УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдох заалтыг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж, 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг УИХ агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.


Монгол Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахаар хуульчилсан байна. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг УИХ агуулгаар нь төдийгүй үгийн утгаар нь илүү явцууруулан дахин сэргээн баталсан байна гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоож тус хуулийн заалтыг хүчингүй болгов.

Мөн Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ УИХ өөрөө Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.