Харүмафүжи Д.Бямбадоржийн талаарх мэдээллийн эргэн тойронд...

Өнгөрсөн сарын сүүлээр Тотторид болсон орон нутгийн тэмцээний дараахан мэргэжлийн сүмод барилддаг монгол бөхчүүдийн дунд үл ойлголцол үүсч улмаар Таканоива А.Баасандорж толгойдоо бэртэл авсан тухай мэдээлэл Японы хэвлэлүүдийн гол сенсааци болж байна.

 

Болсон үйл явдлыг сөхвөл мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлээд байгаа Харүмафүжи Бямбадорж өөрөөсөө ахмад бөхчүүдэд хүндлэл үзүүлсэнгүй хэмээн Таканоиваг зэмлэх үед тэрээр гар утсаа оролдоод байсанд уурсч “Чамтай ярилцаж байхад үл тоомсорлолоо” хэмээн шар айрагны шилээр толгой руу нь цохиж гэмтэл учруулсан гэх. Мөн гэрчүүдийн мэдээлснээр газар унасных нь дараа хэд хэдэн удаа гараараа цохьсон байна.
Энэ үед япон бөхчүүдээс гадна ёкозүна Хакүхо, Какүрюү, сэкиваке Тэрүнофүжи нарын монгол бөх байсан бөгөөд их аварга Хакүхо тэднийг зогсоох гэж оролдоход Харүмафүжи түлхсэн, ёкозүна Какүрюүд “чи л түүнийг ийм болгосон” хэмээн хэлсэн гэх зэргээр Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Таканоива зодоон хийсэн өдрийн маргааш нь барилдсан гэнэ



Сонирхол татахуйц бас нэгэн мэдээлэл нь болсон явдлын маргааш нь Таканоивагийн тойргийн барилдаанд барилдаад давсан гэх зураг, мөн энэ сарын 2-нд дэвжээний эзэн ояката Таканоханагийн хамт Тагава хотын даргатай уулзаж, кюүшюү башёд 10 даваа авах зорилготой бэлтгэлээ хангаж байгаа тухайгаа ярьсан гэх зураг нийтлэгдэж эхлээд байна.


Үүний дараахан буюу энэ сарын 5-9-нд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тэрээр 10-нд нь башёд барилдах боломжгүй болсноо зарласан. Харин энэ сарын 13-нд Японы сүмогийн холбооноос түүнийг тархины доргилт, гавлын ясны цууралт болон баруун чихний гадна сувгийн гэмтэлтэй гэж оношлогдсон тухай мэдэгдсэн юм.

Ояката Таканохана хэргийг нуух гэж оролдсон уу

Болсон үйл явдлын талаар Таканоивагийн дэвжээний эзэн ояката Таканохана цагдаад мэдэгдсэнээр шалгах ажиллагаа эхэлсэн гэнэ. Өөрөө сүмогийн их аварга байж үзсэн, мөн хатуу дэг жаягтай ном ёсоор нь бүгдийг хийдэг хүн учир Сүмогийн холбооны дүрэм журмын дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзсэний үндсэн дээр цагдаад мэдэгдсэн байх хэмээн сүмо сонирхогчид таамаглаж байна. Гэхдээ энэ хэрэг явдалтай холбоотойгоор Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийг тэргүүлдэг ояката Таканоханагийн нэр хүнд, байр суурь нь ганхаж мэдэхээр байгаа гэнэ. Учир нь,  Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн гишүүн, ояката Касүгано түүнийг болсон хэрэг явдлын талаар энэ сарын эхэнд мэдсэн ч олон нийтэд мэдэгдээгүй хэмээн ярьсан байна. Тиймээс хэрэг явдлыг нуун дарагдуулах гэсэн байж болзошгүй хэмээн буруутгах хүн олон байгаа аж.



А.Баасандорж эхэлж гомдол гаргаагүй

Тэгэхээр гомдол гаргасан хүн нь Таканоива бус ояката Таканохана гэсэн үг. Гэтэл монголчууд маань нэг нэгнийхээ мууг үзэх гэлээ хэмээн А.Баасандоржийг буруутгаж буй.
Тэрээр асуудал үүсгэхийг хүсээгүйдээ, өөрөөсөө илүү нутаг нэгт аваргаа бодсондоо багшдаа “Шатнаас хальтирч унаад ийм болчихлоо” гэж хэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Гэвч төд удалгүй бага байхаас нь сургаж, дасгалжуулж сүмо бөхийн дээд зиндааны цолтой бөх болтол нь багшилсан багш нь өөр хүнээс болсон явдлын талаар сонссон гэх.  
Гэхдээ түүнийг тодорхой зүйл яриагүй байхад хэрэг явдлын талаар хэвлэл мэдээллийнхэн түргэн шуурхай, цаг алдалгүй мэдээллээд байгаагийн цаана ямар нэгэн эрх ашиг бий, энэ хэрэг дээр дөрөөлөөд аваргыг зодог тайлуулах байх хэмээх яриа ч гарч байна.



Кёкүшюзан Д.Батбаяр нэмэр биш нэрмээс болов

Хачирхалтай нь, Японы хэвлэлүүдийн өндрийг авахуулаад байгаа үйл явдлын талаар Монголын сүмо бөхийн тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр тус улсын телевизүүдэд ярилцлага өгсөн байх юм. Тэгэхдээ бүр Харүмафүжиг уухаараа их агсам, тавьтаргүй, хоёр ёкозүна дундуур нь орж салгаагүй байсан бол яах ч байсан юм билээ” гэх зэргээр ярьсан нь олон хүний дургүйцлийг төрүүлж байгаагаас гадна хазайсан дээр нь түлхэнэ гэгч л боллоо хэмээн Японд ажиллаж амьдарч байгаа монголчууд дургүйцэн бичиж эхлэв.
Асашёорюү Д.Дагвадорж фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Ах юм бол ах шиг байхгүй энд тэнд очиж ярилцлага өгөөд явахаа болимоор юм. Аль эсвэл ийм сэтгэцийн өвчтэй юм уу. Эр хүн сайн мууг нь ялгаж салгаж дуугарах хэрэгтэй Кёкүшюзан Батбаяр аа! Наад хүн чинь Аварга хүн. Чиний зүүдэнд чинь байхгүй мөрөөдөлд хүрсэн хүн. Олон долоон зүйл балайрахаа болчихвол зүгээр л байна шүү” хэмээн өөр нүүр хуудаснаа бичсэн байсан юм.


Ямартай ч Кюүшюү башёгийн эхний хоёр өдрийн дараа барилдаанаа амжилтгүй эхлээд зогсоосон Харүмафүжи мягмар гарагт дэвжээний багш Исэгахамагийн хамт Таканохана дэвжээнд очиж, албан ёсоор уучлал гуйж, мөн Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү болон удирдах зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж байцаалт өгсөн. Харин Японы цагдаа нар лхагва гарагт ёкозүна Харүмафүжигийн хэргийг шалгаж байгаагаа зарласан бол Японы сүмо бөхийн холбоо энэ сарын 26 буюу арваннэгдүгээр сарын барилдаан дуусах хүртэл ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдээд байна. Сүмо сонирхогчид энэ хэрэг явдал нь ёкозүна Харүмафүжиг зодог тайлуулах шийдвэр гаргуулах магадлалтай гэцгээж байна.