Натали Портман: Жаклин Кеннеди надаас ялгаатай нь их эмэгтэйлэг

Найруулагч Пабло Ларраины бүтээж буй “Жаккие” киноны гол дүр буюу АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн гэргий тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн дүрд жүжигчин Натали Портман тоглож байгаа билээ.
 
Тус кинонд Ерөнхийлөгч Жон Кеннедиг таалал төгссөний дараах Жаклины амьдралыг үзүүлэх аж. Түүхэн сэдэвт “Жэккие” кино ирэх сарын 7-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох юм байна. Ингээд жүжигчин Натали Портманы “Interview” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
 
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та их өвөрмөц дүр төрхтэй. Хаана төрсөн бэ?
 
-Уншигчдадаа мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Би Израйлын Иерусалим хотод төрсөн. Гурван настайдаа АНУ-д ирж, Вашингтон мужид сууришсан. Долоон настайдаа Коннектикуд муж руу нүүн ирж, есөн настайдаа Нью Йорк хотод ирж одоог хүртэл амьдарч байна.
 
-Та бол Холливудын нөхөрсөг жүжигчний нэг. Ер нь хүн найз, нөхөр, шинэ хамт олонтой болоход юунд анхаарах хэрэгтэй байдаг вэ?
 
-Хаа ч явсан олон хүнээр хүрээлүүлдэг нь аливаад дасан зохицох чадвартай холбоотой байх. Одоо бодоход залуу байх тусмаа хүнтэй нөхөрлөхөд илүү амархан байдаг юм байна. Учир нь насанд хүрсэн хүн өөр нэгнээс өө эрж, шүүмжлэлтэй хандаж, шалгуур тавих талтай. Хүүхэд бол “Хоёулаа найзлах уу. Тэгье” гээд л болно. Харин томчууд “Ямар ажил хийдэг вэ, хүнтэй гэрлэсэн үү” гэх мэт хувийн ашиг сонирхлын шалгуураар ханддаг.
 
-Та өөрөөсөө дүү эсвэл ахмад найзтай юу?
 
-Олон насаар дүү найз бол байхгүй. Ахмад үе гэвэл эцэг, эх маань байна.
 
-Эцэг, эхтэйгээ найз нөхөд шиг дотно сайхан харилцдаг хүн цөөхөн шүү.
 
-Биднийг зогсохгүй хайрлах хүн нь аав, ээж байдаг. Тиймээс бүхий л амьдралын минь хамгийн үнэнч бөгөөд сайн найз гэж боддог. Би найзуудаасаа илүү аав, ээжтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Найзуудаас илүү эцэг, эх минь миний тухай ихийг мэдэж, намайг сонсдог. Тусдаа гарснаасаа хойш л тэднийхээ үнэ цэнийг илүү мэдэрч байна даа.
 
-Та дүүтэй юу?
 
-Үгүй. Би айлын ганц хүүхэд. Хааяа ах, эгч эсвэл дүүтэй байсан бол ээж надад их цаг зарцуулахгүй, эрх хүүхэд болж өсөхгүй байсан байхдаа гэж боддог. Манайх энгийн л айл. Аав минь эмч мэргэжилтэй, ээж уран бүтээлч.
 
-Анхны уран бүтээл “Professional” киноны Матилдагийн дүр таныг алдар нэрд хөтөлсөн. Киног дэлгэцэд гарсны дараа хүмүүс таныг чадварлаг жүжигчин гэж дүгнэж байсан ч хэсэг кино сонирхогчид ёс суртахууны хэм,хэмжээг хэтрүүлсэн танхай бүдүүлэг гэж шүүмжилж байсан?
 
-Тийм шүү. Хэсэг бүлэг биш маш олон хүн шүүмжилсэн. Тухайн үед надаас гадна эцэг, эхийг минь хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй гэж чичлэхэд нь үнэхээр дургүй хүрч, үзэн ядаж байлаа. Яагаад аав, ээжийг минь өөлөөд байгааг ойлгоогүй. Хэрвээ тэдний хүүхдийг ингэж шүүмжилсэн бол ямар санагдах бол. Бодит амьдралд буу барьж, тамхи татаад явах хүн биш болохоор гүтгээд ч байгаа юм шиг санагдаж илүү хүнд туссан байх. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн нийтлэл их гарсан. Тэнд үнэнээс хол зөрсөн зүйл их байсан. Заримыг нь уншаад “Энийг бичсэн хүн зөв кино үзсэн байгаа. Кинон дээр болоогүй зүйлийг биччихсэн байх юм” гэж бухимддаг байсан.
 
-12 настай охин биеийн ихэнх хэсгээ гаргасан хувцас өмсөөд кинонд тоглоно гэдэг шүүмжлэл дагуулахаас аргагүй гэж бодож байна?
 
-Тийм ээ, найзын маань ээж нэг удаа “Наталид юу болоод байгааг, юу болохыг ойлгох боломж байдаггүй байх. Зүгээр л уран бүтээл гэж хүлээж авах хэрэгтэй” гэж ярьж байсан. Энэ үнэхээр үнэн.
 
-Тэгвэл “A Tale of Love and Darkness” кино найруулагчаар ажилласан анхны уран бүтээл. Найруулагчаар нь ажиллаж, гол дүрд нь тоглох хэр хүндрэлтэй байв?
 
