С.Баярцогтын араас "Номадс"-ын М.Есөнмөнх АТГ-т дуудагдах уу

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан,"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэсэн үндэслэлээр баривчлан Хорих 461 дүгээр ангид хориод байгаа. Өчигдөр С.Баярцогт, Б.Ариунсан нарыг яллагдагчаар татаж, 30 хүртэл хоногоор хорих шийдвэр шүүхээс гаргасан билээ.
Тэгвэл тэд хэнд давуу байдал олгосон байж болзошгүй вэ? Тэдний баривчлагдсан үндэслэлд хамааран хэн хэнийг цаашид шалгаж болзошгүй вэ? гэх асуулт гарна.


Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг батлалцсанаас хойш ямагт давуу эрх эдэлсэн байх гэх хардлагад өртөж явсан хүн бол түүний найзууд. Тэр тусмаа “Модерн номадс”-ын захирал М.Есөнмөнх. Түүнийг Оюутолгойн ажилчдын хоолыг өдрийн 30 ам.доллараар тооцож нийлүүлж байсан гэдгийг хэвлэлийнхэн маш олон удаа сөхөж бичсэнийг уншигч та санаж буй биз. Тухайн үед Оюутолгойд 11 мянга гаруй хүн ажиллаж байсан бөгөөд хүн бүрийн нэг өдрийн хоолыг 30 ам.доллараар тооцвол багагүй мөнгө гарч, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр ч энэ асуудал хөндөгдсөн. Хэдийгээр С.Баярцогтын хувьд М.Есөнмөнхийн компанид хувьцаагүй гэдэг ч түүнийг багын дотны найз гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөн "Модерн Номадс" компани ч Оюутолгойд хоол нийлүүлж байсныг батлан хэлдэг. Тэгэхээр АТГ С.Баярцогтын халааснаас "Модерн Номадс"-ыг хамгийн түрүүнд шалгах нь тодорхой бололтой.

Зөвхөн Оюутолгой төдийгүй Чингис бондын мөнгөнөөс ч АСЕМ-ын хүрээнд "Модерн Номадс" багагүй мөнгө авсан байдаг. Үүнээс харвал С.Баярцогтын Бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэдэг үндэслэлд хамгийн түрүүнд М.Есөнмөнх эзэнтэй Модерн Номадс багтаж шалгуулах нь тодорхой. Мөн М-Ойл компани ч Оюутолгойд шатахуун нийлүүлэх тендерийг С.Баярцогтын тусламжтай авсан уу гэх асуудал сөхөгдөж байсан юм. Ямартаа ч Оюутолгойн томоохон нийлүүлэгч нар энэ удаад АТГ-ын хараанд орсон бололтой.