Ч.Ганхуяг: Бид хүнээ дэлхийн түвшинд хөгжүүлснээр “чоно эдийн засаг”-ийн үндэс суурь тавигдана

ХасБанкаар гадаад, дотоодод танигдсан Хутагт овогт Чулууны Ганхуягийн зорилго, бодлого содон. Тэрбээр Монголын тэргүүлэгч банкируудын нэг. Банк, санхүүгийн салбарт 21 жил ажиллаж буй хугацаандаа монголын ард түмний тусын тулд олон ажилсэдэж,бодитоор биежүүлж, мөн олон зүйлийг үндэслэсэн билээ. Түүний шинийг сэтгэж уйгагүй хөдөлмөрлөдөгт, бас шударга, үнэнч байдагт нь олон хүмүүс сайшааж, бахархдаг.

Нэрт банкир, эдийн засагч Ч.Ганхуягийн оюун сэтгэлгээ, дотоод ертөнц, холын тэмүүлэл энгийн бус. Тэрбээр сүүлийн 20 жилд монголын улс төрийн гал тогоонд бужигнаж буй улстөрчдөөс ялгаатай нэгэн. Одоо Ч.Ганхуяг Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Түүнтэй чөлөөтэй ярилцлаа.

             рд санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуягийн содон тэмүүлэл

-Банкир Ч.Ганхуягт би талархал илэрхийлье гэж боддог юм. Таны анх санаачилж, сэтгэж хийсэн ажлууд дандаа бодитой байдаг. Мөн олон том ажлын ардамжилттай гарсан. Тэр том амжилтын нэг нь “Ард Санхүүгийн Нэгдэл” группийг байгуулсанявдал. Ер нь танай хаалгаар орж ирэхэд их сайхан уур амьсгал, мэдрэмж төрдөг. Тиймээс  эндээс та байр сууриа илэрхийлж, яриагаа эхлэх үү?

- Би 17 наснаасаа бизнес хийж, ганзагын наймаа эрхэлж эхэлсэн. Дараа нь Унгар Улсад хувиараа суралцах боломж олдож, тус улсын Будапешт хотын эдийн засаг, төрийн захиргааны их сургуульд 1993-1997 онд сурч төгссөн. Сургуулиа төгсөж ирээд бизнес явуулах арга ухааныг Монголд арай өөр түвшинд гаргаж ажиллах юмсан гэх бодол тээх болсон. Үүний нэг илрэл ньөөрийнхөө байгуулсан компаниудын үйл ажиллагаанд арай хөнгөн, ажиллаж байгаа болон орж ирж байгаа хүндээ ч гэсэн эелдэг, зөөлөн харилцаатай, дарамтгүй орчин бүрдүүлэхийг зориод ажиллаж байгаа минь энэ. Яагаад гэхээр бид ухамсарт амьдралынхаа ихэнх цагийг ажлын албан тасалгаанд өнгөрүүлдэг. Энэ тухай бид ярьдаггүй хэрнээ ихэнхдээ өглөө сэрээд, гар нүүрээ угаагаад, цайгаа ууж, ажилдаа явдаг. Ажил тарахаар гэртээ хариад хоолоо идэж, телевиз үзсэн болж байгаад унтдаг. Ийнхүү бид ихэнх сэрүүн цагаа ажлын өрөөндөө, хамт олонтойгоо өнгөрөөдөг гэсэн утгаар тав тухтай, хөнгөхөн, биед амар, тайван орчин бүрдүүлэхийг хичээсэн.

 

-Ганхуягийн хувьд бага насны мөрөөдөл юу байв.Багадаа ямар онцлогтой хүүхэд байсан бэ?

-Би багадаа мөрөөдөмтгий байсан. Ном их уншдаг байлаа. Төсөөлөх дуртай байв. Уншсан номынхоо гол дүрүүдэд өөрийгөө орлуулж тавиад мөрөөддөг байсан. Мөн зураач, инженер болохыг хүсдэг, хөөрхөн гүнжтэй суухыг, гоё морь унах, машин, мотоциклтой болохыг мөрөөддөг байлаа. Ном их уншсанаар хүний оюуны ертөнц төлөвшдөг юм болов уу гэж боддог.

-Тухайлбал, ямар ном уншдаг байв?

-Адал явдалтай түүхэн ном, зөгнөлт зохиол маш ихээр уншдаг байсан. XIII-XX зууны зөгнөлт зохиолчид одоогийн бидний амьдралд бодит зүйл болсон зүйлийг их бичдэг байж.

- Голдуу гадаадын зөгнөлт зохиолууд уу?

-Тийм. Гадаадын уран зохиолыг орос хэл дээр уншдаг байсан. Ер нь орос хэл миний унаган хэл гэж хэлж болно.

