Ц.Баянбилэг: Дээд шүүх намын эрх ашгийг хамгаалж, шударга шийдвэр гаргалаа

Монгол Улсын Дээд шүүх дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 11:30 минутад Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дүрэмд орсон өөрчлөлт болон намын дарга, УИХ-ын гишүүн асан Гантөмөрийн Уянгийг чөлөөлж, Ц.Баянбилэгийг намын даргаар бүртгэсэн юм. Тус намын шинэ дарга Ц.Баянбилэгтэй ярилцлаа.

-Өдрийн мэнд хүргэе. Дээд шүүх таныг Тусгаар тогтнол эв нэгдлийн шинэ дарга гэдгийг хүлээн зөвшөөрч, бүртгэлээ. Та байр сууриа илэрхийлнэ үү?

-Дээд шүүх Тусгаар тогтнол эв нэгдлийн намын их хурал, намын бага хурлын шийдвэрийг  хууль ёсны шийдвэр гэж  үзэж, Ц.Баянбилэг миний биеийг намын шинэ даргаар сонгогдсныг хүлээн зөвшөөрч бүртгэлээ. Энэ шийдвэр нь шүүхийн систем шударга үнэний талд зогсож чаддаг гэдгийг харуулж байгаад бахархаж байна.

-Намын даргыг өөрчлөх шийдвэр өнгөрсөн онд гарсан байх аа?

-2016 оны 11 дүгээр сарын дундуур манай намын ээлжит бус гуравдугаар их хурал хуралдаж, намын даргыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл бичиг баримт дутуу байна гэсэн үндэслэлээр шийдвэрийг буцаасан юм.

-Шүүх буцаасан юм уу?

-Тийм. Шүүх буцаасан байсан. Манай нам дутуу бичиг баримтаа бүрдүүлж, намын их хурлаа дахин хийж шийдвэрлэсэн. Харин өнөөдөр шүүх шинэ даргыг бүртгэж авлаа. Тэгэхээр шударга үнэн хэзээд ялдагт манай намын дэмжигчид, гишүүд баяртай байгаа.

-Гишүүн асан Г.Уянга хэвлэлийн хурал хийж, төрийн тэргүүдэд шаардлага хүргүүлж байсан. Энэ хүн ямар байр сууриар танай намд ажиллаж, мэдэгдэл хийж байсан юм бэ?

-2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр намын бага хурал хуралдаад, намын дарга Г.Уянга нь 2016 онын сонгуульд манай намыг ялагдуулах үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн.

-Яаж?

-Уянга нь нэгд, багаар ажиллах чадваргүй, зөвхөн өөрөө УИХ-ын гишүүн болно гэсэн зорилгоор манай намын эрх ашгийг өөрийн эрх ашигт нийцүүлэн ажилласан. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө өөрийнх нь хийсэн бичлэг олон нийтэд цацагдлаа гэсэн яриатай холбоотой ёс зүйн асуудал, гуравт, намын эд хөрөнгийн зарцуулалтын асуудал зэргээс болж 2016 оны 10 сарын 25-нд намын их хурал хуралдаж, Уянгийг намын даргаас чөлөөлсөн юм.

-Намын даргын ажлаас чөлөөлөөд ямар ажил, үүрэгт хуваарилсан юм бэ?

-Ямар нэгэн ажил, үүрэгт хуваарилагдаагүй. Ер нь намд байх уу, үгүй юу гэдэг асуудлыг намын Хяналтын хороо авч хэлэлцэх ёстой байлаа. Манай намын гишүүд Уянгийг нам удирдаж чадахгүй байна гэсэн байр суурьтай байсан. Тиймээс бүх гишүүд Уянгийг намын хуралдаа ирж, өөрийн асуудлаа тайлбарлаач гэсэн хүсэлт гаргаж байсан ч хуралдаа ирдэггүй байсан. Тийм учраас манай гишүүд намын даргаа сольж байгаа юм.

-Уянгийн хийсэн мэдээлэл, төрийн тэргүүнд тавьсан шаардлага зэрэг нь танай намыг төлөөлж тавьдаг юм уу, эсвэл улс төрч хүнийхээ хувьд тавьдаг юм уу. Тэнд хөндсөн шаардлага нь хэр баримттай, үнэн байдаг юм бол. Танай намын зүгээс тэр шаардлагыг судласан уу?

-Ямар нэгэн улс төрийн акц буюу үйлдэл хийхдээ намын бага хурал болон удирдах зөвлөлөөр заавал оруулж, хэлэлцүүлэх ёстой. Ийм улс төрийн акц, алхам хийхээр болбол улс төрд хэрэгтэй юу, улс орны эрх ашгийг хамгаалж, хангаж чадах уу гэдэгт хяналт тавьж, дараачийн үйлдлээ хийх ёстой юм. Гэтэл Уянга нь биднээс санал аваагүй, хурлаар хэлэлцүүлээгүй, хувийн эрх ашгийн үүднээс хэвлэлийн бага хурал хийж, шаардлага хүргүүлж байсан. Би удирдах зөвлөлийн гишүүдтэй хамт төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлаас бусад бүх хэвлэлийн бага хуралд нь очиж, намын нэрийн өмнөөс битгий мэдэгдэл хийгээд бай. Ямар нэгэн баримт, нотолгоо байхгүй асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, өөрийнхөө нэр хүндийг өсгөх, эрх ашгаа хамгаалах зорилгоор битгий ашиглаад бай гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан.

-Та нарын шаардлагад Уянга ямар хариулт өгдөг байсан бэ?

-Тухайн үед бүгд мэдэж байгаа. Надад ямар ч хариулт өгөөгүй. Энэ тухай шууд телевизээр цацагдаж байсан. Намын даргаар сонгогдоод намын нэг ч хурал зохион байгуулаагүй. Намын бага хурал, удирдах зөвлөлийн хурал зохион байгуулахгүй, судлаач н.Ганхуягтай хамтарч улс төрийн үйлдэл хийгээд байдагт нь намын гишүүд шүүмжлэлтэй ханддаг. Энэ утгаар даргаа сольж, үнэн яллаа гэж яагаад хэлээд байна вэ гэвэл Дээд шүүх намын эрх ашгийг хамгаалж, шударга шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа юм.

Б.Баярмаа