Ардчиллын анхны суурийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн тавьжээ

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн өдрийг наймдугаар сарын 17-19-ны өдрүүдэд улс орон даяар өргөн тэмдэглэж өнгөрүүллээ. Одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар1917онд тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх үндэс суурийг тавьсан түүхтэй ажээ. МҮЭХ-ны 100 жилийн ойн үеэр  тус салбарт олон жил ажиллаж яваа зарим хүмүүсийн байр суурийг сонирхлоо.

-МҮЭ-ийн холбоо 100 жилийн түүхэнд танай байгууллагын ҮЭ ямар амжилттай ажиллаж ирсэн бэ?

Увс аймгийн уугуул иргэн, ҮЭ-ийн ахмад ажилтан Ц.Баттөмөр: 

-Би Увс аймагтаа ҮЭ-ийн байгууллагуудад орон тооны болон орон тооны бусаар 27 жил ажилласан. МҮЭХ-ны ахмадын хорооны гишүүн, одоо 80 нас хүрч байна. Би анх 1960 онд МҮЭ-ийн анхдугаар спарткатад оролцож, хөнгөн атлетикийн уралдаанд шалгарч явсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл МҮЭХ-тойгоо хамт ажиллаж, амьдарч явж байна даа. Анхан шатны сум, сангийн аж ахуйн ҮЭЗөвлөлийн даргаар 10 жил ажиллахдаа хөдөөгийн хөдөлмөрчдийн дунд соёл, хүмүүжлийн ажлыг зохион байгуулж, тэдний эрх ашиг, хөдөлмөр хамгааллын асуудлын төлөө идэвхтэй ажиллаж байлаа.

Монголын хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилчны ҮЭХ-ны дарга Ч.Чимэг:

-Би долоо дахь жилдээ Монголын хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилчны ҮЭХ-ны даргаар ажиллаж байна. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 36 жил ажиллаж байгаа. Манай орон сууц, нийтийн аж ахуйн салбар зах зээлийн нийгэмд өмчтэй холбогдуулж хэд хэдэн удаа бүтцийн өөрчлөлтөнд орсон.

Манай нийт ажиллагсдаас засварчид, цахилгаанчид айл өрхүүдэд үйлчилдэг ажилтай хүмүүс байдаг. Айл өрхүүдийг дулаан, ус, цахилгаанаар хангаж, тэдний тав тухтай амьдралыг бүрдүүлж ажиллаж байна.  МҮЭХ-д бид бүтэц, зохион байгуулалт, менежментийн гэрээний талаар байр сууриа илэрхийлсээр ирсэн. Бид энэ асуудлаар Хотын дарга байсан Э.Бат-Үүл, ерөнхий менежер Б.Бадрал дарга нартай уулзаж, санал солилцож, ажиллаж байсан.

Монголын хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилчны ҮЭХ-ны анхны дарга эмэгтэйтэй хамт

Харин одоохондоо Монгол Улсын төрөөс нийтийн аж ахуйн салбарт баримтлах баримт бичиг гараагүй байгаа. Манай ҮЭХ-ноос тодорхой баримт бичигтэй болох шаардлагатай гэсэн саналаа яаманд хүргүүлсэн.

Монголын хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилчны ҮЭХ-г үүсгэн байгуулцсан, тэргүүлэгч Н.Төрбат:

-Би тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа бүх орон сууцны ажилчдын хөдөлмөр аюулгүй байдлын үйл ажиллагааг хянаж байна. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний аюулгүй үйл ажиллагааны чиглэлээр жил болгон сургалт явуулдаг. Тодруулбал, ХАБЭ-ийн бүх ажилчдыг хамруулсан. Орхон, Хөвсгөл, Дархан аймаг руу явж аюулгүй үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн Эрдэнэт хотын ҮЭХ-той хамтарч ажиллаж, ХАБЭ-ийн үйл ажиллагааны чиглэлээр сургалт явуулсан.

