Задрах дөхсөн Евро

1954 онд Европын улс гүрнүүдийн эдийн засгийн холбоо байгуулах тухай санал анх хэрэгжиж эхэлснээс хойш 60 жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. 1998 оноос Европын холбоо нэртэй болж, улмаар 2002 оноос эхлэн нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог гүйлгээнд оруулсанаар дэлхийн хамгийн томоохон нэгдэл хүчээ авч эхэлсэн. Үүнээс хойш хямрал бас дахин хямрал нүүрлэж, хүндхэн шалгуур бэрхшээлүүдийг туучиж өнөөг хүрлээ. Өнгөрөгч зургаадугаар сард Их Британичууд европын холбоог орхих шийдвэр гаргаснаар домино эффект хүчээ авч эхлэв. Тус холбооны хамгийн зузаан түрийвч туурга тусгаарлахаар шийдвэрлэсэн нь дэлхийн хамгийн томоохон холбоо ганхах суурийг тавьсан нь энэ.

Их Британийн шийдвэр

Их Британи Европын холбооноос гарах нь цаг хугацааны асуудал байсан. Хамгийн анх европын холбоог байгуулах саналыг тус улсаас гаргаж байснаас хойш Их Британийн байр суурь огцом өөрчлөгдсөөр өнөөг хүрчээ. Дүрвэгсдийн хямрал, эдийн засгийн хямрал, улстөр, засаглалын хямрал нүүрлэж байгаа евро бүсээс хурдхан гарсан нь дээр гэж олон нийт нь шийдвэрлээд гурван сарын хугацаа өнгөрлөө. 2017 он гэхэд Их Британи европын холбооноос бүрэн гарна. Нэг ёсондоо евро мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс авч хаяна гэсэн үг. 1995 онд Герман улсын шийдвэрээр нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох асуудлыг хэлэлцэж байхад Их Британи дургүйцэж, нэгдсэн банктай байж болох ч мөнгөн тэмдэгт хэрэггүй гэж гөжүүдэлж байлаа. Улмаар 1999 онд мөнгөн тэмдэгттэй болохоор болж, улмаар тухайн үеийн дойчмаркын нэрлэсэн ханшаар еврогийн ханшийг тогтоож, гүйлгээнд оруулахаар болсон юм. Үүнээс хойш Евро бүс, Их Британи гэсэн дуэль эхэлсэн гэж болно. “Бид ард түмнийхээ сонголтыг хүндэтгэх ёстой. Евро бүсээс гарах нь ердөө цаг хугацааны асуудал байсан. Гэхдээ ийм хурдан ирнэ гэж санасангүй” гэж Их Британийн ерөнхий сайд асан Девид Камерон ярьж байлаа. Консервативуудын хүчтэй шахалт шаардлагын доор өрнөсөн энэ нөхцөл байдал ийнхүү ажил хэрэг болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ.

Төв Европчууд ч орхиж магадгүй

Төв Европын Словак, Унгар, Польш, Чех гэсэн дөрвөн улс ирэх өдрүүдэд Европын холбоог орхих эсэхээ парламентаараа хэлэлцэнэ. 2004 оны тавдугаар сарын 1-ний өдөр зэрэг элссэн дээрх улсууд Европын холбоонд нүүрлээд байгаа эдийн засгийн болон бусад хямралуудыг давж гарахад хүнд гэж үзэн гарах эсэхээ шийдвэрлэх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд дээрх дөрвөн улсын эдийн засгийн өсөлт саарч, Словак болон Чех улсууд дүрвэгсдийн хямралд консерватив байр суурьнаас хандаж байгаа нь сөрөг хүчний байр сууринд шилжүүлсэн. Хэдийгээр инновацийн томоохон боломжууд дээрх улсад ногдож байсан ч одоогийн улстөр, эдийн засгийн нөхцөл байдлыг даван туулахад нөлөөлөхгүй гэж тэд үзэж байгаа юм.

