Сайтын нэрийг барьж, сэтгүүлчийн мэргэжлийг ашигладаг бүсгүйг таслан зогсооё

Сэтгүүлчийн мэргэжил төдийгүй Хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг ашиглаж яваа нэгэн бүсгүйн талаар www.och.mn сайтын эрхлэгч Х.Индра ярьсан юм.

Тэр бүсгүйг Г.Борчулуун гэдэг. Тэрээр Монголд болж буй Засгийн газрын болон яамдууд, бусад байгууллага, компани, ТББ-аас зохион байгуулдаг үйл явдлын арга хэмжээнд www.och.mn сайтын нэрийг барьж, очиж бүртгүүлэн оролцдог юм байна.

Өнгөрсөн тав дахь өдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс Үндэсний их наадмын бэлтгэл ажилтай танилцахаар Төв цэнгэлдэх хүрээлэнд очсон байлаа. Энэ үеэр сэтгүүлчдийн дунд Г.Борчулуун гар утсаараа зураг дарж зогсож байсан юм. Мөн өмнө нь Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулсан сургалт болон хэдэн арга хэмжээнд очсон байв. Г.Борчулуун нь өнгөрсөн оны долоодугаар сард Улаанбаатар хотод болсон АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын өмнө тус сайтын эрхлэгчтэй уулзаж, өөрийгөө сэтгүүлч гэж танилцуулаад, сайтад нь түр ажиллахаар тохиролцжээ.

Тус сайтын эрхлэгчийн ярьснаар Г.Борчулуунд сэтгүүлчийн мэргэжлийн дипломоо авчирч үзүүлээрэй гэж хэлэхэд нэгэн шалтгаан хэлсэн аж. Эрхлэгч Х.Индрагийн хувьд тэр бүсгүй өөрийгөө сэтгүүлч гэж хэлсэнд итгээд ажлын үнэмлэх олгосон юм байна. Гэтэл Г.Борчулуун нь АСЕМ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах эрх авчихаад, сайтдаа нэг ч мэдээ, сурвалжлага, ярилцлага бичиж өгөөгүйгээр барахгүй, ганц хоёр мэдээ нь шаардлага хангахгүй байсан тул тус сайтын эрхлэгч үнэмлэхээ хурааж авчээ. Гэвч тэр бүсгүй одоог хүртэл сэтгүүлчдийн сурвалжилдаг зарим үйл явдлын арга хэмжээнд тус сайтын нэрийг барин очиж байгааг зохион байгуулагчид болон мэргэжлийн сэтгүүлчид таслан зогсоохыг шаардаж байна хэмээн тус сайтын эрхлэгч Х.Индра мэдэгдэж байна.

Сүүлийн жилд манай Хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлчийн мэргэжлийн их, дээд сургууль, коллежид суралцаагүй хэрнээ сэтгүүлчийн ажил хийж яваа зарим нэг хүмүүс байгаа нь нууц биш юм. Тэдний дотор сэтгүүлчийн мэргэжлийг ашиглан хулгай хийх гэж тэмүүлдэг хүн ч өдөр тутмын нэгэн сайтад ажиллаж байна. Баттай мэдэж байгаагаар М тэрээр нэлээд хэдэн удаа хулгайн үйлдэл хийж байгаад газар дээр баригдаж, таслан зогсоосон үйл явдал ч байдаг. Энэхүү үйлдэлд баригдсан эмэгтэйг Цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тохиолдол ч бий.

Ер нь сэтгүүлчийн ажил бол онцгой мэргэжил төдийгүй мэргэжлийн болоод хувийн өндөр ёс зүй, хариуцлага, соёлыг шаарддаг юм. Тиймээс Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа ийм хариуцлагагүй, сэтгүүлчийн ажлыг ашигласан, ёс суртахуунгүй байдал гаргадаг хүнийг энэ салбараас холдуулж, хариуцлага тооцдог болгомоор байна. Ийм асуудлыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоо анхааралдаа авч, хариуцлагатай ажиллах цаг болжээ гэдгийг сануулъя.

Б.Баярмаа