Galaxy Note 7 гар утсыг хэрэглэхээ даруй зогсоохыг Самсунг анхаарууллаа

Баттерейны доголдолтой Galaxy Note 7 гар утсаа эргүүлэн татаж эхэлсэн хэдий ч дэлбэрсэн тохиолдлууд нэмэгдсэн тул Самсунг компани дэлхий даяар уг утсыг хэрэглэж байгаа хүмүүсийг даруй ашиглахаа зогсоож яаралтай солиулахыг анхаарууллаа.

 

АНУ, Австрали, Сингапур, Скандинав, Хонг Конгийн агаарын тээврийн компаниуд Galaxy Note 7-г онгоцонд ашиглахыг хориглоод байгаа юм.

Харин өчигдөр буюу Бямба гарагт Самсунг компани вэбсайтдаа мэдэгдэл гаргаж хэрэглэгчдийг авсан утсаа даруй буцаан солиулахыг уриалжээ.

Самсунг мобайлийн ерөнхийлөгч Ко Дон-Жин “Хэрэглэгчдийг Galaxy Note 7-гоо яаралтай унтрааж аль болох хурдан солиулахыг бид хүсэж байна” гээд “сольж өгөх утсыг бид яаралтай нийлүүлэх тул аль болох түвэг чирэгдэлгүй зохион байгуулна” гэжээ.

Шууд солих утас бэлэн болоогүй байгаа тул хэрэглэгчид Самсунгийн үйлчилгээний төвд хандан Galaxy Note 7-ийн оронд түр хэрэглэх утас авч болох юм байна. Шинэ баттерейтэй Galaxy Note 7 есдүгээр сарын 19-нд Өмнөд Солонгост гарах бол бусад улсуудад үүнээс хойш нийлүүлэгдэхээр байгаа юм.

Энэ сарын эхээр Самсунг шинээр худалдаанд гараад дөнгөж хоёр долоо хонож байгаа 2.5 сая Galaxy Note 7 утаснуудаа эргүүлэн татахаар болсон.

Гэвч байдал ноцтой түвшинд хүрсэн тул солих арга хэмжээг түргэтгэхээр болжээ. Есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 35 гар утас шатсан хэрэг бүртгэгдсэн ба тэдгээр тохиолдлуул бүгд цэнэглэж байх үед дэлбэрч, гал гарсныг Самсунг мэдээлж байна.

Австралийн Перт хотод болон Флоридад машинд цэнэглэж байсан Galaxy Note 7 шатаж хэрэглэгчийн автомашиныг шатааж гэмтээсэн хэрэг гарсан баримт бас байгаа юм.

 

Эх сурвалж: ABCNews