“Манай ажилтан 37 удаа НӨАТ-ын сугалаанд хожоогүй”

Гааль, татварын мэдээллийн технологийн төв /ГТМТТ/-ийн ажилтнууд НӨАТ-ын сугалаанд удаа дараа хонжвор хожсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хүмүүсийн гайхашралыг төрүүлээд амжсан. Технологийн төвийн ажилтнууд нь өөрсдөө хожоод байдаг юм бол НӨАТ-ын сугалааг зохион байгуулах хэрэг байна уу гэдэгт хүмүүс эргэлзэж эхэлжээ. Тиймээс бид ГТМТТ-ийн захирал Р.Отгонтулгатай холбогдож, цөөн асуултад хариу авлаа.

-Олон нийтийн сүлжээгээр нийтэд түгээд байгаа мэдээллийг тодруулах гэсэн юм. НӨАТ-ын сугалаанд танай мэдээллийн төвийн ажилтан олон удаа хонжвор хожсон гэдэг үнэн үү. Үнэхээр ингэж хонжворыг хэн нэгэн хүнд зориудаар тааруулаад байх боломжтой хэрэг үү?

-Уучлаарай, үнэхээр ташаа мэдээлэл байна. Манай мэдээллийн технологийн төв нийт 43 ажилтан, ажиллагсадтай. Тэднээс хонжвор хожсон ганц л хүн бий. Тэр хүн маань 20 мянган төгрөгийн азтанаар хоёр удаа шалгарсан байдаг. Энэ бол цэвэр аз тохиосон хэрэг болохоос албаар тааруулсан зүйл огт байхгүй.

-Энэ мэт ташаа мэдээлэл хүмүүст эргэлзээ төрүүлж, НӨАТ-ын сугалаанд итгэх итгэлийг бууруулж байгаа юм биш үү?

-Ташаа мэдээлэл гарсан даруйд бид залруулж байгаа. Манай ажилтнууд азтан тодруулахад хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй гэдгийг дахин хэлье. Энэ мэт баримтгүй, худал хуурмаг мэдээлэл, дуулиан шуугианд автах хэрэггүй гэдгийг хүмүүст дуулгая.

-Сүүлийн үед НӨАТ-ын сугалааг удахгүй болиулна гэсэн таамаглал яригдаж байна. Эдийн засаг хямралтай байгаа болохоор сугалаанд зориулах мөнгө улсын төсөвт байхгүй гэж ч ярьж байна. Энэ үнэн үү?

-НӨАТ-ын сугалааг бүртгэгдсэн баримтаар явуулдаг болсноос хойш ямар ч маргаан, гомдол гарахаа байсан. Бид азтануудаа тодруулдгаараа тодруулаад ажлаа үргэлжлүүлээд явна. Үүнд эргэлзэх хэрэггүй. НӨАТ-ын баримтыг бүртгэдэг систем нэвтрүүлсний ачаар улсын төсөвт төвлөрүүлдэг татварын орлого нэмэгдсэн. Иргэдийн хувьд ч жилийн турш хэрэглэсэн бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах боломж бүрдэж байгаа. Аз таарвал 20 мянгаас дээш төгрөгийн азтан болох боломжтой гэхчилэн эерэг сайн талууд олон бий. Нэгэнт улс даяар нэвтрүүлсэн, үр дүнгээ өгч буй сайн систем учир замын дундаас буцна гэж байхгүй гэлээ.