К.Кобландин: Казахстан, Монгол хоёр улс олон улсын тавцанд нэг нэгнээ дэмжсэн нягт харилцаатай

Монгол, БНКазУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болсон юм. Энэ үеэр БНКазУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай тодрууллаа.

-Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 25 жил болжээ. Одоо хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд хөгжиж байна вэ?

-Манай улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жил ой энэ онд тохиож байна. Монгол Улс Казакстан Улсад бараг анх элчин сайдаа нээсэн улс гэж хэлж болно. Одоогийн байдлаар хоёр орны Засгийн газрын хоорондын комисс идэвхтэй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засгийн салбар илүү ойр харилцаатай болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд Монгол Улсад хоёр орны бизнес форум зохион байгуулсан. Харин энэ оны намар Астана хотод хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулагдана. Түүнчлэн Казахстан Улсад УИХ-ын бүлгээс айлчлал хийх гэж байгаа. НҮБ-ын болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хоёр улсын хоорондын харилцаа маш сайн байгаа. Үүний зэрэгцээ Казахстан, Монгол хоёр улс олон улсын тавцанд нэг нэгнээ дэмжсэн нягт харилцаатай. Тухайлбал, Өнгөрсөн 2016 оны зун Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад манай улсын Ерөнхий сайд оролцсон.

Харин та бүхний мэдэж байгаачлан Монгол Улсад манай казах ахан дүүс ажиллаж, амьдардаг.  Бид танай улсад амьдардаг казах ахан дүүсээ хоёр улсыг холбогч гүүр гэж үздэг. Цаашид хоёр орны ард түмний нөхөрсөг хамтын ажиллагаа, харилцаа шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байдаг.

-Казакстан-Монгол Улсын хооронд цаашид аялал жуулчлал, гадаад худалдаа хэр зэрэг хөгжих бол?

-Хоёр улсын хооронд аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагаа, харилцаа цаашид илүү эрчимтэй хөгжихөд бүрэн боломжтой. Тухайлбал, хоёр улсын тамирчид Казахстан, Монгол Улсад зохион байгуулагддаг тэмцээнүүдэд үргэлж оролцдог. Мөн 2016 онд Бразилийн нийслэлд болсон олимпод жүдоч Г.Отгонцэцэг Казахстан Улсын нэрийн өмнөөс оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ нь Казахстаны бас нэгэн бахархал юм. Энэ жил Астана хотод Экспо-2017 олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана. Монгол Улсаас олон жуулчид сонирхоно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Казахстан Улсаас урлаг соёлын уран бүтээлчид Монголд айлчилж тоглолтоо хийсэн. Энэ бүх үйл явдал бол хоёр орны боловсрол, соёлын харилцаа идэвхтэй байгааг илэрхийлж байна.

 Б.Баярмаа