Ким Жом Гүг: Ямар ч хоол, хүнсийг тааруулж идвэл бүгдээрээ л сайн шүү дээ

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд есдүгээр сарын 13–14-ний өдрүүдэд Солонгосын хүнс, хөдөө аж ахуй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалт болж амжилттай өндөрлөлөө.

Солонгосын Нунсан хотын Ёнмүгийн ХАА-н хоршооллын төлөөлөгч Ким Жом Гүг ярихдаа "Монгол хүмүүсийн хүнсний гол түүхий эд нь мах гэдэг шиг эрт дээр үеэс Солонгос Улсад будааг хүнсний гол түүхий эд гэж үзсээр ирсэн. Маш олон төрлийн будаа тариалдаг. Найнг будааг солонгосчууд идэх дуртай байдаг. Энэ будаа нь хуурсан байдаг. 

Будааг тариалсан байршил, газар нутгаас хамаарч чанар нь өөр өөр гардаг. Дээд зэрэглэлийн будаа, ахуйн хэрэглээний энгийн будаа гэх зэрэг төрлүүдийн чанараас хамаарч үнийн хувьд ялгаатай. Сүүлийн үед будааг идэхэд энгийн нүүрс ус ихтэй учир таргалуулна гэж хүмүүс ярьдаг болсон. Үүнээс үүдээд Солонгост хольсон будаа гэх мэт олон төрлийн будааг тариалж, их гаргаж байна. Будааг их идэхээр биенд тийм сайн биш гэдэг. Ер нь ямар ч хоол, хүнсийг тааруулж идвэл бүгдээрээ л сайн шүү дээ." тайлбарласан.

Жин-Хуй Рю: Гүн орхоодой нь хүмүүсийн биеийн тэнхээг сайжруулах, мартамхай байдлыг сэргээнэ

“Нульмуй хүн орхоодой” хэмээх хүн орхоодой тариалах, боловсруулах мэргэжлийн компаниийн ерөнхий менежер Жин-Хуй Рю хүн орхоодойтой жүүс, чихэр, вино зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулахдаа “Нунсан хотод манай компани байдаг. Гүн орхоодойн бүтээгдэхүүнийг ааваас уламжилж ирсэн гэр бүлийн бизнес байгаа юм.

Эртний гүн орхоодойг ургуулж, удаан хадгалж, аюулгүй шинэ бүтээгдэхүүнийг шинэ технологиор гаргаж авдаг. Хүнсний 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн авчирсан. Бид харилцагчдын хүсэж байгаа хэмжээ, сав, баглаа боодол зэргээр хийдэг. Манай компани олон улсын зөвшөөрөлтэй. Япон, Европ, Солонгосын тусгай зөвшөөрөлтэй. Гүн орхоодой нь хүмүүсийн биеийн тэнхээг сайжруулах, мартамхай байдлыг сэргээх, ой тогтоолтыг сайжруулдаг. Эрүүл мэндэд тустай сайн талууд олон бий.” гэж ярив.

Солонгосын Magma mineral salt, O-LUM MUL SAN компанийн захирал Шин Ин Баэк хэлэхдээ “Чэжү аралд үйлдвэрлэдэг тос, цай, гоо сайхан, архи, шоколад, набор зэрэг 13 төрлийн бүтээгдэхүүн авчирсан. Эдгээр бүтээгдэхүүнд Чэжү аралд олон улсын аялалын худалдаагаар хамгийн их зарагддаг юм.” гэсэн юм.

Б.Баярмаа