Хоёр банк том зах зээлээ түрүүлж хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол банк нь БНСУ-ын Төв банкны Knowledge Partnership Program-ын хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Солонгосын Төв банкны Олон улсын харилцааны хэлтсийн дэд захирал Кий Сан Жанг, Монгол банкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч Д.Болдбаатар нар зургаадугаар сарын 21-ний өдөр Туушин зочид буудалд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.Төслийн багийнхан Монголд валютын зах зээлийг хөгжүүлэх стартегийг тодорхойлох юм байна.

Уг хөтөлбөр нь 2017 онд хэрэгжиж дуусах юм байна. Хөтөлбөрийг Монгол банкны Тамгын газар, Мөнгөний бодлогын газар, Зах зээлийн газар, БНСУ-ын Төв банк, Сөүлийн их сургууль, Донгүг их сургууль, Синхай их сургуулийн эрдэмтэд болон Солонгосын санхүүгийн судалгааны төв хамтарч хэрэгжүүлэх аж.

Энэ үеэр Кий Сан Жанг хэлэхдээ “Энэ хөтөлбөрийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Бид хоёр жилийн хугацаанд таван улс оронтой хамтарч ажиллаж байна.Үүний нэг Монгол оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байна.

Монгол банк болон Солонгосын Төв банкны хооронд ярилцаж, тохирсон сэдэв бол хямралын үеийг даван туулах удирдлагыг хөгжүүлэх хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь гурван үйл явцтай явагдана. Эхний ээлжинд гэрээ байгуулж, гарын үсэг зурах уулзалтаа одоо хийж байна. Дараа нь семинар хийнэ.

Харин 10 дугаар сарын сүүлээр судалгаагаа үндэслэж, Монголд дахин уулзалт хийхээр төлөвлөсөн. Мөн бид гадаад валютын зах зээлийн талаар судалгаа хийж байгаа. Энэ судалгааны үр дүн Монголын эдийн засагт тэр дундаа гадаад валютын бодлого, гадаад валютын удирдлагад маш том хувь нэмэр оруулна гэж найдаж байна” хэмээн онцолж хэллээ.

Дараа нь Д.Болдбаатар “Солонгосын санхүүгийн судалгааны төв нь судалгаанд нэмэр болох чиглэлийн сантай байдаг. Энэ сангаас хямралыг даван туулах механизмыг бүрдүүлэх нэг хэсэг болсон валютын зах зээлийн хөгжил, валютын зах зээлийг хөгжүүлэх стартеги, дэд бүтэц, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Эдгээр чиглэлүүдэд ямар ажил хийж болохоор байгаа талаар судалгааны ажил хийхээр Монгол банктай хамтарч тохиролцсон юм. Энэ судалгааны ажлыг хийхийн тулд төсөл хэрэгжүүлэхээр болж байна. Судалгаагаар валютын зах зээлээ яаж хөгжүүлэх вэ, ямар арга хэмжээ авах эсэхээ тухайн үед Монгол банк өөрөө шийдээд ажиллана.

Монголд валютын зах зээлд тулгамдаад байгаа асуудал бол том арилжааны зах зээл нь ил тод биш байдаг. Үр өгөөжтэй ажиллаж чаддаггүй. Тэгсэн мөртлөө жижиг хэмжээний хөрөнгө эргэлдэж байдаг Найман шарга нь зөвхөн олон нийтэд ил тод байна. Үүнээс үүдэж энэ зах зээлд савлагаа өндөр байх магадлалтай. Тиймээс бид бусад орнуудтай адил том зах зээлээ түрүүлж хөгжүүлэх систем рүү шилжихийн тулд стартеги боловсруулахаар гэрээнд гарын үсэг зурж байгаа юм” гэж тодотгож ярилаа.

Б.Баярмаа