-Та орос сургууль төгссөн байх аа?

-23 дугаар тусгай дунд сургуульд сурч төгссөн. Би Монголоос орос багш нар нутаг буцах үетэй давхацсан1991 оны төгсөгч байлаа. Харин тус сургуульд сурч байх үед аав, ээжийнхээ буянаар гурван жил Унгарторосын элчингийн дунд сургуульд сурах боломж олдож,оросын болон гадаад хүүхдүүдтэй хамт оросоор сурч, гадаад найз нартайгаа харилцаж байсан. Тэнд сурч байхдаа би орос хэлний “Ленинская Грамота” жуух бичиг авч байсныг санадаг юм.

-Таны аав, ээж ямар гаралтай хүмүүс вэ?

-Аав жолооч, механик хүн байсан. Гадаад хэргийн яамны гараашид механикчаар ажиллаж байгаад гадаадад Элчин сайдын яаманд жолоочоор томилогдон ажиллаж байсан. Ээж маань насаараа нягтлан бодогчоор ажилласан. Одоо тэтгэвэрт байгаа ч дүүгийн хувийн бизнест туслаж байна.

-Таны хувьд Монголд хувийн бизнесээ хөгжүүлэх санаагаа Унгарт байхдаа олж авав уу, эсвэл ажил, амьдралын мэдлэг, туршлагаасаа юу?

-Би аав, ээждээ туслаж ганзагын наймаа хийж байхдаа мөнгөний үнэ цэнийг ойлгосон. Мөнгөтэй байхад хүн хүссэн байдлаараа амьдарч, дуртай зүйлээ худалдаж авч болдог, мөн тодорхой хэмжээнд эрх чөлөөнд хүрч болдгийг  мэдэрсэн. 1991 онд Хөрөнгийн биржид ажилд орж байхад надад 1200 төгрөгийн цалин өгдөг байв. Дөнгөж ажиллаж эхлээд, сарын дараа 1200 төгрөгийн цалин авна гэдэгминий хувьд гайхамшигтай үйл явдал болж байсан. Гэтэл ээж маань насаараа нягтлан бодогч, аав маань насаараа жолооч хийгээд сарын 600 төгрөгийн цалинтай байжээ. Харин бизнесийн хувьд би маш олон зүйлийг оролдох дуртай, өөртөө турших, өөрөө гардаж хийх гэх мэт бүх талаар өөрийгөө хөгжүүлэх гэж оролддог байв. Өвөөгөө дагаж мод хөрөөдөж, зорж, харуулдаад нэг юм хийчихдэг, найзуудтайгаа гитар балбаж, цана, конькигоор ч гулгачихдаг, аавдаа машин янзлахад нь туслах дуртай, хөдөө гадаа явахад нь дагаад явчихдаг, ер нь оролдож үзэж болох бүхий л зүйлийг орчиндоо тааруулаад хийж үзэж байсан. Ээж, эмээдээ ч туслаж гэрээ цэвэрлэх, хувцсаа угаах зэрэг гэр ахуйн асуудалд дүү нарын хамтаар дайчлагддаг байв. Эмээ, өвөө маань Дамбадаржаад хашаа байшинд байдаг байсан тул ус зөөх, мод түлээ хагалах гэх зэргийн ажлыг хариуцаад хийчихдэг байж.

- Та бизнест шинийг сэдэж хийхдээ эрсдэлээс айх уу?

-Бизнест шинэ зүйлийг оролдохоос айдаггүй. Эргэн тойрныхоо хүмүүсийг анх уриалсаар байгаад хадгаламж зээлийн хоршоо байгуулж байсан. Анхны хоршоог байгуулахдаа долоо хоног болгон хүмүүстэй уулзаж, санал солилцож, нэг жилийн дараа 10 хүнээс тус бүр 100 долларын хөрөнгө оруулалтыг авч, 1000 доллартай хадгаламж зээлийн хоршоог 1997 онд байгуулж байсан. Би цуцна гэдгийг мэддэггүй юм шиг байгаа юм. Мөн анхны банк бус санхүүгийн байгууллагыг байгуулж байсан. Монголдоо анхдагч нь болж, тодорхой нөлөө үзүүлснээр өнөөдөр бидний араас 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгааг харахаар бахархдаг.

-Нэг ёсондоо таныг олон шинэ зүйлийн үндэслэгч гэж хэлж болох юм?

