УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй

УИХ-ын гишүүн “Д.Гантулгын гэм бурууг тогтоочихсон” мэтээр ярьж яваа иргэн Ч.Наранзаяа болон түүний өмгөөлөгч нар 2017.09 сараас эхлэн “Үндсэн Хуулийн цэц, Улсын Их Хуралд хандан гомдол гаргасан” тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн.

 

Тодруулбал:

Өмгөөлөгч Б.Мэргэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “… УИХ-ын гишүүн Д.Гантулга нь бусдын биед хүч хэрэглэн, Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заагдсан бусдыг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн тул Үндсэн Хуулийн 29.3 дахь хэсэгт байх “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг  шийдвэрлэнэ…” гэсэн байгаа мөртлөө Улсын Их Хурлын Тухай Хууль ( МУИХТХ)-ийн 34.7-д…гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно… гэсэн байгаа нь Д.Гантулгад давуу эрх олгосон байна. Ийм учраас хүчиндэх гэмт хэрэг  үйлдсэн энэ нөхрийг цэцээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэх утгатай зүйл ярьжээ.

Үүнээс харахад Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхэд халдаж тэдний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилготой зохион байгуулалттай гүжир гүтгэлэг, элдэв доромжлол дайралтуудаас сэргийлэх, Монгол төрийн хамгаалалтын дархлааг сайжруулах үүднээс хууль эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болжээ.

Үндсэн хуулийн 29.2 дах хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гэсэн заалт бий. Энэ нь дэлхийн бүх улс оронд байдаг түгээмэл заалт юм. Анх манай улсын үндсэн хуулинд  1992 онд хуульчилж өгсөн байна. Тус заалттай нийцүүлэн Улсын Их Хурлын тухай хуулийн  6.6.6-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэснээр эргүүлэн татах, мөн хуулийн 6.9.1.”гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэснээр түдгэлзүүлэх үндэслэл үүсдэг байна. Үндсэн хуулийн нэг заалтыг баримтлах замаар нөгөө заалтыг үгүйсгэх боломжгүй юм.

“Мэргэн” гэх өмгөөлөгч Үндсэн хуулийн 16.14-т “… гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (ЭХХШТХ)-ийн 1.15.1 “..Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүнийг…гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцохгүй.” гэж заасныг зөрчиж, үйлчлүүлэгчийнхээ ярианд хэт үнэмшиж түүний яриаг хөдлөшгүй нотлох баримт гэж эндүүрэн “… гишүүн Д.Гантулга хүчингийн гэмт хэрэг үйлдсэн тул гишүүнээсээ огцрох ёстой ..” хэмээн  мэдэгдэл хийсэн байна.

Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгч нь гэмт хэргийн хохирогч үнэхээр мөн эсэхийг эхлээд шүүхээр тогтоолгосны дараа улс төрийнхөө жүжгийг үргэлжлүүлэн гишүүний бүрэн эрхийн асуудалтай зууралдан түүнийг огцруулахаар “Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурал” гэх мэт холбогдох газруудад хандан ёстой.  Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь шүүх тогтоогоогүй байхад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх маргааныг хаана ч шийдвэрлэх боломжгүй. Ямар ч тэнэг хүн үүнийг хараад ойлгоно. Гэтэл асуудал тодорхой болоогүй байхад “Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэж байгаа нь өөр ашиг сонирхол байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.

“Д.Гантулга хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тул…” хэмээн орных нь хажууд зогсоод харж байсан мэт айлдан хэвлэлд мэдээлэлд ярилцлага  өгч байгаа Мэргэн “түргэн” өмгөөлөгч маань 2017.07.01-нээс эхлэн хэрэгжиж байгаа шинэ ЭХХШТ хуулийн “7.2 дугаар зүйл. Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох” гэсэн заалтыг анзаараагүй бололтой.

  1. “Шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчид….гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.
  2. “…өмгөөлөгч….гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх…өмгөөлөгч….хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөнөөр хуулийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдсэн байна. Ингэж яаран сандран мэдэгдэл хийж “од” болон тодрох мань эр, сэтгэл дотроо хийхээр төлөвлөж байгаа шүүх хурлаа болохоос өмнө өмгөөлөх эрхээ хасуулах тухай хуулийн заалт ч бий.

 Tug.mn