Нэрт дуучин Г.Ариунбаатарт Хүндэт өргөмжлөл гардууллаа

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд болон бусад албаны хүмүүс дэлхийд нэр алдраа цуурайтуулсан дуучин, Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг зургаадугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, баяр хүргэлээ.

Тэрээр Их британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World-д уралдаанд Монголоо төлөөлөн дуулж, тэргүүн байр эзэлжээ. Энэхүү олон улсын дуурийн дуучдын уралдаанаас дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон байна.

Энэ уулзалтын үеэр дэлхийд нэрээ цуурайтуулж яваа дуурийн дуучин Г.Ариунбаатарт БСШУС-ын Соёл урлагийн бодлогын газар болон Нийслэлийн Соёл урлагийн газраас “Хүндэт өргөмжлөл” гардуулсан юм.

Чингисийн одонт дуучин Г.Ариунбаатар нь Цагдаагийн “Сүлд” чуулгаас дуурийн дуучны гараагаа эхэлсэн юм. Дараа нь Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр, Шилдэг баритон дуучны шагнал, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр; Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналыг тус тус хүртсэн дуурийн нэрт дуучин юм.

Уулзалтын үеэр сайд Г.Чулуунбаатар “Нэрт дуучин Г.Ариунбаатартаа Монгол ёсны эрхэм бэлгэдэл идээний дээж цагаан идээ, ариун цагаан хадгаа өргөн барилаа. Ер нь Монголын соёл урлагийн салбарын гайхамшигтай ололтыг дэлхий дахинд түгээж байгаа нэртэй уран бүтээлчид, авъяастнуудаа урамшуулах асуудал Монгол Улсын Засгийн газар, Монгол төрийн бодлогын ихээхэн чухал анхаарал тавьж байгаа гол чиглэл мөн. Өнөөдөр бид шагнал, урамшуулалынхаа журамд өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай боловсруулан ажиллаж байгаа.

Дэлхийн түвшний нэр хүндтэй томоохон уралдаануудад амжилттай дүн үзүүлж, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөсөн уран бүтээлчдийг урамшуулах бодит боломжийг бүрдүүлнэ гэж бодож байна. Тэр боломж удахгүй манай Г.Ариунбаатарт хүрнэ гэж амалж хэлэх байна.“ хэмээн онцолж хэллээ.

Дараа нь Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат “Г.Ариунбаатар маань манай орчин цагийн сонгодог урлагийн алдартнууд болсон Ц.Пүрэвдорж, Г.Хайдав, Х.Уртнасан, А.Хавлааш зэрэг гайхалтай дуучдын түүчээ болж, тэдний бий болгосон гаймшигт урлагийг дэлхийд тамгалж өглөө. Мөн Монгол Улсыг дэлхийд бүрэн таниулж чадсан Ариунбаатартаа баяр хүргэж, амжилт хүсье. Үнэхээрийн гайхалтай байна. “ гэж бахархан хэлэв.

Б.Баярмаа