- Сургуулиа төгсөөд Монголбанкинд ажилд орж ажиллаж байсан тул тэдэнтэйгээ хамтарч журам дүрмийг нь боловсруулж, банк бус санхүүгийн байгууллагын хууль гаргахад нь оролцож байсан. 1998 онд “Хөгжлийн Алтан Сан”анхны банк бус санхүүгийн компанийг байгуулж, номер нэг зөвшөөрлийг нь авч байсан гэдэг утгаараа энэ салбарын үндэслэгч болсон байх. Түүнчлэн анхдагч хоршоог байгуулж байсан. Улмаар анхны гурван банк бусыг нийлүүлж нэгтгэх замаар банк болгож, Монголд банк бус байгууллага банк болсон туршлагыг нэвтрүүлсэн. Мөн би өөрийнхөө хийж бүтээх ажлаа дууссан гэж бодохгүй байгаа шүү.

-Таны саяын ярьсан жишээ бол банк, санхүүгийн салбарт оруулсан их үнэтэй хувь нэмэр. Гэхдээ өөр ямар ажлууд бодитой хийгдсэн бэ?

- ХасБанк байгуулагдахдаа өмнөнь банк бус санхүүгийн байгууллага байж байгаад банк болсон цорын ганц тохиолдол юм.Монголд өөр ийм тохиолдол ганц ч байхгүй. Дэлхийд ч цөөхөн байдаг. Тухайн үед Камбожийн Акледа банк, Кенийн КРеп банкийг яг бидний замаар үүсгэж байсан нь надад их урам зориг өгсөн. Нөгөө талаас НҮБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас ТББ-уудад хандивын мөнгө өгөхөд нь хэлэлцээр хийж,ТББ-уудын эзэмшлийн банк бус санхүүгийн байгууллагыг байгуулж байсан. Анх Монголд сая долларын төслийг эхлүүлж байсан бол энэхүү төслийн хүрээнд байгуулагдсан банк, санхүүгийн байгууллага нь татвараар л сар болгон 1-2 сая долларын төлдөг, олон мянган ажилтантай компани болсон байгаа нь бидний гол амжилт юм. Тиймээс ч Монголд, олон улсад хамгийн үр дүнтэй төсөл болсон гэж үздэг. Түүнчлэнминий санаачилсан ТэнГэр санхүүгийн нэгдэл, түүний доор ХасЛизинг, ТэнГэр даатгал,ХасСекюрити компани ажиллаж байна. Бид Киргизстан руу,Хятадруу монгол хүн хөрөнгө оруулалт хийгээд,үр ашигтай ажиллуулж болно гэдгийг харуулж байсан. ТэнГэр Хятадад Тианрон санхүүгийн компанийн хувьцааны 51 хувийг одоо ч эзэмшдэг бөгөөд энэ компани нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Энэ үйл явцад би гардан оролцож байсандаа бахархдаг.

Бидэнд дараагийн алхмаа хийж зөв хөгжил рүү ирээдүй хойчоо хөтлөх боломж үлдэж байна

-Хятадад байгаа Тианрон банк бус санхүүгийн байгууллагыг та санаачилсан уу?

-Тийм. Бид таван жил хөөцөлдөж байж, 2009 онд байгуулж, одоог хүртэл ажиллаж байна.

- Хятадын ямар мужид байдаг вэ. Тэнд хятад хүмүүс ажилладаг юм уу?

- Шинжаан мужид байрладаг. Орон нутгийн уйгур,монгол, хятад иргэд ажилладаг.

-Яагаад заавал Шинжааныг сонгосон юм бэ?

-Бидэнд Хятадын Засгийн газар ийм хүнд хэцүү газар очиж, банк бус байгууллагаа байгуулж ажиллаач гэсэн боломжийг олгосон юм.

-Тэгвэл та ХасБанк, Тэнгэр даатгал, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Ард санхүүгийн нэгдэл зэрэг олон банк, санхүүгийн салбарыг үүсгэн байгуулахад мөнгөө яаж босгодог байсан бэ?

- НҮБ-аас 600 мянган доллар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 700 мянган долларыг ТББ-уудад хандиваар өгсөн байдаг. Түүнийг хувьцаа болгож, нийлүүлж, банк бус санхүүгийн байгууллагаа хөгжүүлж, улмаар тэднийг хооронд нь нэгтгэх нийлүүлэх замаар ХасБанк байгуулагдаж байсан. Энэ бол Монголын санхүүгийн түүхэнд хамгийн анхны том нэгдэл болсон.

-Дэлхийд ийм жишиг аль улсад байдаг вэ?

-Камбожи, Кени, Колумб,Болив улсуудад ингэж банк байгуулсан тохиолдол бий. Одоогийн байдлаар миний хувьд Ард санхүүгийн нэгдлийг санаачлан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Бидний нэг онцлог нь ард иргэддээ банк санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч болох боломжийг олгож байгаа юм. Би хувьдаа өөр бусад гадаад, дотоод том институционал хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нь өсгөдөг ажил хийхгүй гэж шийдсэн.

