Зүүн Азийн Улаан загалмайч хүүхдүүд Монголд чуулж байна

Зүүн Азийн Улаан загалмайн хөдөлгөөний зуслан цугларалт “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор өчигдөр эхэллээ.
 
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар залуусын манлайллыг бий болгож хүүхэд залуучуудын оролцоог тодорхойлоход энэхүү цугларалтын ач холбогдол оршиж буй юм.
Энэхүү цугларалтад Монгол, Япон, Солонгос, Хятад, Хонг Конг, Макаогийн нийт 100 гаруй Улаан загалмайч хүүхэд хүрэлцэн ирсэн байна. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбоо /ОУУЗУХСНХ/-ны Зүүн азийн бүсийн Бээжин дэх төлөөлөгч Гвейндолин Пан, БОАЖЯ, БСШУСЯ мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны төлөөллүүд оролцов.       
Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээ шинээр нээгдсэн МУЗН-ийн “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв” зусланд зохион байгуулагдаж байгаа юм. 
“Дэлхийн хамгийн өнөр хүмүүнлэгийн гэр бүлийн бүрэлдэхүүн, залуу улаан загалмайчдын төлөөлөл уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо солилцож зөвлөлдөхөөр хуран цуглаад байна. Өнөөдөр манай зуслангийн хамгийн анхны зочид болон амарч буй зуун улаан загалмайч хүүхдүүддээ арван жилийн дараа энэхүү зусландаа ирж амрах урилгыг өөрийн биеэр өгч байна” хэмээн МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд хэлэв.
БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн гишүүн Пак Чанг “Би Монголд анх удаагаа ирж байна. Монгол орон их таалагдаж байна. Энд ирээд эрх чөлөөг мэдэрлээ. Зүүн Азийн улаан загалмайч хүүхдүүдийн цугларалтын зохион байгуулалт их таалагдаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөд улаан загалмайч хүүхдүүдийн оролцоо чухал байгааг энд ирээд ойлголоо. Тиймээс эх орондоо буцаж очоод найз нөхөддөө уриалж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ. Жишээ нь манай улсад хүмүүс зөвхөн амин хувиа бодсон шийдвэр гарган, байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас болж олон өөрчлөлтүүд гарч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.