Хүчээ нэгтгэх эдийн засгийн форумд хатуу үнэн ба шинэчлэгч үгийг хэн хэлэв?

“Хүчээ нэгтгэе” уриатай Монголын Эдийн засгийн форум найм дахь удаагаа тавдугаар сарын 21-22 –ны өдрүүдэд болж өндөрлөв.

Монголын Эдийн засгийн анхдугаар чуулган нь 2010 оны хоёрдугаар сард “Бид хамтдаа чадна” уриатай зохион байгуулагдаж байсан. Тэр цаг үеэс хойш Монголын ард түмний амьдралын ээдрээтэй олон асуудлуудыг бид хамтдаа хэрхэн шийдвэрлэж чадсан бол. Энэ асуултын хариу Ерөнхий сайдын тогтоолын дагуу зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганаас тодорхой харагдлаа.

Энэхүү чуулган нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүхий л салбарт хөгжлийг авчрах, оюуны хүчийг нэгтгэсэн, нийгмийн хөгжилд олон нийтийн оролцоог хангах эрхэм зорилготой билээ. Төр-хувийн хэвшил-иргэдийн дунд гүүр болсон чуулган нь төрийн бодлогод олон түмний үзэл санааг тусгуулах зорилготой ажилладаг нийгэмд үйлчилдэг гэсэн тодотголтой юм.

Хоёр өдрийн чуулганаар Санхүү ба хөрөнгийн зах зээлийн Өнөөдөр ба Ирээдүй, Хариуцлагатай уул уурхай ба Хүртээмжтэй өсөлт, Аялал жуулчлал ба Агаарын тээвэр, Мега төслүүд ба Төрийн өмчит команиуд: Сайн засаглал ба Хувьчлалын бодлого, Бидний үнэт зүйлс, ёс зүй ба Нийгмийн зөвшилцөл, Улаанбаатар хотын эдийн засаг ба Хөрөнгө оруулалт, Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил ба Хөрөнгө оруулалт, Цахим шилжилт ба Блокчэйн гэх зэрэг улс орны хөгжилд чухал ач холбогдол өгөх олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монголын эдийн засгийн чиг хандлага, бодит нөхцөл байдлыг тодорхойлсон, шийдвэрлэх шаардлагатай олон чухал ажлуудын хэлэлцүүлэгт хэн хэн юу ярьсан талаар онцлож уншигч танаа хүргэж байна.

Тогтворгүй төр, тогтворгүй бодлого дор бид толгойгоо эргүүлж байна...

Эдийн засагч н.Оюун. Манай улсын төр эдийн засагт оролцохдоо хувийн хэвшлийн хийж чадах ажил руу орж, хийдэг асуудал яригддаг. Хувийн хэвшлүүд санхүү, хүч чадлаараа хийж чадах ажлыг төр аваад хийж, өрсөлдөөд байдаг хандлагаа өөрчилмөөр юм. Үүнийг засч залруулах талд төр, засгаас ямар бодлого баримтлаж байгаа вэ? Төр хувийн хэвшлийн хийж чадах ажлыг нь тэдэнд өгөөд, хувийн хэвшил хараахан хийж чадахгүй байгаа ажилд нь оролцох бодлого баримтлавал зүгээр  санагддаг. Энэ асуудлыг зөв шийдвэл хээл хахууль болон бусад сөрөг зүйлүүд аяндаа арилна гэж боддог.

Орон нутгийн төлөөлөл, эдийн засагч н.Гэрэлсүх: Төрийн гаргаж байгаа шийдвэр, бодлого буруу, амьдралд бодитой, шударга хэрэгжих боломжгүй байдаг. Төр, хувийн хэвшил, иргэд зэрэг гурван талын түншлэлийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх гэж би чармайж байсан. Гурван түншлэлийн оролцоог идэвхжүүлснээр төрийн бодлого, шийдвэр бодитой, үр дүнд хүрнэ гэж бодож байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга н.Ганболд: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт хандсан асуулт байна. Хөвсгөлийн Иргэдийн хурлаас манай аймагт ашигт малтмлын хайгуулын олборлолт явуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнийг би ойлгохдоо Засгийн газар УИХ-аас давсан шийдвэрийг аймаг, орон нутагт гаргаж эхэлж байна. Аймгууд нь Холбооны улсын хэмжээний шийдвэр гаргах болжээ. Та Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлаас гаргасан ийм шийдвэрт ямар арга хэмжээ авах вэ. Өөрөөр хэлбэл, энэ шийдвэр нь Засгийн газрын эрхэнд халдаж эхэлж байна. Монгол Улс Холбооны улс биш. Орон нутгийн эрх мэдэл буруу явж байна. Үндсэн хуулинд газрын доорхи баялаг бүх ард түмний өмч гээд зарласан. Энэ баялгийг захиран зарцуулах, эргэлтэнд оруулах эрх нь бүх ард түмнээс сонгогдсон УИХ, Засгийн газраас зохицуулна. Энэ асуудлыг тодорхой болгохгүй бол орон нутагт буруу хандлага их боллоо.

