Манай боксчид бүгдээрээ медалийн төлөө тулалдана

Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий шилдэг наймд Монголын дөрвөн боксчин хамтдаа шалгарч нэгэн түүхийг бичлээ.

 

Монголын дөрвөн боксчин энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөх дөрвүүлээ медалийн төлөө өрсөлдөх буюу 100 хувийн амжилттай оролцож байна хэмээн АЙБА буюу Олон улсын боксын холбооны сайтад онцолжээ.

49кг: ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөсөн. Улмаар Туркийн Унлу Мухаммедтай гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн 5-0 оноогоор ялалтаа авсан. Наймдугаар сарын 29-ний үдээс хойш Риогийн олимпын мөнгөн медальт Колумбийн Мартинес Ривас Юрбергентэй дэлхийн аваргын медалийн төлөө тулалдана.

60кг: Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай эхний тойрогтоо гоц мөргөсөн. Урд шөнө эхний тоглолтоо Израйлын Павел Ишченкотой хийж 5:0 ялснаар шилдэг наймд шалгарлаа. Хагас шигшээд үлдэх тулаанд Кабрера Луйстай өнөөдөр үдээс хойш хүч үзнэ.

64кг: ОУХМ Б.Чинзориг эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Унгарын Ковач Ричардтай тулалдаж 5:0 илт давуугаар ялсан. Хагас шигшээ цаашлаад медалийн төлөө өрсөлдөх тоглолтоо Европын аварга цолтойгоор дэлхийн аваргад өрсөлдөж буй Армяны Ховханис Бачковтой өнөөдөр хийнэ.

69кг: Монголын баг тамирчдын салхийг хагалан эрэгтэйчүүдийн 69кг-д ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тулаанаа хийлээ. Тэрбээр Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 яллаа. Наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 28-ны үдээс хойш ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Багиров Парвизтэй хүч үзэж 4:1 ялсан. Дараагийн учраа эзэн орны боксчин Абасс Бараутай наймдугаар сарын 29-нд үдээс хойш тоглоно.

Өнөөдөр медалийн төлөө тулаанууд манай цагаар 21:00-ээс, 01:00 цагаас, 31-нд хагас шигшээ тоглолтууд манай цагаар 00:00 цагаас, 01-нд хагас шигшээ тоглолтууд манай цагаар 00:00 цагаас, 02-нд шигшээ тоглолтууд манай цагаар 00:00 цагаас тус тус болно.