Ч.Содномцэрэн: Төв аймагт гар ажиллагаагаар санал авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын үйл явцын талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.



-Төв аймагт автомат машин саналын хуудас уншихгүй байна гэсэн гомдол гарсан. Энэ ямар учиртай вэ?
-Өглөө 07.00 цагт санал авах ажиллагаа орон даяар эхэлсэн. Одоогийн байдлаар санал авах ажиллагаа хэвийн явагдаж байна. Төв аймагт саналын хуудсыг санал авах машин таньж уншихгүй байна гэсэн асуудал гарсан. Энэ асуудалд СЕХ-нд ажиллаж байгаа ТЕГ, Мэдээлэл технологийн төв, Харилцаа холбооны зохицуулах газрын хамтарсан ажлын хэсгийн 10 баг гарч, учир шалтгааныг тодруулахаар Төв аймагт ажиллаж байгаа. Техникээс эсвэл саналын хуудсаас болсон эсэхийг тогтооно. Төв аймагт одоо санал авах ажиллагаа хэвийн явагдаж байна. Хуульд санал тоолох автомат машинд гэмтэл саатал гарсан тохиолдолд гар ажиллагаанд шилжихээр заасан. Гар ажиллагаанд шилжих журмыг СЕХ батална гэсний дагуу гар ажиллагаагаар санал авч байна.

-Өөр аймаг, дүүрэгт үүнтэй төстэй асуудал гарсан уу?
-Одоогоор Төв аймгаас өөр аймаг, дүүрэгт асуудал, гомдол гараагүй байна.

-Бүртгэлийн хуудас олгохгүй байгаа нь иргэдэд төдийлөн ойлгомжгүй байна. Үүнийг тодруулаач?
-Сонгуулийн тухай хуульд саналаа өгөхөөр ирсэн сонгогчид бүртгэлийн хуудас олгоно, бүртгэлийн хуудсыг үндэслэж саналын хуудас олгоно гэсэн хоёр заалт бий. Үүний дагуу саналаа өгөхөөр ирсэн иргэдэд бүртгэлийн хуудас олгож байгаа. Энэ бүртгэлийн хуудсыг нь эргүүлж аваад саналын хуудас олгож байна. Хуулийн заалтын дагуу л явж байгаа. Ер нь бүртгэлийн хуудастай холбоотойгоор өмнөх санал хураалтаар аймаг, дүүргийн сонгуулийн хороонд маш их гомдол санал ирсэн. Энэ хуудсыг худалдаж авч байна, хуурамчаар үйлдэж байна гэх зэрэг. Тийм учраас энэ хууль бус үйл ажиллагааг дахин гаргуулахгүйн тулд бүртгэлийн хуудасны оронд хуруунд тэмдэглэгээ хийж байна.

-Сонгогчийн нэрсийн жагсаалтад өөрчлөлт орж, сонгогч нэмэгдэж байгаа гэсэн. Энэ талаар?
-Зургадугаар сарын 26-наас хойш 18 насанд хүрсэн иргэд сонгуулийн эрх үүсч байгаа учраас бүртгэлд нэмэгдэж байгаа. Үүнээс гадна энэ хугацаанд нас барсан хүмүүсийн нэрсийг хассан. Мөн хорих газар цагдан хоригдож байгаад суллагдсан хүмүүс "Түр хасав" тэмдэглэгээтэй байснаа эрхээ сэргээлгэж санал хураалтад оролцож байна. Бүртгэлийн байгууллагаас урьдчилсан байдлаар ирүүлсэн мэдээллээр 1.982.733 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаа. Дээрх шалтгаанаас үүдэж энэ тоо бага зэрэг өөрчлөгдөнө.

-Баян-Өлгий аймгийн саналын дүн өмнөх санал хураалтад их оройтож ирсэн. Энэ удаад хэрхэн шийдвэрлэж байна вэ? 
-Баян-Өлгий аймгийн дүн мэдээ хоцорч ирсэн асуудлаар тус аймгийн сонгуулийн хорооны даргаас мэдээлэл сонсч үүрэг даалгавар өгсөн. Энэ аймаг Алтайн өндөр уулархаг бүсэд оршдог онцлогтой. Өмнөх хэд хэдэн сонгуулиар ч дүн мэдээ нь саатаж ирж байсан. Тиймээс үүрэн телефоны компаниуд, сүлжээ хариуцдаг компаниудтай ярьж, мэдээ дамжуулах хэд хэдэн антенуудыг байрлуулсан. Хэрэв бороо орохгүй, саатал гарахгүй бол дүн мэдээ саадгүй ирнэ. Гэхдээ станц тавиад ч сүлжээ орохгүй 10-аад санал авах байр байна. Тийм учраас эдгээр газруудаас зөөж, мэдээ дамжуулна. Энэ зай нь 180-аад км-ийн зайтай гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ирц өмнөх санал хураалтаас 2 хувиар буурсан гэлээ. Нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ? 

-СЕХ хэвлэл мэдээллийн байгууллага, үүрэн телефоны компаниудтай хамтарч ажилласны дүнд өглөөний байдлаар санасныг бодвол сайн явж байна гэж үзэж байгаа. Гэхдээ цаашдаа ирцийг нэмэгдүүлэхээр сонгуулийн хороодтой холбогдож, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхийг уриалж, үүрэг даалгавар өгч байна.