Хүүхдийн баярыг Чингисийн талбайд өргөн дэлгэр тэмдэглэнэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11 цагаас эхэлнэ. Энэхүү хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор НБГ-аас зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд багачууд оролцох юм.

Тухайлбал, 500 хүүхэд бишгүүрээр Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г  500 морин хуурч  тоглож сонирхуулна.  Мөн 1000 хүүхэд найрал дуу дуулж, уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга БГД-ийн 185 болон  85, 94, 157 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Баянзүрх дүүргийн 61, СХД-ийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, ЧД-ийн 50-р сургуулийн 2000 гаруй хүүхэд уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэр болно.

Мөн энэ үеэр 1000 хүүхдийн жагсаал болж, хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолны амталгаат худалдааг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

Их сурвалж: www.montsame.mn