Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмены хэлсэн үг

Азийн хөгжлийн банкнаас жил бүр нийтлэн гаргадаг эдийн засгийн тайлангаас есдүгээр сарын 26-ны өдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Энэхүү тайлангийн шинэчилсэн дугаарт Монгол улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 4 хувь, 2018 онд 3 хувь байна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. 

Тайлан танилцуулах нээлтийн үеэр АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч  Ёланда Фернандез Ломмен үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна.

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

 Өглөөний мэнд, ноёд хатагтай нар аа!

Намайг Ёланда Фернандез Ломмен гэдэг. Би АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажилладаг. 2017 оны Азийн хөгжлийн төлөв тайлангийн шинэчилсэн хувилбарыг өнөөдөр та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна.

Надтай хамт АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий, эдийн засагч Л. Амар нар ирсэн байна.

Одоо та бүхэнд Ази, Номхон далайн бүс нутгийн төлөвийн гол үзүүлэлтүүдийг танилцуулья.

Бүс нутгийн хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 онд 5.9 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь 2016 онд 5.8 хувь байсантай харьцуулахад бага зэрэг өссөн дүн бөгөөд бидний 4 дүгээр сард гаргасан таамгаас 0.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Дэлхийн худалдаа эрчимжсэний зэрэгцээ голлох үйлдвэрлэгч орнуудын эдийн засаг сэргэсэн, бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн, мөн БНХАУ-ын өсөлт хүлээлтээс давсан зэрэг нь бүс нутгийн эдийн засгийн байдалд эерэг нөлөө үзүүллээ.

Азийн хөгжлийн төлөвийн энэхүү шинэчилсэн тайланд бүс нутаг дахь 2017 оны инфляцийн дундаж хэмжээг 3.0-аас 2.4 хувь болгож, мөн 2018 оны үзүүлэлтийг 3.2-аас 2.9 хувь болгож тус тус бууруулсан. Газрын тосны үнэ тогтвортой байгаа нь бүс нутаг дахь дотоодын түлшний үнэ зөөлрөхөд нэмэр болж, түүхий эдийн зарим томоохон импортлогч нарын тухайд гаргасан төсөөллийг бууруулахад хүргэсэн байна. Мөн хүнсний үнэ дэлхийн хэмжээнд тогтвортой байгаа нь үүнд нөлөө үзүүлсэн бас нэгэн хүчин зүйл юм.

Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг тогтворжсон тул ерөнхий төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэл харьцангуй бага гэж үзсэн, тиймээс 2017, 2018 онуудад АНУ, евро бүс нутаг, Японы өсөлтийг тус тус 2 хувь болгож нэмэгдүүлсэн. АНУ-ын мөнгөний бодлогын гэнэтийн өөрчлөлт нь хөгжиж буй Азийн бүс нутгаас их хэмжээний хөрөнгийн урсгалыг гадагш гаргах магадлалтай байсан ч, авах арга хэмжээний талаар Холбооны нөөцийн банкнаас урьдчилан мэдэгдсэний ачаар зах зээлийн үндэслэлгүй хариу үйлдлээс урьдчилан сэргийлж чадсан байна.

Эдийн засгийн төлөвөөс гадна, энэхүү шинэчилсэн тайланд төр, хувийн хэвшлийн түншлэлийн сэдвээр тусгай бүлэг нэмж оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэл нь дэд бүтцийн дутмаг байдлыг шийдэхэд нэн тохиромжтой хэрэгсэл юм. Үүнтэй холбоотойгоор дурдахад, АХБ-наас гаргасан Ази, Номхон далайн дэд бүтцийн эрэлт хэрэгцээний үнэлгээний тайланд бүс нутгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд 2030 он хүртэл тус бүс нутагт жил бүр ойролцоогоор 1.7 триллион ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж дурдсан. Ийм нөхцөлд, шаардлагатай санхүүжилтыг бүрдүүлэхийн төлөө улсын болон хувийн хэвшлийн хөрөнгийг татан төвлөрүүлж, үр ашигтай зарцуулахад төр, хувийн хэвшлийн түншлэл нь тус нэмэр болно. Тайлангийн бүрэн эхийг АХБ-ны вэб хуудаснаас авах боломжтой.

Одоо Деклан Магий та бүхэнд Монголын эдийн засгийн төлөвийн тухайд АХБ-наас хийсэн шинэчилсэн үнэлгээг танилцуулах бөгөөд дараа нь асуулт, хариултын цаг байгаа. Монголын эдийн засагт сүүлийн үед гарсан эерэг чиг хандлага АХБ-ны зүгээс өмнө нь Монголын эдийн засаг сэргэх магадлал өндөр гэж мэдэгдэж байсныг баталгаажуулж өгсөн.

Анхаарал тавьсанд баярлалаа.