Дээрх дөрвөн улсад аль хэдийнэ үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, сөрөг хүчний улстөрчид Европын холбооноос гарах асуудлыг хурдан шийдвэрлэх нь улсын хөгжилд эерэг нөлөөтэй гэж үзэн үзэл бодлоо илэрхийлж байна. Мөн түүнчлэн дээрх дөрвөн улсын сөрөг хүчнүүд нэгдэж, нэгдсэн шаардлага хүргүүлсэн нь дөнгөж долоо хоногийн өмнөх үйл явдал.

Франц, Нидерланд ч мөн араас нь...

Европын холбооны зузаан түрийвчнүүдийн нэг дээрх хоёр улс ойрын хугацаанд Европын холбоог орхих асуудлыг олон нийтээр шийдвэрлүүлнэ. Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ла Пен хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Европын холбоог орхих асуудлыг шийдвэрлэнэ гэж мэдэгдээд байна. Үндэсний хөдөлгөөн намаас нэр дэвшиж байгаа тэрээр Францын эдийн засгийн хурд саарсан, засаглалын хямрал нүүрлэсэн, сүүлийн жилүүдэд гарах болсон террорист халдлагын бурууг Европын холбоонд тохож буй. Хэрвээ европын холбоог орхивол дээрх асуудлыг өөрийн толгойгоор шийднэ гэж тэр үзэж байгаа. Эрх баригч Социалит намын зарим гишүүд ч энэ асуудалд нэгдмэл байгаагаа илэрхийлээд амжсан. Бүгд найрамдах ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй экс ерөнхийлөгч Саркози ч европын холбооноос гарах нь цаг хугацааны асуудал гэж мэдэгдээд байна.

Нидерландын тухайд эрх баригч Ардчилал, эрх чөлөөний төлөөх ардын намынхан 2017 оны дунд гэхэд Европын холбооноос гарах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Өнгөрөгч долоодугаар сард Нидерландын иргэдийн дунд Европын холбооноос гарах эсэх асуудлыг хэрэв одоо хэлэлцвэл ямар сонголт хийх вэ? гэсэн санал асуулга болж улмаар судалгаанд оролцогчдын 69% нь тийм гэсэн хариу өгчээ. Ирэх гуравдугаар сард Нидерланд улсад бүх нийтийн сонгууль болно. Дээрх сонгуулийн үр дүн ямар ч гарсан 4-р сардаа багтаан бүх нийтийн санал асуулга явах нь тодорхой боллоо.

*** 

Европын холбоо ийнхүү дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ. Европын холбооноос гарах хүсэлтэй улсууд үүгээр дуусахгүй. Дани, Швед, Австри, Итали улсууд ийм хүсэлтэй байгаа. Зарим нь энэ ондоо багтаан олон нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байна. Хамгийн том нэг зүйл байгаа нь Европын холбоог байгуулалцсан Герман улс ч дотооддоо энэ асуудлаар маргалдаж байгаа. Германы төлөөх сөрөг хүчин намын гишүүн, парламентын гишүүн Беатрикс фон Сторх Европын холбооноос гарах эсвэл засаглал, бүтцийн хувьд тэс өөр Европын Холбоог байгуулах ёстой гэж үзэж байна. Аль нь ч байсан Европын холбооны задрал бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд нөлөөлөх нь мэдээж. Ганц жишээ дурьдахад Британийн ард иргэд өнгөрсөн зургаадугаар сард Европын холбооноос гарах ёстой гэж үзсэний дараахан Ази болон Америкийн голлох хувьцаанууд унаж, улмаар томоохон компаниуд эерэг хүлээлтээ сөрөг шилжүүлэх болсон. Тиймээс Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагууд энэ шийдвэрээ эргэн харж, дэлхий нийтийг эдийн засгийн болзошгүй хямралд оруулахгүй байх талаар хичээн ажиллахыг сануулаад байна.

С.Болор