А.Энхбаяр: Солонгост Активын удирдлагын компани нь чанаргүй зээлийг чанартай болгох менежментээр ажилладаг

Монголын Банк санхүүгийн академи БНСУ-ын Банкны институттэй хамтарсан “Чанаргүй зээлийн удирдлага”, “Цахим банк-Финтек” сэдвээр форум Блюй Скай зочид буудлын Кристал танхимд наймдугаар сарын 29-ны үдээс хойш болсон юм.

Энэ үеэр Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Монголын банкны холбооны Эрсдэлийн удирдлагын мэргэжлийн зөвлөлийн дарга А.Энхбаяртай ярилцлаа.

-Монгол, Солонгосын чуулга уулзалтаар банкуудын чанаргүй зээлийн талаар туршлагаасаа хуваалцлаа. Банкуудын чанаргүй зээл дэлхийн хэдэн оронд байдаг юм бэ?

-Чанаргүй зээл дэлхийн бүх улсуудад байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад ч чанаргүй зээлийн асуудал яригддаг. Монголын Банк санхүүгийн академи болон БНСУ-ын Банкны институттэй хамтарсан энэ удаагийн уулзалтын хэлэлцүүлгээр Солонгосын тал төрийн өмчит Активын удирдлагын компани чанаргүй зээлийг яаж хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцлаа. Банкны салбарт нэгэнт чанаргүй зээл байдаг. Энэхүү зээлийг яаж, оновчтой удирдах вэ гэсэн дэд бүтцүүд үүсгэх ёстой юм байна. Солонгос Улс банкуудын чанаргүй зээлд туршлагатай менежментийг хэрэгжүүлэх бололцоотой, дараагийн шатны бизнесийн нэгжүүдийг авах бололцоог хангаж өгсөн байна. Энэ туршлага нь ганц Солонгост биш өндөр хөгжилтэй орнуудад ч байдаг.

-Манай улсын хувьд чанаргүй зээлд банкууд ямар туршлагаар шийддэг юм бэ?

-Манай улс Активын удирдлагын компанийг судлах ажил 2013 оноос яригдаж эхэлсэн. Энэ асуудлаар Монгол банктай арилжааны банкууд хамтарч ярилцсан байдаг.

Харин манай улсын банкны тухай эрх зүйн орчинд чанаргүй зээл тодорхой түвшинд зохицуулалттай юм шиг мөртлөө зохицуулалтгүй байдлаар тусгагдсан.

-Чанаргүй зээл банкуудад ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бол?

-Энэ талаар нарийвчилан зохицуулсан заалт хууль эрх зүйн хүрээнд суулгаж өгөөгүй. Монгол Улс энэ асуудлыг хөндөх цаг нь болсон байна. Манай банкны салбар чанаргүй активт зөв менежмент хийх ёстой.

-Чанаргүй зээлийн эргэн төлөлтийн эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж байгаа юм уу?

-Үгүй, үгүй. Хаан банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал энэхүү хоёр талын туршлага солилцсон хэлэлцүүлэгт танилцуулга хийлээ. Хаан банкны хувьд чанаргүй зээлийн 52 хувь нь эргэн төлөгддөг гэж ярьж байна. Монгол Улсын хувьд чанаргүй зээлийн эргэн төлөлт нь олон улстай харьцуулахад өндөр байдаг. Энэ жил банкны салбарт чанаргүй активын чанарын үнэлгээ хийх үеэр урьдчилан судалгаа хийж үзсэн. Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд чанаргүй зээлийн 63 орчим хувь нь эргэн төлөгддөг гэсэн статистик үзүүлэлт гарсан. Манай банкны салбарын журмын зохицуулалтаар чанаргүй зээл нь эргэн төлөгдөх хүртлээ чанаргүй үзүүлэлтээр авч үздэг. Энэ зөрчил арилаад, гурван удаагийн дараалсан юм уу, гурваас дээш сарын эргэн төлөлтийг хэвийн зээл болго гэсэн асуудал гарч байна.

-Дэлхийн хэмжээнд банкны салбарт чанаргүй зээлийг хүчингүй болгох асуудал байх уу?

-Энэ нь янз бүрийн асуудалтай холбоотой. Жишээ нь, Солонгос Улсын жишээнээс яривал кредит картны хямралын үеэр тодорхой хэмжээний кредит карт багцыг улс нь худалдаж авсан тохиолдол байна. Тэр чанаргүй зээлийн багцын асуудлыг одоо болтол яаж шийдэгдэх нь тодорхойгүй байдаг гэж ярилаа. Гэхдээ энэ шийдэл чанаргүй зээлийг хүчингүй болгосон биш, түр хугацаагаар хойшлуулсан гэж авч үздэг юм байна.

Харин шууд хүчингүй болгох гэсэн үйлдэл нь Активын удирдлагын компанид арай өвөрмөц байдлаар авч үздэг юм. Мөн Активын ангиллын журамд ч, Сангийн яам, Монгол банкны хамтарсан журамд тодорхой эрх зүйн зохицуулалтыг хөнгөлөлт, чөлөөлөлт гэсэн утгаар тусгасан байдаг.

-Солонгос Улсын банкны чанаргүй зээлийн туршлагаас Монголын банк, санхүү, нийгэм эдийн засгийн бодит хөрсөнд тохирох, хамгийн оновчтой ямар арга, туршлага байна вэ?

-Солонгосын туршлагаас сонсоод арилжааны банкуудын оролцоотой Активын удирдлагын компанийг байгуулж болох нь. Энэхүү компани нь чанаргүй зээлийг аваад цааш нь чанартай болгох менежмент хийж, ашигтай ажиллах боломжтой гэж ярьж, зөвлөж, туршлагаасаа хуваалцлаа.

Б.Баярмаа