“Сайд ингэж айлдав” үргэлжилсээр

Хөөрхий, бидний монголчууд манжийн дарлалд 200 жил зовсон гашуун түүхтэй. Үүнийгээ ярих тун дургүй. Тэр үед төр, шашин хоёр нь хамтдаа оршиж, шашнаар дамжуулан бидний өвөг дээдсийг “атгаж” явсан байдаг.
 
Өнөөдөр бид шүтээн хайрхандаа хүслээ шивнэж биш хашгирч хэлдэг гээд уулын орой дээр орилолдоод зогсдог “шүтлэг”-тэй үлдсэн. Энэ бол манжууд бидний сүсгээр далимдуулан өөрсдийн тагнах, чагнах хэргийг бүтээж байсан арга гэх.
 
Тэгвэл сүүлийн үед МАН-ын байгуулсан Мэргэжлийн Засгийн газраас байсгээд л “дагахаас аргагүй” сүсэг бишрэлийн номлол айлддаг болов. Хөдөө аж ахуйн сайд нь амралтын өдрүүдээр Ганданд ном хуруулсан бол уржигдар Сангийн сайд нь “...Сүсэг бишрэлийн хувьд тохирохгүй учраас Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгох гэж байгаа” гэж айлдсан. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр чуулганы хуралдаан дээр Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгаанаа ийн тайлбарлажээ. “...Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд.
 
Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гээд олныг алмайртал мэдэгдлээ. Мэдээж хэрэг, Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлэх, түүнийгээ хамгаалах нь сайд нарын үүрэг гэдэг тодорхой. МАН-ынхан  мөнгөгүй, хоосон авдартай засаг хүлээж авсан гэдгээ өдөр бүр л мэдэгдэж байгаа. 
 
Ийм үед хэмнэх, танах асуудал байж болно. Түүнийгээ олон нийтэд тайлбарлан таниулах нь тэдний үүрэг. Гэхдээ ингэж биш. 1990-ээд оноос хойш Монголд шашин шүтлэг сэргэж, Үндсэн хуульдаа хүртэл шашнаар ялгаварлан гадуурхахыг хориглох тухай заачихсан. Гэвч энэ нь төрийн хэргийг  сүсэг бишрэлээр явуул гэсэн үг яавч биш.
 
Ийн хоног дараалан өрнөөд байгаа мухар сүсгийн гэмээр мэдэгдлүүдийг хаанаас нь яаж ойлгох вэ гэдэг тун хэцүү. Ер нь урьд өмнө иймэрхүү явдлаас болж газарт унаж явсан түүх бийг сайд нарт сануулахад илүүдэхгүй нь. Гэхдээ энэ түүх өнө эртнийх биш. Ердөө хэдхэн сарын өмнө болсон явдал. Сануулбал, 2012 оноос хойш засаг, төрийн эрх барьж эрх мэдлийн оргилд хүрсэн АН-ынхан тэнгэртэй ярьдаг нэгний үгээр зам мөрөө гаргасаар өнгөрсөн сонгуульд эвгүй газардсан түүх бий шүү.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин