Оросын далбааг мандуулсан Беларусийн албаны хүн Паралимпд оролцох эрхгүй болжээ

Бразилийн Рио де Жанейро хотод эхэлж байгаа Паралимпийн наадмын нээлтийн үеэр Оросын далбааг барин жагссан Беларусийн багийн гишүүний эрхийг Олон Улсын Паралимпийн Хороо (ОУПХ) хүчингүй болгожээ.

 

Тамирчдын жагсаалын үеэр Беларусийн баг өөрийн далбаан дор гарч ирсэн бол тус улсын Спорт, Аялал жуулчлалын Яамны төлөөлөгч Андрей Фомочкин Оросын далбааг гарган барьж багийнхныхаа дунд алхаж байсан юм.

Төрийн оролцоотой сэргээшийн хэрэгт буруутган ОУПХ нь Оросын Паралимпийн баг тамирчдыг бүхлээр нь наадмаас хассан. Тэгвэл Фомочкин хөрш Оросын тамирчдыг дэмжиж байгаагаа ингэж илэрхийлсэн аж.

Харин энэ явдлын дараа ОУПХ-ы хэвлэл, олон нийттэй харилцах албаны захирал Фомочкины Рио 2016 наадамд оролцох эрхийг нь хассаныг мэдээлжээ.

Энэ талаар Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко “Энэ бол манай улсын ч, манай Паралимпийн хорооны ч байр суурь. Бид Оросын Паралимпийн тамирчдын талд байна” гэж мэдэгдсэн байна.

Оросын Гадаад хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мөн байр сууриа илэрхийлэхдээ Фомочкиныг “баатар” гэж өргөмжилжээ.

“Бидний дунд жинхэнэ баатар байгааг өнөөдөр харлаа. Тэр Оросын далбааг гаргаж жагссанаараа хүмүүнлэг бус шалтгаанаар Паралимпийн наадамд оролцох эрхгүй болсон Оросын тамирчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа харууллаа” гэж Захарова хэлсэн байна.

Тэр цааш нь “Ийм хүмүүс бидний дунд амьдарч байгаад бахархаж байна” гэжээ.

Беларусийн Гадаад хэргийн Яамнаас гаргасан мэдэгдэлд “Энэ бол зөв үйлдэл байсан. Манай тамирчин зөв, нөхөрсөг аргаар үзэл бодлоо илэрхийллээ. Энэ үйлдэлд тайлбар шаардах юм бол бид хариулахад бэлэн байна” гэсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today