Олимпийн медальт тамирчдыг Засгийн газраас 30-60 сая төгрөгөөр шагналаа

Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.
 
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.
 
Бразилийн олимпийн наадамд оролцсон тамирчдынхаа тэмцээнийг монголчууд бид суудлаасаа өндөлзөн үзэж, зүрх сэтгэлээрээ тамирчдаа дэмжиж байлаа. Та нар минь бидний итгэлийг алдалгүй, олимпийн медалийн буухиагаа үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 2020 онд Токио хотноо болох олимпод илүү амжилттай оролцож, медалийн өнгөө хувиргаарай гэж ерөөлөө.
 
Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг авна. Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувийг авахаар Засгийн газрын тогтоолд заажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.