-Яагаад?

- Манай ХасБанк, Тэнгэр санхүүгийн нэгдэлд гадаадын маш том компаниуд хөрөнгө оруулагчаар орж ажиллаж ирсэн. Том компаниуд нь улам л том болгохын төлөө ажилладаг уу гэхээс биш иргэдэд ашигтай биш байна. Иргэд гадуур “банкны зээл өндөр хүүтэй байна. Хүү төлөөд л байдаг, төлөөд л байдаг. Эргээд үр дүн гарсангүй.Тэр мөнгө ньхаашаа явчихдаг юм” гэж асуулт тавьж, нийгэмд бухимдал их байна. Харин Ард Санхүүгийн Нэгдлийн онцлог бол манай үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэд ашиг өгөөжийг нь өөрөө авах боломжийг хангаж өгч байгаа юм.

-Уучлаарай, ХасБанктай холбоотойнэг иргэний мэдээлэл вэб сайтаар цацагдсан. ХасБанкнаас 20 сая төгрөгийнорон байрны зээл авсан иргэн зургаан жилийн өмнөхтухайн ханшаар зээлээ хүүтэйгээ хамт төлөх байтал одоо тэрнээс хэд дахин давж төлж байгаа тухай гомдлын мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ. Тэр хуулийн заалт нь буруу юм уу?

- Ер нь иргэддээ хандаад хэлэхэд нэгт, зээл авахгүй байхыг л хичээх хэрэгтэй. Хоёрт,авах бол банкуудын зээлийн гэрээг сайтар судалж байж зээл авах хэрэгтэй.Гуравт, би 2010 онд Сангийн яамны дэд сайд болсноос хойш банкинд ажилласангүй. Мөн банкны удирдлагад оролцоогүй. Гэхдээ таны ярьж байгаа тохиолдлыг нарийн мэдэхгүй ч төсөөлж чадна. Тэр хүн зургаан жил зүгээр түрээслээд явсан бол бүх мөнгөө түрээсэнд өгөөд өөрийн гэсэн өмч хөрөнгө гэх юмгүй үлдэхбайсан байх гэдгийг бас бодох хэрэгтэй.

Банкнаас 20 жилийн хугацаатай зээл авахаар хүү хуримтлагдаад, зээлийн үндсэн өр багасахгүй, хүү нь төлөгдөж явдаг. Тухайн зээлийг хэдийд яаж төлөгдөх нь тухайн банктай хийсэн зээлийн гэрээ, тухайн банкны бодлого, хувь хүний орлогын чадвараас хамаарна.

-Жил ирэх тутам тэр жилийнхээ ханшаар хүүг төлнө гэсэн үг үү?

-180 сая төгрөгийн зээлийг 20 хувийн хүүтэй зээллээ гэж тооцохоор жил бүр хүүнд 36 сая төгрөг төлнө. Үүнийгээ 20 жилээр үржүүлэхээр 720 сая төгрөг гарна. Үндсэн дүнгээсээ буруулвал 20 жилийн дараа өргүй болж, тэр байр сууц нь өөрийн үндсэн хөрөнгө болно. Энэ асуудалтай холбоотой хэлэхэд, банкууд иргэдээс тэр 180 сая төгрөгийн эх үүсвэрийг хадгаламжаар авсан байгаа. Тэр хадгаламжийн хүү нь 18 хувиар төлөх байх гэж бодож байна. Үүнийг 20 жилд үржүүлэхэд 720 сая төгрөгнөөс 648 сая төгрөгийг хадгаламж эзэмшигчдэд өгнө. Тэгэхээр банк бол нэг хүнээс мөнгийг нь хүүтэй аваад нөгөө тийш нь өгдөг бизнес шүү дээ. Нөгөө талдаа байр худалдаж авч байгаа хүнд сонголт байдаг. Тэр сонголтын нэг нь түрээсийн байранд сард сая төгрөг төлөөд амьдрахад жилд 12 сая, 20 жилийн дараа 240 сая төгрөг төлнө. Гэтэл 20 жилийн дараа тэр байр өөрийнх нь биш хэвээрээ байна. Ийм зарчмын ялгаа бий.

-Ийм нийгэмд яаж өөрийн байртай болох вэ?

-Эдийн засгийн өнцгөөс харвал,түрээсийн байранд амьдарсан нь илүү ашигтай. Тухайн хувь хүн тооцоогоо сайн хийж, эдийн засгийн өнцгөөс нь судлах хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөгөө туслалцаа ч авахад буруудахгүй. Тэгэхдээ ямар нэгэн сэтгэлийн хөөрөлгүй асуудалд хандаж, хүйтэн, хөндий тоонуудад харьцуулалт хийвэл зээл авч байртай болох нь ашиггүй болж гарна. Шууд авах бэлэн мөнгө байхгүй бол одоогийн байдлаар түрээсийн байр ашигтай.