Панелист УИХ-ын гишүүн, Монгол Усын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: Засгийн газраас төрийн оролцоог шаардлагагүй салбарт хязгаарлах, либералчлах бодлого хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. Нэгд, Өнөөдрийн Эдийн засгийн чуулганаар Агаарын тээврийн либералчлалын асуудлыг хэлэлцүүлж байна. Хоёрт,Төрөөс өмч хувьчлалыг Хөрөнгийн биржээр түлхүү явуулах, хүн болгонд тэгш эрх олгох зарчмаар явуулах тухай. Гуравт, дижитал шилжилт, Тендерийн тухай хуулийн талаар хэлэлцүүлж байна. Төр сайн менежер гэдэг утгаараа биш илүү их олон нийтийн оролцоог хангахыг зорьж байна. Монгол Шуудан команийн 34 хувийг Хөрөнгийн биржээр хувьчилсан. Жишээ нь, команийн ашиг 2 хувь нэмэгдсэн байдаг. Тиймээс төр өмч хувьчлалд олон нийтийн оролцоо, хяналтыг хангах зорилготой ажиллаж байна. Мөн Эдийн зсгийн хүрээлэн байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа.

Төр -хувийн хэвшлийн хамтын түншлэлийн асуудлаар гурван тулгуурт хөгжлийн зарчмаа боловсруулаад харъяа яамдуудтай хэлэлцээр хийж, тэгээд дараа нь Засгийн газрын түвшинд хэлэлцэх нь зүйтэй. Малын толгой ихэсхээр бэлчээрийн даац хэтэрнэ гэдэг шиг хувийн хэвшлийн дунд зөрчилдөөд байвал Засгийн газрын даац хэтэрдэг. Тиймээс хүчээ нэгтгээд ажиллах хэрэгтэй. Жишээ нь, лиценз, газартай холбоотой асуудлаа Татварын тухай хуулинд тусгаад хэлэлцэж байгаа.

Панелист МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав: Ерөнхий сайдын бодлогод зохицуулж ажиллаж, амьдарна гэдэг нэлээд төвөгтэй асуудал. Яагаад гэвэл тогтворгүй төр, тогтворгүй бодлого дор бид толгойгоо эргүүлж байна...Шинэ сум байгуулна гээд таван тэрбум төсөвлөсөн. Гэтэл одоо балгас болсон байна. Яагаад үр дүнд суурилсан тендер өгөхгүй байна вэ? ..Яг нарийн яривал бид тухайн үедээ гудамжиндаа Оюунтолгойн гэрээг хийж байсан шүү.

Монголын эдийн засгийн форумын эхний хоёр жилд нийгмийн уур амьсгалын зөвшилцлийн хэмжээнд болсон. Гэтэл сүүлийн үед энэ форум Засгийн газрын шоу болчих гээд байна.Тийм учраас түрүүний хурц тавьсан асуудлуудад Засгийн газар хариул. Шоронд орсон хүмүүсээ суллахын төлөө Засгийн газар мэдэгдэл хийж байна. Энэ талаар зөвшилцөх хэрэгтэй.

