Залуучуудын ДАШТ-д оролцох тамирчид Финляндыг зорив

Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ ирэх сарын 1-5-нд Финляндын Тампере хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

 Скандиновын хойгт манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, 60 кг-д Ц.Цогбадрах, 66 кг-д Э.Тэмүүлэн, 84 кг-д М.Цогтгэрэл, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Э.Дэлгэрмаа, 67 кг-д Э.Даваанасан, 72 кг-д Б.Цэцэгбаяр нарын 12 тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Ё.Батдархан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийн хамт оролцоно.

Дашрамд дурдахад, Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байжээ.