Ц.Энхтүвшин: Манай ачаа тээвэрлэлт “Кореан Эйр” компанийн ЭРХШЭЭЛД орчихсон

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшингээс дараах тодруулгыг авлаа.

Урин цагт Монгол Улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг билээ. Манай улсыг зорих жуулчдын тоо жилдээ 400 гаран мянга байдаг аж. Харин энэ тоог нэмэгдүүлэх ажлыг Нийслэлийн аялал жуулчлалын газар гардан хийдэг гэхэд хилсдэхгүй л болов уу. Гэвч жуулчдын тоог нэмэгдүүлэхэд дотооддоо маш олон зүйл дээр анхаарахаас гадна нислэгийн компаниудаа төрөөс дэмжиж ажиллах нь маш чухалд тооцогддог байна. Ингээд энэ тухай Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшингээс дараах тодруулгыг авлаа.

- Өдрийн мэнд хүргэе. Буянт-Ухаа боомтыг жилд хэдэн мянган зорчигч нэвтрэн өнгөрдөг вэ?

Буянт-Ухаа боомтын нэвтрэн өнгөрүүлэх чадвар нь жилдээ 450,000 хүнээс хэтэрдэггүй. Үүний 50-60 хувьд нь Монголчууд өөрсдөө зорчдог гэсэн судалгаа гарсан байгаа. Тэгэхээр нэг талдаа 450 мянга гэхээр хоёр талдаа 900 мянга гэсэн үг. Үүнээс хэзээ ч дээшээ гарч байгаагүй. Өнгөрсөн жил 420-оод мянга байсан. Үүний гол шалтгаан нь онгоцны билетийн үнэ, агаарын тэвээрлэлтийн хүчин чадал гэж үздэг юм. Жишээлбэл, Монголоос эхлэлтэй онгоцны билет хямдавтар байдаг ч бусад газраас эхлэлтэй нь нэлээн үнэтэй байдаг. Эндээс Бээжин рүү нисэхэд хоёр талдаа 700 мянга гэж байгаа бол Бээжингээс МИАТ-ын онгоцоор нисэхэд талдаа л 700,000 байдаг.

- Бусад газраас манайх руу ирэхэд онгоцны билетийн үнэ яагаад тийм өндөр байдаг юм бэ. Энэ нь аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлдөг бол?

Монголд аялал жуулчлалын салбарыг дорвитой хөгжүүлье гэвэл тээвэрлэлт хийж буй онгоцныхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Бид энд хэчнээн сайхан зочид буудал, амралтын газар, гаид бэлдээд орж ирэх жуулчныхаа хүчин чадлыг нэмэгдүүлж чадахгүй  бол ямар ч хэрэггүй шүү дээ. Ядаж л зун наашаа ирэх жуулчдад билет нь олддоггүй. Европд сая жуулчин явуулдаг аялал жуулчлалын газар дундаж хэмжээндээ ордог. Харин Монголд 1000 жуулчин хүлээж авдаг газар томдоо ордог. Тэгээд Европоос сая жуулчин явуулдаг компаниудыг Монгол руу хүмүүсээ бөөнөөр нь явуулаачээ гэхээр бидэнд онгоцны тээвэрлэлтийн хүчин чадал нь хүрдэггүй.  Онгоцны хүчин чадал муугаас жуулчдаа нэмэгдүүлж чадахгүй байна гэдэг харамсалтай асуудал л даа.

- Онгоцныхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж байхгүй гэж үү. МИАТ, Туркиш Эйрлайнс гээд л нислэгийн компаниуд манайд бий шүү дээ?

МИАТ-ын онгоцонд 100 жуулчин явуулъя гэхээр боломжгүй гээд цөөхөн хэдээр нь явуулдаг юм. 2015 оны үед манай улс Берлинд нэгэн арга хэмжээ зохион байгуулахдаа дөрөв орчим сая доллар зарлагадсан байдаг юм. Тэгээд одоо үр дүнг нь тооцож үзэхээр хоёр жилийн өмнө 9600 герман жуулчин ирдэг байсан бол одоо хэвээрээ л байна. Тэнд дөрвөн сая доллар цацсаны ямар ч хэрэг гарсангүй. Яагаад гэвэл тэнд Монголыг сурталчилсан хэрнээ наашаа ирэх дэд бүтцийн асуудлыг нь шийдээгүй байхгүй юу. Тиймээс тэндээс орж ирэх хүмүүсийнх нь урсгал хэвэндээ л байгаа юм. Аялал жуулчлалын салбарт дэс дараалсан процессууд явагдаж байж учир зангилаа нь тайлагддаг. Энэ учир зангилааны томоохон асуудал нь агаарын тээвэрлэлтийн асуудал юм. Туркиш Эйрлайнс гээд компани байгаа. Монголд орж ирээд таван жил болж байна. Жилдээ нэг талдаа хүн зөөх хүчин чадал нь 23 мянга. Харамсалтай нь Монголын Засгийн газраас “долоо хоногт та нар 500 хүн тээвэрлэнэ шүү” гэсэн заавар өгсөн байгаа юм. Долоо хоногт хүн зөөх давтамж нь олон байх тусмаа олон улсын авиа компаниудын нэр хүнд нь өсч байдаг. Гэтэл Туркиш Эйрлайнс 160 хүний суудалтай онгоцоор гурван удаа тээвэрлэлт хийж байна. Энэ нь БОИНГ-738800 гэсэн жижигхэн онгоц л доо. Онгоц нь жижигхэн учир замдаа Бишкек дээр бууж дахин түлш аваад Улаанбаатарт ирдэг. Хэрвээ Монголын Засгийн газраас том онгоц нисгэх зөвшөөрөл өгчихвөл тэд Бишкек дээр буух шаардлагагүй болчихож байгаа юм. Бишкек дээр буухгүй байна гээд тухайн онгоцны зардал 25-30 хувь хямдарна гэсэн үг шүү дээ. Яагаад гэхээр том онгоц хөөрч буухад түлш болон цаг хугацааны асар ихзардал  гардаг. Хэрвээ том онгоц нисдэг болчихвол Бишкек дээр буулгүй Монгол руу шууд ниснэ шүү дээ.

