Аль Капонегийн байшинг 2,85 сая доллароор зарна

Аль Капонегийн /1899-1947он/ Нью-Йоркийн Бруклин дүүрэгт орших байшинг 2,85 сая доллароор зарахаар дуудлага худалдаанд тавьжээ. Энэ байшинд мафийн зартай толгойлогч Альфонсон Габриэль Капоне 1920-оод оны эхээр Чикаго хот руу нүүх хүртлээ амьдарч байжээ.
 

“Douglas Elliman” дуудлага худалдааны компанийн мэргэжилтэн Брэн Саломоны ярьснаар, уг байшинг шинэчлэн засварласан учраас хуучин эзнийг нь санагдуулахаар зүйл одоо байхгүй аж.

Байшингийн гадаад байдал нь ч гэсэн онцгой содон юмгүй боловч дотоод засал тохижилт нь ямар ч өндөр шаардлагатай үйлчлүүлэгчийн санаанд нийцэх гэнэ. Унтлагын гурван тансаг өрөө, уужим саруулхан зочны өрөө, хоол хийх бүхий л сав суулга, хэрэгслээр дүүрэн гал тогоотой. Үүн дээр туслах хоёр өрөө, нэг багавтар цэцэрлэгийг нэмж болно.

“Хэрвээ одоо Капоне амьд байсан бол түүнд хоолны мөнгөө олох гэж дээрэм тонуул хийх шаардлага гарахгүй байх байсан. Энэ байрны нэг өрөөний түрээсийн үнэ сард 6 000 доллар бөгөөд хажууханд нь баар ресторанууд хангалттай олон бий” хэмээн Саломон ярьжээ.