МҮЭСО-ны зөвлөх С.Гэрэлмаа: 

-Монгол Улсад 1917 онд ажилчин анги, үйлдвэр байхгүй байх үед монгол, орос ажилчдын дунд ҮЭ-ийн анхны үүр үүссэн байдаг. Энэ үйл явдлыг МҮЭ-ийн хөдөлгөөн үүссэн гэж тэмдэглэдэг. Тэр цагаас хойш ҮЭ нь монгол ажилчдын дундад ч өргөжиж, 100 жилийн түүхэндээ нийгэмд олон үүрэг гүйцэтгэсэн баялаг түүхтэй.

МҮЭХ-ийн үүсэл хөгжлөөс эхлээд соён гэгээрэх үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Харин манай ҮЭ-ийн соёлын ордон 41 жилийн түүхтэй. 1975 онд анх үүдээ нээсэн.  Хоёр орны Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Оросын ҮЭ-ийн хөрөнгөөр энэ ордон байгуулагдсан. МҮЭСО бол гишүүд болон нийгэмд үйлчилдэг байгууллага. МҮЭСО-ныг улсын өмч, төрөөс санхүүждэг байгууллага гэж хүмүүс андуурч ойлгодог. Манай байгууллага биеэ дааж, бүх үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.  МҮЭХ-ны боловсон хүчинг 100 жилийн түүхэндээ гадаадад, тухайлбал, ЗХУ-ын Ленинград, Москва хотод болон Герман Улсад төгсгөсөн байдаг. Миний Москва хотод ҮЭ-ийн ХДС-ийг төгссөн. Миний үндсэн мэргэжил хөдөлмөрийн эдийн засагч. Ер нь ҮЭ-ийн ажил бол хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалдаг юм.

Монголын Автозамчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Д.Цэрэнпүрэв:

Миний хувьд эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй боловч автозамын салбарт 23 жил, Автозамчдын ҮЭХ-ын даргаар найман жил ажиллаж байгаа. Манай Автозамчдын ҮЭ-үүдийн холбоо МҮЭХ-ны 100 жилийн түүхээс 90 жилийн түүхийг нь бүтээсэн байдаг. 1926 онд манай гүүрийн ажилчид эвлэлдэн нэгдснээр анхны холбоо үүссэн юм билээ.

Тиймээс 2016 онд 90 жилийн ойг тэмдэглэсэн. Манай АЗҮЭХолбооны ажилчид хөдөө хээр нутагт голдуу ажилладаг учир замчдын норм нормативыг шинэчлэн тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй байдлыг сайжруулах, ажилчдын хоол, амьдрах нөхцлийг сайжруулах томоохон ажлуудыг хийсээр ирсэн. Бид гурван талт хэлэлцээрийг байгуулж ажиллаж байна. Энэ хэлэлцээрээр ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, ажлын нормыг дахин шинэчлэх ажлыг хийж эхлээд байна. Мөн ажлын байрны болон аюулгүй байдлын сургалтыг ажилчдад зориулж зохион байгуулдаг. Манай ҮЭХ сайн ажилладаг ажилчдаа дэмжиж, шагнаж, урамшуулах ажил байнга явагддаг.

Хөдөлмөр сонины эрхлэгч Б.Бүрэнжаргал:

-Ардчилсан хувьсгалын хоёрдугаар хуралдааныг Хөдөлмөр сонинд анх нийтлэж байжээ. Тухайн үед Тагнуулын төв газраас ухуулга хуудас бичсэн байна уу гэж Хөдөлмөр сонины бичээч нарын бичгийн машиныг шалгадаг байсан түүхтэй юм. Ер нь Хөдөлмөр сонин ардчиллын индэр болж байсан.  Манай сонин анх 1928 оны тавдугаар сарын 10-ны өдөр Үнэн сонинд ҮЭ-ийн байдал гэдэг булан гаргаж, бичиж байснаар эх суурь нь тавигдсан гэж үздэг. Тэр үед утга зохиолын алдартай хүмүүс сонины эрхлэгч хийж байсан. Жишээ, ахмад үеийн уран зохиолын алдартай зохиолч Д.Даржаа, Д.Тарваа гэх хүмүүс юм. Харин Хөдөлмөр сонин 1990 он гэхэд 178 000 уншигчтай болж байжээ. Одоо 3000-5000 гаран уншигчтай байна.

Сурвалжилсан: Б.Баярмаа