-Ер нь дэлхийд зах зээлийн нийгэм гэж ноёлчихоод олон жил өнгөрлөө. Ийм нийгэм Монголын төдийгүй дэлхийн олон орны ард түмний нуруун дээр маш их ачаа үүрүүлж байгаа нь олон улсын мэдээнээс харагддаг. Энэ талаарх таны бодол?

-Би улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшлийн хувьд социал-демократ чиглэлийг илүүд үздэг. Чөлөөт зах зээлийн хажуугаар ард иргэдийн нийгмийн хамгааллын бодлого өндөр хөгжсөн байх ёстой гэж боддог. Өөрийгөө авч явж чадахгүй байгаа ард иргэдээ чадаж байгаа хүмүүс нь тэтгэж явах ёстой. Илүү их орлого олж яваа хүмүүс нь илүү татвар төлөх ёстой. Төр нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрлөх чадвараа алдсан, тэтгэвэрт гарсан иргэдээ зөнгөөр нь хаядаггүй байх бодлоготой байх ёстой гэсэн өнцгөөс би ханддаг. Зах зээлийг бүр коммунист, социалист системтэй харьцуулъя. 1980-аад онд хоол хүнсний хомсдолтой, бараа бүтээгдэхүүн гэж дэлгүүрт нь байхгүй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нөхцөлийг би хүүхэд байхаасаа мэднэ. Жорлонгийн цаас гэж дэлгүүрт байдаггүй байлаа. Талх, будаа, гурил, сахар зэргээс өөр зүйлгүй шахам. Хувцас, хунар, гоёл чимэглэл,үзвэр огт байгаагүй. Мэдээлэл хомс байсан. Тэгэхээр бид Хойд Солонгос шиг тогтолцооноос 1990 онд гарсан. Зах зээл гэдэг тухайн хүний хүч чадалд тулгуурлаж, сайхан, муухай амьдрах сонголтыг хийх боломжийг бий болгодог. Илүү их ажиллаж,өөртөө хөрөнгө оруулалт хийж, цуцахгүй,няцахгүй зорилготой хөдөлмөрлөдөг хүмүүст боломж өгдөг тогтолцоо юм. Тэр үеийн нийгэмд бид хашигдсан тэжээвэр амьтад шиг байсан. Ленин клубт нэг кино гарахаар очоод үздэг. Тэр үед телевизор, машин худалдаж авах боломжгүй, хувиараа бизнес хийх боломж байгаагүй. Тиймээс бид ийм нийгмийг байгуулах сонголтоо 1990-ээд онд хийсэн нь амжилт юм.

 

 

-Энэ нийгэм хүний төлөө гэсэн хамгийн шилдэг хувилбар мөн гэж үү?

-Энэ тогтолцоог төгөлдөржүүлэхийн тулд хамгийн гол нь чадахгүй байгаа нэгнээ тэтгэх, ирээдүй болсон үр хүүхэддээ хөрөнгө оруулж, дэлхийн жишигт өрсөлдөх чадвартай болгох шаардлагатай. Боловсролыг дэлхийн түвшинд үр хүүхэддээ өгч, сайн суурь хүмүүжил олгож, биеийн хөгжлөөр тэгш, эрүүл иргэнтэй болбол Монгол Улс цаашид бусад улсын иргэнтэй өрсөлдөх чадвартай улс болно. Жишээлбэл, намайг амьд байхад дэлхийн хамгийн хөгжилтэй, хамгийн баян орон болох бодитой боломж харагддаг. Бид ядуу улсын иргэд байсан учир мөрөөдөж зүрхэлдэггүй байж. Гэтэл одоо монголчууд үндэсний бахархалтай, түүхээрээ бахархдаг эрх чөлөөтэй улс болсон. Цаашдаа бидэнд дараагийн алхам руугаа орж, зөв хөгжил рүү ирээдүй хойчоо хөтлөх тийм боломж гарч ирж байна.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Монгол Улсын ихэнх иргэд тийм хангалуун амьдралтай биш. Цөөхөн тооны баячуудтай. Тэгэхээр бүх иргэдээ орон сууцтай, ажилтай, орлоготой болгоход ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?

-Бид өнөөдөр зах зээлийн 25 жилд нэлээд будилж, дороо хий эргэж,алдаа их хийлээ. 25 жилийн өмнөх Улаанбаатар хотын айл, хөдөө орон нутгийн айл өрхийн байгаа байдлыг харьцуулахад манай нэг үеийн амьдрал асар их өөрчлөгдсөн. Гудамжинд явахын аргагүй их хувийн машин явж байна. Мөнгө нь байвал дэлгүүрээс хаана ч очоод юугаа ч авах боломжтой болсон. Өнөөдрийн энэ хурдацтай хөгжил нэг хүний амьдрал дээр чамлалттай байж магадгүй. Харин хөндлөнгөөс нийгмийн хөгжил талаас нь харахад Монгол асар хурдацтай өөрчлөгдөж байгаа.

