Хамгийн олон үзэгчтэй Санта Крузын карнивал

Санта Крузын багт наадмын үүсэл гарал бүр XIII зуунаас эхтэй. 1260-аад оны үед италичууд нэгэн өвөрмөц баяр тэмдэглэдэг байсан нь гэрт байгаа бүх махаараа хоол хийдэг баяр байв.

 

Үүнийгээ тэд карне валле буюу “баяртай, мах минь” хэмээн нэрлэдэг байсан нь өнөөгийн карнивал буюу багт наадмын үүсэл байж. Энэ баяр XV зууны үед Испанийн байлдан дагуулагчдын нөлөөгөөр Европ даяар тархсан гэдэг. Мэдээж энэ баярыг нийтэд дэлгэрүүлсэн испаничууд өөрсдөө карнивалыг бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан бөгөөд католик сүмийн хориг, генерал Франкогийн хоригийг ч үл тоон баяраа нууцхан хийдэг байжээ. Гэхдээ сүмийн суртал ухуулга, цэргийн дарангуйллын нөлөөгөөр хүмүүс карнивалыг тэмдэглэхдээ хэн болохоо таниулахгүй гэж элдэв янзын баг өмсдөг болсон гэдэг. Ингэж өнөөгийн багт наадмын уламжлал бүрэлдэн бий болсон бөгөөд их хэмжээний махаар зоог барьдаг анхны уламжлал нь бараг мартагджээ.

Цаг хугацаа улирах явцад Санта Крузын карнивалд элдэв янзын уламжлал нэмэгдсээр одоо тогтсон заншил, тодорхой хугацаатай албан ёсны баяр болон хувирчээ. Тухайлбал, XVII зууны үеэс эсрэг хүйстэн шигээ хувцаслах ёс Санта Крузын багт наадамд дэлгэрсэн байна.


Санта Крузын карнивал жил бүрийн хоёрдугаар сард Канарын арлуудын нийслэл болох Санта Круз Тенериф хотноо болдог. Рио Де Жанейрогийн багт наадмын араас дэлхийн хоёр дахь том карнивалд тооцогддог энэ баярт 1987 онд 250 мянган хүн оролцсоноор Гиннесийн дээд амжилт тогтоож байсан удаатай. Ер нь, Санта Крузын багт наадам жил бүр маш өргөн цар хүрээтэй, олон улсын хэмжээний томоохон баяр болдог учир 2000 онд Санта Круз Тенерифийг дэлхийн багт наадмын нийслэл хотоор нэрлэж байсан юм.


Санта Крузын карнивал лхагва гаригт багт наадмынхаа хатан хааныг сонгохоос эхэлдэг уламжлалтай. Хатан хаан болохоор өрсөлдөж буй бүсгүйчүүдийн тэмцээнийг орон даяар шууд дамжуулан үзүүлж, баасан гаригт дүнгээ гаргадаг. Ингээд баасан гаригт карнивалийн хатан хаанаа сонгосноор багт наадам албан ёсоор эхэлж, Санта Крузын гудамж талбайд өргөн үдэшлэг цэнгүүн болдог. Бямба гаригт ч үдэшлэг цэнгүүн үргэлжлэх бөгөөд энэ өдөр бүхэлдээ бүжигт зориулагджээ.

Багт наадамд оролцогчид латин болон орчин үеийн бүжгийг алийг нь ч бүжиглэж болно. Даваа гариг хүртэл бүжиг үргэлжилсээр байх бөгөөд энэ өдөр дэлхийд алдартай DJ нар Санта Крузэд хүрэлцэн ирж, орчин үеийн электро хөгжмийн гайхамшгийг мэдрүүлдэг ажээ. Үүний дараа өдөр буюу мягмар гаригт карнивал албан ёсоор өндөрлөдөг ч багт наадмын нэг чухал ёслол лхагва гаригт болдог юм. “Үнсэн лхагва гариг” хэмээн нэрлэдэг энэ өдөр “Сардины оршуулга” хэмээх ёслол болдог бөгөөд хот тэр аяараа гашуудлын маягтай болж, цаасаар хийсэн аварга том сардин загасыг оршуулдаг байна.