Бэлэг бэлгийн дээд болсон МҮЭ-ийн түүхэн номын нээлт боллоо

МҮЭ-ийн холбооны шагнал гардуулах ёслол болон “МҮЭ-ийн хөдөлгөөний түүх”, “Алтан ном”-ын нээлт МҮЭ-ийн холбооны төв байранд наймдугаар сарын 17-ны өдөр боллоо. 

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү хоёр Алтан номыг бизнесийн зарчмаар бүтээж, ойдоо бэлэг барилаа. Түүхэн ном бичих талаар ҮЭ-ийн зарим гишүүд, ахмад ажилтнууд, ҮЭ-ийн сургууль төгсөгчдийн гаргасан саналыг дэмжиж, ОХУ-ын Хөдөлмөр, Нийгмийн харилцааны академи төгсөгчдийн Монголын холбоо  болон ном бичих баг уг ажлыг хариуцан гүйцэтгэжээ.

Г.Адъяа : МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жилийн ойн баяр бол Монголын ард түмний хамтын бүтээл 

Номын нээлтийн үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жилийн ойн баяр бол Монголын ард түмний хамтын бүтээл гэж хэлж болно. Энэ ойн баярын өдрүүдээр олон ажил явагдана. ҮЭ-үүдийн түүхийг ирээдүй үедээ үлдээх томоохон ажлууд бидэнд байсан. Иймээс тэр олон ажлуудын нэг болох МҮЭХ нь хоёр номыг бүтээлээ.

Нэгийг нь жишээ татахад, МҮЭ-ийн хөдөлгөөний түүхийг 1917-2017 он хүртэл харуулсан алтан ном. Энэ түүхэн замнал нь цаашид ҮЭ-ийн үе үеийн гишүүд, ажилтан, идэвхтэн, сонгуультнууд болон аж ахуйн нэгж байгууллагад нэгэн түүхэн эх сурвалж болж үлдэж байгаа юм.

Ер нь монголчууд номон суварга бүтээж, түүнийгээ залдаг баялаг уламжлалтай ард түмэн. Номыг алт, торгоор баринтагладаг ард түмэн дэлхийд байхгүй. МҮЭХ-ны 100 жилийн ойд зориулсан номын нээлтэнд хүрэлцэн ирсэн төлөөлөгч та бүхэнд талархал илэрхийлье” хэмээн хэллээ.

Үүний дараа уригдсан ирсэн лам Ринбүүчи, Ширээт лам З.Гончигжав дээрх хоёр номыг аравнайлж шүншиглэж, морин хуурч  нь "Төрийн сүлд минь өршөөж байх болтугай гэж ерөөгөөд аялгуут сайхан морин хуураар түүхэн хөгжлийг харуулсан номыг мялааж, хуурдъя" гэж  хэлээд, аялгуу сайхан эгшиг цуурайтуулан морин хуураар тоглов.

Х.Амгаланбаатар : 100 жилийн ойдоо барьж байгаа номон хөшөө юм

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Бэлэг бэлгийн дээд ном байдаг. Монгол Улсад МҮЭХ үүсч хөгжсний 100 жилийн ойд зориулж бүтээсэн түүхэн номын нээлтийг ёслол төгөлдөр эхлүүлж байна. Монгол Улсын Үндэсний төв архив болон бусад эх сурвалжийг албан ёсоор хадагладаг эрх бүхий байгууллага, өмнө бичигдсэн түүхэн эх сурвалжуудаас сонгож, энэхүү номыг бүтээсэн.

ҮЭ-ийн холбоо, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн холбооны харъяа байгууллагуудын үүсэл, хөгжил, явуулж байсан үйл ажиллагаа, хийж гүйцэтгэсэн онцлог ажлууд, МҮЭ-үүдийн их, бага хурал, МҮЭ-ийн байгууллагуудтай ажил төрлийн холбоотой байсан хувь хүн, байгууллагуудын хамтын ажиллагаа зэргийг түүхэн номондоо багтаасан. Энэхүү хоёр сайхан бүтээлийг бүтээх тусгай ажлын хэсэг гарч, номын редакци байгуулагдан, бүтэн нэг жил ажилласан. Энэ ном нь маш том судалгааны бүтээл боллоо. Мөн 100 жилийн ойдоо барьж байгаа номон хөшөө юм гэдгийг онцлон тэмдэглэж хэлмээр байна” гэж тодотгон хэлэв.

Б.Баярмаа