- Туркиш Эйрлайнсын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд яг ямар асуудал байгаа юм бол. Уг нь том онгоц нисдэг болчихвол ачаа тээвэрлэлээс эхлээд зорчигчид нэлээд зардал хэмнэх байх даа?

Тийм ээ, ачаа тээвэрлэлтийн асуудал байна. Саяхан Туркийн элчин сайд Монгол руу томилогдоод Туркээсээ нэг тонн гаран эд зүйлээ авчруулахын тулд Корейн Эйрын каргогоор Солонгос руу явуулаад буцаагаад Улаанбаатарт авчруулсан байсан. Энэ  мэт асуудал их байгаа учраас Туркиш Эйрлайнсаас долоо хоногт 500 гэсэн лимитээ ихэсгэе гэсэн санал Засгийн газарт байнга тавьдаг боловч гадны зарим компанийн лоббинд автаад зөвшөөрлийг нь өгдөггүй. Хэрвээ зөвшөөрлийг нь өгчихвөл Монголчуудын Европ руу зорчдог зардал ойролцоогоор 25-30 хувь буурчихна, мөн нэмээд жилд зорчих хүмүүсийн тоо 23000 байсан бол 90000 болж нэмэгдэнэ. Билетний үнэ хямдрахаас эхлээд ашигтай зүйл олон бий.

- Том онгоц нисдэг болчихоор онгоцоо дүүрэн байлгах гэсэн том асуудал бий шүү дээ. Жишээлбэл, манайх Европоос жуулчин татахын тулд нэлээд хөрөнгө хаях шаардлагатай болох байх?

Бидний хувьд Европоос хүн татахын тулд сурталчилгаа хийх ямар ч шаардлагагүй. Зөвхөн Германы 20, Францын 10 гаран хот руу нисдэг ийм том сүлжээтэй болчихсон компани чинь тэндээсээ хүмүүсээ аваад том онгоцоо дүүрэн байлгах маркетингаа өөрсдөө хийчихдэг юм шүү дээ. Энэ янз бүрийн асуудлаасаа болоод бид жил бүр 60-70 мянган жуулчин алдаад байгаа юм. Эдгээр жуулчид Монгол улсын төсөвт жилд 40-50 сая доллар оруулах боломжтой. Зочид буудал, гаид, дэлгүүрээс эд зүйл худалдаж авах гээд аялал жуулчлалын салбарыг дагаж хөгждөг 40 гаруй салбарт нэлээд хөрөнгө оруулна шүү дээ.

- Зарим гадны компанийн лоббинд автаад гэж та хэллээ. Гэхдээ МИАТ ч бас Европ руу нислэгтэй шүү дээ. Тэд ашигтай ажилладаг учраас Туркиш Эйрлайнсын хүчин чадлыг нэмэгдүүлдэггүй юм биш үү?

МИАТ компани 2015 онд 2,5 тэрбумын ашигтай ажилласан байсан. Гэхдээ МИАТ Герман болон Европын талын алдагдлаа Азиасаа нөхдөг гэж өөрсдөө ярьсан байна лээ. Тэгэхээр ашигтай ажилладаг гэсэн үг биш байгаа биз. Нэгэнт л энэ чиглэлдээ алдагдалтай байгаа юм чинь онгоцныхоо тоо, давтамжийг цөөлөөд том зургаар нь Монголын эдийн засагт нэмэртэй юм хийх хэрэгтэй. Туркиш Эйрлайнсд ЗТЯ эрхийг нь өгчих хэрэгтэй. Туркиш Эйрлайнсаар Франц орохын тулд 800-900 доллар төлдөг байх. Хэрвээ том онгоц нисдэг болчихвол бараг л 500 доллар төлнө шүү дээ. Том онгоц нисэх тусмаа сэйл зарладаг суудлууд нь нэмэгддэг. Энэ бүхний цаад учрыг харахаар МИАТ-даа ч гол нь биш. МИАТ-аар илэрч байгаа “Кореан Эйр” гэдэг компанийн лобби яваад байна гэж харж байгаа. Яагаад гэвэл Туркиш Эйрлайнсд том онгоц нисэх зөвшөөрөл өгчихвөл ачаа буюу каргон дээрээ Кореан Эйрлайнс өрсөлдөгчтэй болоод ирж байгаа юм. Мөн Америкаас орж ирж байгаа карго байна. Миний олж мэдсэнээр Европоос Солонгос орох карго нэг кг нь нэг евро байдаг бол, Солонгосоос Улаанбаатар орж ирж байгаа нэг кг карго 5-6 евро байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Солонгосчууд Инчон дээрээ Монголын бүх каргонуудыг бөөгнөрүүлж байгаад нааш нь оруулж ирдэг. Бид Туркиш Эйрлайнс компанид монопол байдал очно гэж айж байгаа юм шиг хэрнээ манай ачаа тээвэрлэлт үндсэндээ “Кореан эйр” компанийн бүрэн эрхшээлд орчихсон явж байна шүү дээ. Үүнийг салбарын тун цөөхөн хүн мэдэх учраас илүү олон хүн мэдээсэй гэж хүсэж байна даа. .

Б.Баргужин

www.breakingnews.mn