-Монголд машин их болсон, хаана ч очсон дэлгүүрт хүнс, бараа элбэг байгаа нь үнэн. Энэ нь тухайн улс орны иргэдийн аж амьдралын хөгжлийн түвшинг тодорхойлох бас нэг үзүүлэлт болж чадах уу?

-Бүх юмыг харьцангуйгаар ярина шүү дээ. Би Киргизстан Улсад хөрөнгө оруулалт хийсэн. Энэ улс ЗХУ-ын тухайн үеийн ядуу оронд тооцогддог ч Монголоос илүү хөгжилтэй байсан. Социалист нийгэмд Оросын Москва, Эрхүү, Улаан-Үд хот гэдгийг гадаад улс гэж бид дээшээ хардаг байлаа. Гэтэл одоо Улаан-Үд, Бишкек, Эрхүү хот Монгол Улсаас тасраад хоцорсон. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн намайг анх сургууль төгсөөд ирэхэд 300 доллар байсан. Тэр үед нэг хүний цалин 30 доллар буюу өнөөдрийнхөөр 70 мянган төгрөг. Эдийн засагчид хүсэл эрмэлзэлд ямар ч хязгаар байдаггүй гэж үздэг. Харьцангуй байдлаар харвал, Хойд Солонгос биднийг зах зээл рүү шилжиж байхад ямар байсан одоо тэр хэвээрээ байх шиг.Харин Киргизстан Улсад 600 долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй болсон байна.Манайд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4,000 долларт хүрсэн байгаа. Харамсалтай нь тэр үзүүлэлт сүүлийн таван жилд өөрчлөгдөөгүй. Бид 25 жилийн өмнө ямар байсан бэ гэдгийг харьцуулж бодох хэрэгтэй. Болгар, Румын, Молдав, Киргиз, Таджик,Узбек тэр үед ямар байсан,одоо ямар болсныг харьцуулж үзэх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрөлгүйгээр харьцуулбал, өнөөдөр манай улс 160 мянган оюутныг сургуульд явуулж байна. Мөн 700-гаад мянган хүүхдийг үнэгүй цэцэрлэг, дунд сургуульд сургадаг. Tэндээс харахад, зах зээлийн нийгэмд үнэгүй сургаж байгаа нь Засгийн газрын нийгмийн халамжийн бодлого хэрэгжиж байгаа юм. Ямар ч байсан Засгийн газар тэтгэврээ таслахгүй 300 мянган төгрөг иргэддээ тавьсаар ирсэн байна. Гэхдээ бид 25 жилд хүүхдүүддээ дэлхийн түвшинд хангалттай боловсрол өгч чадсан уу. Одоо бид дэлхийн хамгийн шилдгүүд болох герман, америк, франц, хятад  хүүхдүүдтэй манай хүүхдүүд өрсөлдөж, олон улсын шилдэг компанид ажилд орж чадах уу гэж асуух хэрэгтэй. Тэгж сэтгэж, асуудаг ч болсон. Жишээ нь, Гүүгэл, Майкрасофтод очиж манай хүүхдүүд ажиллаж чадах уу?

-Англи хэлтэй хүүхэд, залуучууд Монголд маш их болжээ. Тиймээс гадаадын компанид очиж өрсөлдөж ажиллах боломж нээлттэй байна?

-Ингэж хэлж байгаад баяртай байна. Гэхдээ бүгд англи хэлтэй болж чадаагүй л байна. 25 жилийн дотор бүгд англи, орос хэлтэй болчих боломж байсан. Хэрэв бүгдээрээ ядаж англи хэлтэй болчихволдэлхийн хамгийн хөгжилтэй, өндөрзэрэглэлтэй орны жишигт очиж байна гэсэн үг. Би Голланд, Швейцар явдаг. Тэнд автобусны жолооч нь хүртэл дөрвөн хэлтэй байдаг.

-Ингэхэд та гадаадын хэдэн оронд очиж үзэв?

-Тоолж үзээгүй. Ер нь бараг бүх тивд очиж үзсэн. Гадаадын очиж үзээгүй улсуудаа нэрлэвэл товчхон жагсаалт гарна.

-Танд гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн аль улсын аж амьдрал байсан бэ?

