П.Оюунбаяр: Болор саванд буй ганц цээнийн цагаан цэцэг зурахдаа цэвэр ариун эмэгтэйг хамгаалж бэлгэдсэн

Зураач П.Оюунбаяр “Цэцэг”, “Мандарваа”,“Намар”,“Цэцгийн тал” зэрэг сэдэвт бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн он жилүүдэд гаргаж байв.

Тэрээр 2015 онд БНХАУ-ын Шанхай хотын олон улсын үзэсгэлэнд оролцож, тусгай байр болон хоёрдугаар байрын шагнал хүртэж байжээ. Өнгөрсөн хагас сайн буюу долоодугаар сарын 29-ны өдөр эрхэм зураач маань “Дэлгэрэх” хэмээх цэцгийн бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэсэн юм.Тэр үеэр зураач П.Оюунбаяртай цэцэгсийн бүтээлийн илэрхийлэл, онцлогийн талаар ярилцлаа.

-Танд цэцэгсийн бүтээлээ гаргасанд баяр хүргэе. Үзэсгэлэнд хэчнээн төрлийн цэцгийн зургууд тавигдсан бэ?

-Их баярлалаа. Миний зурсан сүүлийн хоёр жилийн бүтээлээр бие даасан үзэсгэлэнгээ гаргаад байна. Үзэсгэлэнд 10 гаруй зургууд тавигдсан. Долоо хоног үргэлжилнэ.

-Цэцэгс зурахад зураачаас ямар чадвар шаарддаг юм бэ. Таны зурсан цэцгүүдээс их уран нарийн, чимхлүүр ажил харагдлаа?

-Цэцэг зурах тухай эртнээс бодож байсан. Цэцэг бол их гоё санагддаг. Ер нь зураачид хамгийн гол нь цэцэг сайн зурж чадахгүй, зурахад хэцүү байдаг гэж ярьдаг. Би бас цэцэг зурахад хэцүү байсан. Юуны тулд зураач болж төрсөн билээ, цэцэг сайхан зуръя гэж төсөөлөн бодож байж зурсан. Би өмнө нь үзэсгэлэнгээ гаргах гээд тосон будгаар цэцэг зурахад овоо амжилттай болж байсан.

Харин зураачид маань усан будгаар зурахад хэцүү байдаг гэж ярьдаг юм. Яагаад гэвэл усан будгаар цэцэг зурахад нэг л удаа тавилт хийдэг. Тиймээс би цэцгүүдээ зурахын тулд нэлээн их дадлага хийж, арга барилыг нь олж, чармайсан. Зураач хүнээс энэ бүх чадвар шаардсан даа.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн бүтээлд тосон будгийн цэцэг бас бий юу?

-Бүгд усан будгаар зурсан. Ер нь миний энэ бүтээлийн үзэсгэлэнд томоохон бүтээлүүд тавигдаагүй. Нэлээд хэдэн том бүтээлүүд минь зарагдсан. Би гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийнхээ заримаас нь энэ удаа дэлгэж тавьсан.

-Цэцэг бүртээ нэр өгсөн үү?

-Үгүй. Цэцэг гэдэг нь асар уудам утга, учиртай мэдрэмж л дээ.

-Дэлгэрэх гэдэг нэрийг ямар утгаар өгөв?

-Эхлээд би цэцэгнүүдээ зурах ажиллагаандаа их шамдаж байсан. Цэцэгнүүдээ зурчихаад, ажиглаж харж байснаа “хүүшээ үзэсгэлэнгээ гаргая” гэж шууд бодсон. Тэгээд Якут хотыг зорьж, тэнд 10-аад бүтээлээр нөхрийнхөө хамт үзэсгэлэн гаргасан. Монголдоо ирээд хэдэн цэцэг зураад бас нэг үзэсгэлэн гаргая гэж бодож, зурсан минь өнөөдөр биеллээ оллоо. Үзэсгэлэнгээ гаргах дөхөөд, нэр өгөх боллоо. Гэтэл “Цэцэг” гэдэг нэр өгч болохгүй санагдаад. Ер нь би зургаа хүмүүст хамаагүй үзүүлдэггүй юм. Тэгээд хэдэн таньж, мэдэх хүмүүстээ “Би цэцэг зурсан. Үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Ямар нэр өгөх вэ. Санаа хэлээч” гэж асуув. Хүмүүс их сонин, сонин нэр хэлж байсан л даа. Миний хувьд их ухаантай, оюунлаг, гэгээрч боловсорсон, гэгээлэг хүмүүсээс асуусан юм.Тэдний дундаас Оюунчулуун эгчийн өгсөн “Дэлгэрэх” нэр надад их таалагдсан учир цэцгийн үзэсгэлэнгээ нэрлэсэн.