-Найруулагчийн суудалд суугаад өөрийнхөө жүжиглэлтийг хянана гэдэг их хэцүү юм билээ. Тийм хэцүү гэж төсөөлөөгүй. Өөрийгөө харахаар хацар улайгаад, газар доор ормоор санагдаад ичээд байсан. Хэрвээ би найруулагч болбол хэзээ ч чанга хашхирч загнахгүй гэж бодож байсан ч нэг мэдэхэд л хашгирчаад байсан.
 
-Дахин кино найруулах уу?
 
-Тэгмээр л байна. Тодорхой төлөвлөгөө болон ямар нэг санал ирээгүй ч хэрвээ санал тавьбал татгалзахгүй. Нэг багийг ахалж удирдах тэр гайхалтай мэдрэмжийг дахин мэдэрмээр байна.
 
-Сүүлийн үед Франц руу их явах болжээ. Жүжигчний хувьд сонирхлыг тань татсан ямар нэг зүйл тэнд байна гэж ойлгож болох уу?
 
-Найруулагч талаасаа сонирхолтой санагдсан зүйл бий. Тэнд залуу найруулагч их төрөн гарчээ. Мөн эрэгтэйгээс илүү эмэгтэйчүүд кино их найруулж байна. Ер нь улс орны хүүхэд, эмэгтэйчүүдэд тавих анхаарал, халамж, уран бүтээлчид өгөх боломж зэрэг нь сонирхолтой санагддаг. Мөн гайхалтай амттай жигнэсэн талх, бяслагны амт Францад дурлах бас нэгэн шалтгаан.
 
-АНУ-ын тэргүүн хатагтай асан Жаклин Кеннедигийн тухай “Жаккие” кинонд гол дүр бүтээсэн. Түүхэн кино учраас ач холбогдол өгсөн байх?
 
-Түүний тухай маш их судалсан. Жаклины тухай бичсэн мэдээ, намтар, дурсамж бүрийг уншсан. Ойролцоогоор 20 дурсамж уншсан байх. Ихэнх нь хэтэрхий утга уянгын халилтай, дэгстүүлсэн юм шиг санагдсан. Учир нь, Жаклин өөрийнх тухай бичсэн тэмдэглэл бүрийг хянаж, засдаг байсан юм билээ. Харин зохиолч Артур Ишлизингерийн хувилбар хамгийн сайн нь байсан, их ч хэрэг болсон. Мөн Жаклины хоолой бичигдсэн хуурцгыг сайн сонсч аялгыг нь дууриаж хэлдэг байлаа.
 
Цагаан ордны архиваас Ерөнхийлөгч Кеннедийн үеийн бүх бичлэгийг шүүж, Жаклины алхаа гишгээ, нүүрний хувирал, сэтгэл хөдлөл гээд нарийвчилсан зүйлийг сайн анзаарах нь киног амьтай болоход нөлөөлнө гэж үзсэн. Ер нь Жаклин Кеннеди надаас ялгаатай нь их эмэгтэйлэг. Ярилцлагыг нь сонсоход намуун зөөлөн хоолойтой, аяганд мөс хийх чимээнээс дээш гарахгүй тийм л намуухан боловч гүн хоолойтой байсан.
 
-Та энэ салбарт ороод 20 гаруй жил өнгөрчээ. Олны танил эрхмүүд цахим сүлжээндээ гэр бүл, өдөр тутмын амьдралынхаа зургийг идэвхтэй байршуулдаг. Таны хувьд бүх зүйл үнэхээр нууцлаг байх юм?
 
-Зүгээр л миний хувьд ингэсэн нь сэтгэлд илүү амар байдаг. Танихгүй хүн миний тухай ихийг мэдэж байх нь тааламжтай санагддаггүй гэх үү дээ. Тэгээд ч хүн бүрт надаас илүү өөрийнх нь сонирхолтой бөгөөд үнэ цэнэтэй амьдрал бий.
 
-Таныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны кампанит ажилд оролцож, дэмжиж байгаа гэж сонссон.
 
-Надад зорилго, зорилт нь тодорхой хийх ажлаа мэддэг хүн таалагддаг. Х.Клинтон бол ухаалаг, туршлагатай, уужуу тайван энэ улс орныг толгойлох хүчирхэг эмэгтэй. Түүний ярилцлагыг уншихад зорилго болоод тэмцэгч чанарыг нь мэдэрдэг.
 
-Таныг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гэдгийг сайн мэднэ. Тэгэхээр таныхаар феминизм гэж юу вэ?
 
-Миний хувьд эгч дүүсийн үзэл баримтлалын холбоо гэж тодорхойлно. Эмэгтэйчүүд бид бие биеэ ойлгож, дэмжиж, уг үзэл санааг цааш нь түгээх хэрэгтэй. Нийгэмд энэ талаар хөндөөд зоригтой дуугарах хүн ховор байна. Феминизмийн талаар ярилаа ч ойлгож хүлээж авах хэсэг нь дэндүү цөөн. Би феминист хандлагынхаа талаар хэн нэгэнд хэлэхэд ихэвчлэн дэмий зүйлд цагаа үрэх юм, эмэгтэйчүүдийн төлөөх тэмцэл үр дүнгээ өгөх өдөр ойрын зуун жилдээ байхгүй гэж үгүйсгэдэг. Эмэгтэй хүн бүр ээжтэй тань адил эрх ашигтай гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүн бүр өөрийн болон хүүхдийнхээ ирээдүйд зориулж, бие биеэ дэмждэг, эрх тэгш нийгмийн төлөө зүтгэх ёстой.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин