байсан биз. Хүнд гэмт хэрэгтэй хүнд өөр хүний хэргийг тохдог. Жишээ нь, баян хүний хэргийг ядуу хүн дээр тохдог ч гэдэг юм уу янз бүрийн юм гардаг байсан. Ийм муухай муухай үйлдлийг зогсоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилж шинэчлэн баталсан юм шүү дээ.

Би саяхан Э.Бат-Үүлийг хэрэгт сэжиглэж байгаа тухай мэдээллийг үзсэн. Тэнд хэрэг тохох тактикын элемент байсан. Хүн амины хэрэг хийж байсан, рецедив гэмт хэрэгтэн шоронгоос захиа биччихсэн юм уу, тийм байдлаар Э.Бат-Үүлийг хэрэгт сэжиглэх зүйл гарч ирсэн гэж уншсан. Тэрийг уншихад яг л социализмын үеийн хэлмэгдүүлэх тактик гэж санагдсан. Энэ талаар зохиол бүтээл бичиж байгаа хүний хувьд надад бол шууд л тэр хэлмэгдүүлэлтийн элемент гэж харагдсан. Ийм л аргаар тэр үед Ч.Лодойдамба, Р.Чойням гээд алдартай олон хүмүүсийг тухайн үедээ шоронд оруулсан. Өнөөдөр Э.Бат-Үүлийг ийм аргаар мөрдөж байгаа бол энэ нь хэрэг илрэлт биш юм. 

Хэрэг илрэлтийг зөв хийхийн тулд буцаагдаад байгаа шинэ хуулиудыг дахин оруулж ирж батлах хэрэгтэй. Хэрэгжүүлэхгүй гээд татаад авчихсан байгаа хуулиудаа буцааж оруулж ирээд, шударгаар ардчилсан нийгэмд хэрэг илрүүлдэг хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар тогтолцоогоо нэвтрүүлчихээд энэ хэргийг яримаар байна. Тэгэхгүй бол хүнд хэрэг тохдог тогтолцоогоороо Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлэх гэж байгаа оролдлого нь дахиад л нэг бүтэлгүй, Монголыг гутаасан, хүний эрхийг байхгүй болгосон, тийм л практик эргэж харагдаад байгаа.

2000 онд яг ингэж орон нутгийн сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг баривчилж 23 хоног шоронд хийж байсан. Тэр үед би “Эрх чөлөө” төвийн гүйцэтгэх захирал байсан, Э.Бат-Үүлийн талаар мэдээлэл бэлтгэж олон улсын хүний эрхийн байгууллагуудад явуулж байсан. Тэгэхэд цөөхөн хэдэн шинж тэмдгийг нь харчихаад цэвэр хэлмэгдүүлэлт гээд дүгнэж байсан. Их оновчтой байсан юм билээ.

Тухайн үед миний англи хэл их тааруу байсан учраас цөөн мэдээлэл бичиж байсан. Жишээлбэл, Э.Бат-Үүлийг гэнэт баривчиллаа, малгайгаа мартсан нь гол үндэслэл болж байгаа юм байна, энэ хүнийг хориод хэрэгт сэжиглэж байна гэх мэтчлэнгээр бичиж байсан.

-Олон улсын байгууллагуудаас ирүүлж байсан дүгнэлтээс тодруулахгүй юу?

-Нотлох баримтыг ямар ч шүүхээр оруулахгүйгээр гэнэт энэ хүний эрх чөлөөг хассан нь цэвэр улс төрийн шинж чанартай байна, залхаан цээрлүүлэх хэлбэртэй хэлмэгдүүлэлт байна гэх мэтчлэнгээр их сонин дүгнэлтүүд гарсан байсан.

-Энэ хэрэгтэй холбогдуулж Э.Бат-Үүл даргыг мэдэгдэл хийсний дараа Улсын ерөнхий прокурорын газраас “Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байх үед энэ хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Цаг хугацааны хувьд ингэж таарсан болохоос биш улс төрийн нөлөө байхгүй” гэсэн тайлбар хийсэн?  