-Онгон охинд зориулсан цэцэг гэж ганц цэцгийг та үзэсгэлэнгийн үеэр тайлбарлаж байсан. Энэ цэцэг ямар учиртай юм бэ?

-Цэцэг болгоныг харвал өөр өөрийн мэдрэмжтэй. Би устай болор саванд буй ганц цагаан цэцэг зурахдаа цэвэр ариун эмэгтэйг хамгаалсан бэлгэдлийг илэрхийлсэн. Энэ бол цээнийн цагаан цэцэг юм. Болор бол юмыг хамгаалж байдаг. Монголчууд цээнийн цэцгийг бэлгэшээдэг юм байна лээ. Оюунбаяр аа, Чи цэцэг зурдаг. Цээнийн цэцэг зураад өгөөч гэж зуруулж байсан хүмүүс ч бий.

-Цээнийн ягаан цэцэг бас сайхан ?

-Цээнийн цэцэг их олон өнгөтэй байдаг юм билээ. Би их гоё дэлбээлсэн цэцэг зурсан. Энэ цэцгээ зурж байхдаа их бодсон. Мөн гурван өнгөтэй сарнай цэцэг зурсан. Гэтэл манай гурван охин тэр гурван цагаан сарнайг үзээд “Ээжээ энэ цэцэг бид гурав байна” гээд хажууд нь хамт зургаа авахуулж байх жишээтэй. Харин цагаан уул цэцгийг хүмүүс мөхөшгүй мөнхийн бэлгэ тэмдэг гэж хэлээд, хажууд нь зургаа татуулъя гэх мэт хөөрхөн ярьж байдаг.

-Цэцэг бол хамгийн сайхан илэрхийлэл байдаг. Хүнийг цэцгээр зүйрлэвэл?

-Цэцэг ерөөсөө хүнд аз жаргал өгнө. Би зураачийн хувьд цэцэг зурахад маш хэцүү гэдгийг сайн ойлгож байгаа. Одоо 50 нас гарчихлаа. Өнгөрсөн он жилүүд, амьдралаа бодоход  би өөрийгөө их доош нь дарж явжээ. Хаа хамаагүй бүтээл хийж, зураад, өөрийгөө мандуулаад, сүр сар хийж явсангүй.

Надад их сайхан олон хүмүүс зөвлөгөө өгдөг. Манай бэр эгч их гайхалтай хүн. Тэр эмэгтэй Чингэлтэй дүүргийн Шүүхийн дарга байсан. Хүн болж төрснийх хүн зөв зүйтэй явах, сайн сайхан явах талаар зөвлөгөө өгдөг маш сайхан үлгэр дууриалтай эгч минь юм.

Мөн бид гэр бүлээрээ Төв хороонд ажиллаж байсан Самбуу гуайн хүү Сүрэнжав их үнэнч шударга, үнэн зөв үгтэй, эдийн шунал байхгүй хүнтэй харилцаатай байдаг. Сүрэнжав маань амьдрах ухааны талаар их сайхан ярьж, зөвлөнө. Ер нь хүн их гоё, сайхан хүмүүсээс үлгэр дууриал авч, амьдрах арга ухаан зөв, өөрийгөө хаана ч зөв авч явах ёстой гэж боддог. Би өөрийгөө их ичимтгий, дарж явсан юм байна гэдгээ хожуу ойлгосон.

-Дэлхийд цэцэг зурж дагнасан юм уу, эсвэл дагнаж зурдаггүй юм аа гэхэд тодорхой хугацаанд цэцэг зурж, бүтээлээ сонирхуулдаг зураачид хэр олон байдаг бол?

-Би хар багаасаа зурсан. Манай нөхөр 19 настайдаа надтай сууж, хоёулаа зураачаар өдийг хүртэл ажиллаж байна. Бид хоёр дэлхийг тойрч, гадаадын олон оронд үзэсгэлэнгээ гаргасан. БНХАУ-ын Бээжин хотод Олон улсын зураачийн төвд ажиллаж үзлээ. Гадаадын олон зураачидтай найз нөхөд болсон. Яг усан будгаар юм уу, тосон будгаар дагнаж цэцэг зурдаг зураач бараг байдаггүй. Тэр үед би цэцэг зурж дагнах юм байна гэж бодсон юм. Гэхдээ цэцэг үе үе зурдаг зураачид байдаг.

-Их баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Ярилцсан Б.Баярмаа