Ийнхүү Төр, хувийн хэвшлийн диалоги ба Хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд Панелистууд нэгд, бодит байдлыг ярьж, жинхэнэ итгэлцэл байх ёстойг онцлов. Хоёрт, Байнгын тасралтгүй хамтын ажиллагаа байх хэрэгтэй, гуравт, яриа хэлэлцээрийг хуулийн орчноо дагаж шийдвэрлэх ёстой талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Өвөрхангай, Хөвсгөл, Архангай зэрэг орон нутгуудыг холбосон замуудыг ашиглалтанд оруулах шаардлагатай байна. Мөн Говь-Алтай-Завхан- Хөвсгөл аймаг орох маршрутыг аялал жуулчлалын томоохон боломж, ашиг олох замуудыг барих хэрэгтэй. Эдгээр замуудыг босгож чадах юм бол нэг цэгээс нөгөө аялал жуулчлалын цэгт саадгүй очих, үүний зэрэгцээ жуулчдын тав тух нэмэгдэнэ. Бусад аялал жуулчлалын бүтээгдэхүүний орлого ч нэмэгдэх юм.

Дижитал дэд бүтцийг хэрхэн ашиглах вэ гэх асуудал хөндөгдөж байна. Аялал жуулчлалын салбар дижитал сүлжээгээр ажиллаж чадвал бид бага зардал гаргах боломжтой болно. Түүнчлэн Тусгайлсан аялал жуулчлалын хөтөлбөр танилцуулж чадвал Монголын аялал жуулчлалын хүрээ тэлнэ. Зүүн Өмнөд Азийн Аялал жуулчлалын холбоо, Хятад Улсын Аялал жуулчлалын холбоо, Зүүн Хойд Азийн Аялал жуулчлалын бүс нутагт холбоо харилцаатай болъё гэж зорьж байна.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дотоодын дэд бүтцийг анхаарах ёстой. Дэд бүтцэд суурилж аялал жуулчлал хөгжинө гэдэгт санал нэг байна. Мөн төмөрзам, автозамын асуудал яригдаж байна. Автозамын асуудалд бид боломжит нөхцөлд суурилсан бодлого тавьсан. Аймаг орон нутгуудыг хооронд нь холбох, бүс нутгуудтай холбогдох дэд бүтцийг бий болгоход анхаарч байгаа юм.

Агаарын тээврийн асуудал бол аялал жуулчлалын том хаалга гэж үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголоос хамгийн их урсгалтай Бээжин, Сөүл хотын чиглэл байна. Төрөөс Иргэний нислэгийн талаар баримтлах бодлого гарсан. Жишээ нь, Сөүл хотын чиглэлд зуны улиралд билет олдохгүй, хүрэлцээ муутай байгаа. Долоо хоногт зургаан нислэгийн хуваарьтай байна. Тиймээс нислэгийнхээ тоог өргөжүүлэх хэрэгтэй. Энэ асуудалд өөрчлөлт оруулж, УИХ-ын хаврын чуулганаар батална гэж ярилцсан. Нислэгийн хөдөлгөөнийг чөлөөтэй болгоход анхаарч байна. Аялал жуулчлалын хувийн хэвшлүүд дараа дараачийн алхмаа хийх байх гэж найдаж байна.

2020 он хүртэл агаарын тээврийн салбарт МИАТ өрсөлдөөнд бэлэн эсэх талаар МИАТ-ын захирал Д.Баттөр: Миний хувьд шинэ нээгдсэн чиглэлд үнэлэлт дүгнэлт өгч ажлаа эхэлсэн. Агаарын тээврийн алдагдалтай нислэгт тооцоо судалгааг харж, мониторинг хийж, шийдэх нь бизнесийн гол зарчим юм. МИАТ маркетингийн бодлогоо эргэж харах шаардлагатай гэж бид үзсэн. Берлин-Москва хотын нислэгт хүн их байдаг. Гэтэл Москва-Улаанбаатар хотын чиглэлд нислэг тун бага. Үүнд зар сурталчилгаа хийгдэхгүй байгаатай холбоотой гэж бид дүгнэсэн. Дотоод руу хандсан нислэгийн бодлогоо өөрчилж, сурталчилгааг багасгаж, гадаад руу хандсан сурталчилгаа үр дүнтэй гэж үзэж байгаа...Мөн Суудлын дүүргэлт гэх мэт зорчигч руу хандсан асуудал шийдэгдэнэ. Манай зарим онгоцууд заавал хоосон суудалтай явахгүй байх талаар эргэн харах ёстой юм. Нотолгоо, судалгаанд түшиглэж шийдвэр гаргах хэрэгтэй гэж аялал жуулчлалын салбарынхан шинэ арга зам, ашигтай боломжийг эрэлхийлсээр байна.

-Үргэлжлэл бий.

Сурвалжилсан Б.Баярмаа