-Прокурор бол аль нам хэргийг шалгаж байна вэ гэдгийг ярих ёсгүй. Тэр тусмаа аль нэг намыг өмөөрч юм уу, буруутгаж мэдээлэл хийх ёсгүй.  Нотлох баримт нь үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу, нотлох баримтаа шүүхэд аваачиж өгөх үү, үгүй юу, мөрдөн байцаалтын явцад хүний эрх хангагдаж байна уу гэдгийг ярих ёстой. Гэтэл мэдэгдэл нь өөрөө улстөрчийн мэдэгдэл шиг байгаа байхгүй юу. Хуулийн байгууллагад итгэх итгэлийг хөсөрдүүлэхүйц л юм ярьж байна лээ.

Нотлох баримтыг ямар ч шүүхээр оруулахгүйгээр гэнэт энэ хүний эрх чөлөөг хассан нь цэвэр улс төрийн шинж чанартай байна, залхаан цээрлүүлэх хэлбэртэй хэлмэгдүүлэлт байна гэх мэтчлэнгээр их сонин дүгнэлтүүд гарсан байсан.

-Хамгийн ноцтой нь, Э.Бат-Үүл даргад мөрдөн байцаагч нь “Дээрээс баривчил” гэдэг даалгавар ирээд байна гэж хэлсэн гэсэн?

-Э.Бат-Үүл даргыг баривчлах юм бол би шууд эсэргүүцэл илэрхийлнэ. Өөрийн мэддэг бүхий л сувгаар ажиллана. Баривчлах нь ямар ч утгагүй. Энэ бол улс төрийн шоу. Сонгуульд нөлөөлөх гэсэн, Ардчилсан намыг дотор нь тарж бутраах гэсэн ажиллагаа. Талийгаачийн нэр , хэргийг ашиглаж бардаггүй ямар муухай аргатай юм бэ гэж л бодогдоод байгаа.

-Энэ хэрэгтэй холбогдуулж хамгийн түрүүнд эхнэр Д.Булганыг нь баривчлан саатуулсан. Амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд ингэхээс өөр аргагүй байсан юм болов уу гээд маш олон дүгнэлтийг тухайн үед хүмүүс хийж байсан. Та түүнийг шоронд байхад нь очиж уулзсан. Яг ямар зорилгоор хорьсон юм бол, танд энэ тухай тодорхой ярьсан уу?

-Юу гэж хамгаалахын тулд саатуулах вэ дээ. Хамгаалах байсан бол гэр оронд нь тайван байлгана биз дээ. Ямар ч хамгаалах зорилго байгаагүй байх. Одоо харин тэр хүнийг ямар нэгэн байдлаар гүтгэж хэрэгт холбогдуулах л тийм л аргаар баривчилсан гэж бодож байна.

Эмэгтэй хүнийхээ хувьд, хүний эрхийн төлөө ажилладаг хүнийхээ хувьд би Д.Булганыг гэм буруугүй  гэдэгт бүрэн итгэж байгаа. Би өмгөөлөгч нь биш л дээ, нарийн юм мэдэхгүй. Гэхдээ бид тухайн үедээ Д.Булганыг ханиа яаж хайрлаж байсныг бусдаас дам дамаа сонсдог байсан. Дандаа сайхан юм сонсдог байсан “Ханиа алган дээрээ бөмбөрүүлдэг гэнэ” гээд л зөндөө юм сонсдог байсан.  Д.Булганы ханиа гэсэн сайхан сэтгэл нь одоо ч байгаа, цаашаа ч хэчнээн өдөр байцаагдсан ч тэр сайхан сэтгэл нь дундрахгүй байх юм байна гэж би боддог. Тэр хүнтэй уулзахад надад тийм л итгэл харагдсан.