- Ер нь дэлхийн бүх улс өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Өөрийн гэсэн гоё, сайхан, муухай зүйлтэй байдаг. Гэхдээ аль ч улсын иргэн хэлэх байх. Гэр шиг, өөрийн эх орон шиг сайхан газар,эзэн нь болоод төрсөн газар нутаг шиг, өөрийн элэг нэгтэй ард түмэн шиг газар хаана ч байхгүй. Би үүнийг баттай хэлнэ.

-Та Сангийн дэд сайд байхдаа Монголын эдийн засгийн бодлогод ямар шинэ ололтыг авчирч байсан бэ?

-Тэр үед С.Батболд сайд надад энэ ажлыг санал болгосон. Сангийн дэд сайдын албыг жил хагас хийсэн. Тэр албан тушаалд нэг талаас дасан зохицож, нөгөө талаар улс төрийн сонгууль дөхөөд ирсэн болохоор дэд сайдын хувьд хийх боломжтой нэлээд хэдэн ажилд үр дүнтэй ажилласан. Миний хувьд Ерөнхий сайдад хийх ажлын жагсаалт гаргаж өгөөд, би ийм ажлыг хийчихмээр байна, та дэмжээрэй гэж хэлсэн. Дарга толгой дохисон. Тухайн үед би С.Баярцогт сайдын удирдлага дор ажилласан. Нэг үгээр хэлбэл Сангийн дэд сайд болсон нь нэгэнт хөдөлчихсөн галт тэрэгний зорчигч маягтай юм болсон.

-Танд галт тэрэгний зорчигч байдлаар ажиллахад ямар санагдав?

-Би дахиад ийм нэгэн дэд сайд, даргын албан тушаалд очихгүй гэж хатуу шийдсэн.Гэхдээ нэгэнт дэд сайдын албыг хашиж байсан болохоор гаалийг нээлттэй,түргэн шуурхай ажиллах талаас нь тодорхой ажлуудыг хийсэн. Мөн аж ахуйн нэгжүүдээс цахимаар татварын тайлан авдаг ажлыг эхлүүлсэн. Үр дүн нь тодорхой хэмжээнд гарсан болов уу гэж боддог.

Манай тэтгэврийн сангийн үйлчилгээ олон зуун хүний хувьд санхүүгийн таатай боломжуудыг хангаж байгаа

-Үр дүн гарсан нь харагддаг шүү. Өөр ямар шинэ ажил хийв?

-Засгийн газрын бондыг Хөрөнгийн биржээр явуулж байгаа. Үүнийг хийхэд бид нэлээд хэдэн хүндрэлтэй тулгарч байгаад, банкуудын төлөөллийг цуглуулж, сайтар ухуулж байгаад хийсэн. Өмнө нь Засгийн газрын бонд зөвхөн банкуудад тараагддаг байсан.Одоо Хөрөнгийн биржийн зах зээлд бондыг явуулъя гэсэн шаардлагыг тавьж, таван жилийн өмнөөс Хөрөнгийн биржээр явдаг болж, иргэд маань банкны хадгаламжинд биш Засгийн газрын бондонд хөрөнгө оруулалт хийдэг болсон. Түүнчлэн Лондонгийн Хөрөнгийн биржийг Монголын хөрөнгийн биржтэй уяж холбосон нь хамгийн тод томруун ажил маань гэж үздэг. Үүнийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Монгол Улс биеэ даасан дэлхийн тэргүүний Хөрөнгийн биржтэй холбогдож ажиллах ёстой гэдэг үүднээс өөрийнхөө итгэл үнэмшилд хөтлөгдөөдхарилцаа тогтоосон. Энэ ажлыг эхлүүлээд нэг жил болсны дараа бид ажлаа өгсөн учир миний хүссэнээр үр дүн гараагүй. Энэ миний эхлүүлсэн ажил хэдий ч тухайн үед олны өмнө очко авах гэж биш улс орны хэтийн зорилгыг харж хийсэн. Гагцхүү би одоо Ард Санхүүгийн Нэгдэлд ажиллаж байгаагийн хувьд, Монголын Хөрөнгийн биржид хамгийн амжилттай явж байгаа Монгол Шуудан компанийн хувьцааг эзэмшиж байгаагийн хувьд хөрөнгийн биржээр явсан энэ хувьчлал хамгийн амжилттай нь байсан гэж зоригтой хэлж чадна. Олон жилийн өмнө эхлүүлсэн ажлын үр дүн гэж харж болно.Нэмээд нэг зүйлийг хэлэхэд, тухайн үед Н.Номтойбаяр дэд сайдтай нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлцлийн зөвлөлд орж, тэтгэврийн шинэчлэлийг хийж эхлүүлэх гэж үзсэн. Гэвч энэ нь үр дүнд хүрээгүй. Өнөөдөр харин энэ ажил Ардын намын мөрийн хөтөлбөрт тусч, энэ Засгийн Газрын төлөвлөгөөнд орсон байгаа. Энэ сонгуулийн хугацаанд бид тэтгэврийн шинэчлэлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа.Салбарыг нь хариуцаж байгаа хүн нь өөрөө үүнийг хийх чин эрмэлзэлтэй байгаад талархалтай байгаа. Мөн Батболд сайд Монголын эдийн засгийн форумыг 2010 онд анх дэмжиж, би зохион байгуулалтыг нь хариуцаж ажиллаж байсан.Энэ нь нийгэмд нэгэн шинэ үзэгдэл болж, төр нь хувийн хэвшил, иргэний нийгэмтэйгээ нэг танхимд сууж, асуудлыг нухацтай ярилцах нэгэн гүүрийг бий болгосон гэж би хардаг. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарыг Ерөнхий сайд байх үед энэ форум  болсон. Одоогийн Засгийн газар Эдийн засгийн форумыг хийх гэж бэлтгэж байна.

