Э.Базаррагчаа: Бид сүүлийн үед чиг хандлага болж байгаа дундын ажлын өрөөний төв нээнэ

“Монголын инновацийн 7 хоног-2017” –д оролцож байгаа “Үндэсний  Стартап сан” компанийн гүйцэтгэх захирал Э.Базаррагчаатай ярилцлаа.

-Монголын шинжлэх ухаанд танай компани ямар инновацийг гаргаж, дэмжиж байна вэ?

-Бид үйл ажиллагаагаа эхлээд нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд ерөнхийдөө судалгааны болон бэлтгэл ажлуудаа гүйцэтгэж дууссан. Одоо инновацийн бүтээлүүдийг зах зээлд дамжуулах төвийг  байгуулахаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид зургаадугаар сарын эхний долоо хоногт Стартап терминал ТББ-тайгаа хамтарч  ажлын хүрээнд инновацийн үзэсгэлэн буюу хөрөнгө оруулагчдыг татах, мөн сүүлийн үед чиг хандлага болж байгаа дундын ажлын өрөөний төвийг нээх юм.

-Дундын ажлын өрөөний төв гэдгээ тайлбарлаж өгнө үү?

-Олон улсад  энэ төв маш их хэрэгжсэн. Стартап санааг эрхлэх сонирхолтой, бүтээлч сэтгэлгээтэй залуучууд ,  бусад хүмүүсийн хүрээлэл бий болгодог цоо шинэ төрлийн ажлын өрөө юм. Энэ төвд хүрэлцэн ирснээр хүмүүс хоорондоо харилцаа, холбоогоо үүсгэж, хөрөнгө оруулагч юм уу, хамтарч ажиллах түншээ олдог  газар гэж ойлгож болно.

-Нэг ёсондоо харилцагч түншээ олох биржийн талбар гэж үзэж болох уу?

-Ерөнхийдөө тийм. Энэ дундын ажлын өрөөний төв нь жирийн ажлын өрөөнөөс юугаараа ялгаатай вэ гэхээр жирийн ажлын өрөөнд ажилтан ширээний цаанаа суугаад юм уу, эсвэл тухайн өрөөндөө ажлаа хийдэг. Гэтэл дундын ажлын өрөөний төвд чөлөөтэй, маш олон төрлийн сонирхолтой хүмүүс цугладаг. Тэр хүрээнд  тухайн хүний цар хүрээ нэмэгдэж, илүү их боломжтой, нээлттэй, илүү их бүтээлч орчин бий болдог юм.

-Дундын ажлын өрөөнд очиж, ажиллаа гэхэд тухайн хувь хүн бүр төлбөр  төлөх үү. Эсвэл зохион байгуулж байгаа компани нь байрны түрээсийн талбөрийг хариуцах юм уу?

-Нэг талаараа бизнес явж байгаа. Тиймээс тухайн зохион байгуулж байгаа компани нь сар бүрийн зардлаа нөхөх учир тодорхой хэмжээний төлбөртэй байна. Олон улсад ч гэсэн ийм дундын ажлын өрөөний төвүүд төлбөртэй байдаг. Ийм төвүүд Монголын иннновацлаг бүтээгдэхүүн, шинэ зүйл гаргаж, хийдэг залуучууд, бизнес эрхэлдэг хүмүүст хэрэгтэй.

-Олон улсад тухайлбал, ямар орнуудад энэ төв хөгжсөн юм бэ?

-Анх Америкаас гаралтай юм билээ. Одоо дэлхий даяар маш олон орнуудад бий болсон. Ялангуяа Зүүн өмнөд азид сүүлийн жилүүдэд их хурдтай хөгжиж байна. Жишээ нь, Сингапурт илүү их хөгжиж байгаа. Харин манай улсад хэд хэдэн чиглэлийн ийм төвүүд нээгдэж байна. Гэхдээ манай компанийн хувьд ямар онцлогтой үйл ажиллагаа явуулах вэ гэвэл бодит бүтээлийг, эсвэл Стартап санааг бодит бизнес болгох талаас нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой. Нэг үгээр хэлбэл, технологи дамжуулах төв болох юм.

-Стартап гэдэг үгийг сүүлийн үед бизнес, эдийн засгийн хүрээнд их хэрэглэдэг болсон. Энэ үгний учрыг манай сайтын уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Энэ үг Америкаас гаралтай. Технологийн гарааны бизнесүүдийг нэрлэж ирсэн. Монголд ч гэсэн гарааны бизнес, Стартап аль алинаар нэрлэж, ярьж байна. Ер нь ямар ч салбарын бүтээгдэхүүнд тодорхой технологи  шингэсэн бол Стартап гэж нэрлэж байна.

Б.Баярмаа