-Тэтгэврийн сан, түүний хуримтлалын үйлчилгээг Ард Санхүүгийн Нэгдэл эхлүүлсэн байсан. Энэ сан иргэдэд ямар ашиг тустай вэ. Энэ тухай тайлбарлаж өгнө үү?

-Ард Санхүүгийн Нэгдэл 2007 оноос хойш хувийн тэтгэврийн сангийн ажлыг эхлүүлж санаачлан туршиж ирсэн. Энэ бол монголын ард иргэдэд хийж өгч чадах хамгийн том хувь нэмэр гэж үзэж байгаа. Бид тэтгэврийн шинэчлэл хийж, тэтгэврийг шударга болгож, хүн болгон өөрийн хуримтлалтай болж, түүгээр нь хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох гэж ажиллаж байна. Хүн насаараа хөлсөө урсгаж ажиллачихаад, гавьяаны амралтанд гарахдаа хүн шиг нэр төртэй амьдрах, санхүүгийн эрх чөлөөтэй амьдрах боломжийг бүрдүүлэх шаардлагатай шүү дээ.

 

-Танай Нэгдлийн явуулж байгаа тэтгэврийн сангийн хуримтлал манай төрийн тэтгэврийн бодлогоос ямар ялгаатай вэ?

-Энэ бол ирээдүйд төрийн явуулах бодлогыг тодорхойлогч компаниудын хийж байгаа ажил юм. 2007 оноос эхлэн тэтгэврийн дансны үйлчилгээг нэвтрүүлж, туршсан. Одоо энэ ажил “Ард Лайф” компаниар хэрэгжиж байгаа. Амжилтанд хүртэл нь энэ ажлыг зүтгүүлье гэж хичээж байна.

-Эхний үр дүн гарч байна уу?

-ХасБанкны 1,500-гаад ажилтан тэтгэврийн данстай болоод ажиллаж байгаа. Ард Лайфд 800-гаад иргэн бүртгэлтэй байна. Тэд ямар нэгэн байдлаар, хэн нэгэн нь ажлаасаа гарах, ажлаас халагдах үед мөнгөтэй, хөрөнгөтэй, хуримтлалтайгаа тэтгэвэрт гарна гэсэн үг. Өнөөдөр манай тэтгэврийн сангийн үйлчилгээ олон зуун хүний санхүүгийн сайн сайхан боломжийг хангаж  байгаа гэдгийг баттай хэлнэ.

-Нэмж асуух зүйл байна. С.Баярцогт, С.Баяр нарын оффшор дансны талаар иргэд шүүмжилж, улс орны мөнгөнөөс хулгай хийсэн гэж үзэж, тэмцэж байгаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү?

-Би банкир мэргэжилтний хувьд хэлэхэд оффшор бол өөр улсад байгаа зүгээр л нэг банкны данс. Тэр улс нь хууль эрх зүйн орчноор нууцлалын асуудлыг өөр түвшинд авч үздэг. Мөнтатварын хувьд хөнгөлөлттэй байдаг. Асуудлыг улстөрийн ашиг хонжоо хайх, өрсөлдөгчөө намнах зорилгоор мушгин ард иргэдийн толгойг эргүүлж байгаад би харамсдаг. Зарим утгаараа Монгол Улс өөрөө оффшорын шинж чанарыг хадгалдаг.

-Яаж?

-Манай улсад татвар 10 хувь, банкууд хувь хүний нууцлалыг хадгалдаг гэдэг шинж чанараар оффшор юм. Олон улсын валютын сангийн орон нутгийн төлөөлөгч нь ингэж хэлж байсан.

Үргэлжлэл нь дараачийн  http://ardchilal.mn/15177.html линкийг дарна уу?

 Ярилцсан Б.Баярмаа