Сэтгэл гутралын хүнд хэлбэр амиа егүүтгэлээс аврах учир нь

 ЭМЯ-ны “А” танхимд амиа егүүтгэх тохиолдол яагаад нэмэгдэх болсон талаар энэ сарын 7-ны өдөр мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийг газрын мэргэжилтэн Б.Байгалмаа “Сэтгэцийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлаж буй бодлого” сэдвээр, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюнт-У “Дэлхийн эрүүл мэндийн өдрийн тухай болон сэтгэл гутралын шалтгаан”-ы талаар, СЭМҮТ-ийн зхирал Л.Насанцэнгэл “ Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Дэлхий дахинаа жил бүрийн 4 сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгож, тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэл гутралын тухай хамтдаа ЯРИЛЦЪЯ” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхий нийтээрээ сэтгэл гутрах эмгэгт анхаарал хандуулах зорилготой юм байна. Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 2013 оны 5 дугаар сард хийсэн зөвлөмжид “СЭТГЭЛ ГУТРАЛЫН ЭСРЭГ БҮХ  УЛС ОРОНД ЦОГЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ”-ыг уриалсан.

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас барж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг аж. Судалгаагаар өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг тухай ДЭМБ мэдээлж байна.

ДЭМБ-ын суурин төлөлөгч Су Нюнт-У ярихдаа “Дэлхийд сэтгэл гутрал өмнөх жилүүдээс 18 хувиар өссөн. Хүмүүст тохиолдож байгаа сэтгэл гутрал нь эдийн засгийн нөхцөл байдалтай их холбоотой байдаг. Амьдралын ямар ч нөхцөл, цаг үед тухайн иргэн сэтгэл гутралд орж болно. Сэтгэл гутралд голдуу залуучууд, өсвөр насны хүүхэд, насанд хүрэгчид, ахмад настнууд өртөж байна. Мөн хөдөө орон нутгаас хотод шилжин ирсэн иргэдэд тохиолддог. Ер нь тухайн хүний сэтгэл гутрал гүн хэлбэрт орж, даамжирвал амиа егүүтгэх хэмжээнд хүрдэг. Сэтгэл гутралтай хүмүүсийг гадуурхаж хандах нь бүдүүлэг харилцаа юм. Тиймээс сэтгэл гутрлаас урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай.” гэж энэ үеэр ярилаа.

ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэд Монгол улс нь 7-рт, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали ба Шинэ Зеланд улсын дараа 3-рт, 100000 хүн амд амиа егүүтгэн нас барах тохиолдлын тоогоор 6-рт тус тус жагсаж байна.

СЭМҮТ-ийн зхирал Л.Насанцэнгэлээс сэтгэл гутрал дэлхийн аль улсын иргэдэд голдуу тохиолдож байна вэ? гэж тодруулахад “Өндөр хөгжилтэй Япон, Солонгос Улсад сэтгэл гутралын өвчинд нэрвэгдэж байгаа тоогоор дээгүүрт орж байгаа бол Америк, Европын орнуудад дундаж, Азийн болон бусад бүсийн хөгжил буурай оронд сэтгэл гурталд автагсад харьцангуй бага байдаг.” гэв. Тэрээр Монголын хувьд өсвөр насны охидуудын дунд, төрсөн эхчүүдийн 6 хүн тутмын нэг нь энэхүү гутралд өртдөг болжээ. Тиймээс СЭМҮТ-д болон өрх, дүүргийн эмч нартаа хандаж, оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэйг сануулав.

Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг гэж ярьж байна. Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15%-ийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, үүний 2,3% хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6% нь сэтгэл гутрах эмгэгтэй байгаа гэнэ. Ингэж сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг учир онцгой анхаарах асуудлын нэг болжээ. Судалгаагаар сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал аж.

Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсэн дүн гарчээ. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байдаг нь харагджээ. Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг гэж үзэх болсон байна.

Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх хамгийн анхан шатны эмчилгээ, үйлчилгээг хэлнэ үү?гэж асуухад  Б.Цогтбаатар “Маш олон шалтгаан байдаг. Хамгийн наад зах нь тухайн хүн стрессээ арилгах нь чухал. Ажлын байрны эрүүл, тайван орчин, гэр бүлийн халуун дулаан харилцаа, сайн унтаж, амрах, зөв хооллох зэрэг байгаа юм.” гэж хэллээ.

Нийслэлийн 9 дүүргийн эмнэлэгт мэргэшсэн эмч, сувилагч ажиллаж, сэтгэл гутралын эмчилгээ, зөвлөгөө өгч байгаа гэнэ. Монголын хэмжээнд 150 гаруй эмч нар энэ чиглэлээр сургалтанд хамрагдаж, бэлтгэгджээ. Өнөөдрийн энэхүү арга хэмжээний үеэр ДЭМБ-аас ЭМЯ-ын Яаралтай ТТ-ийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярмаад 35 ам долларын үнэтэй зургаан нэр төрлийн тоног төхөөрөмж гардууллаа. Энэ багаж хэрэгслэлийг зуданд нэрвэгдсэн хөдөө, орон нутгийн иргэдэд зориулах юм байна. Учир нь тэд байгалийн хүнд нөхцөлд ажиллаж, байгалийн үзэгдлийг биеэрээ амсч явдаг учир сэтгэл гутралд өртөх нь амархан байдаг.

 Түүнчлэн хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чаддаггүй талаар энэ үеэр дурдлаа. Нөгөө талаас сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч эмгэгт өртөгсдийн хагас нь л эмчилгээ авдаг байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн талаархи мэдлэг, мэдээлэл, тусламж үйлчилгээ үзүүлж буй бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавхи болон нийгмийн гадуурхалтай холбоотой гэж үзжээ. Тиймээс дэлхий нийтээрээ СЭТГЭЛ ГУТРАЛ гэдэг тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, бүх иргэдэд энэ тухай ойлгуулж, урьдчилан сэргийлэх нь  чухал боллоо. 

Сэтгэл гутрал гэж юуг хэлээд байгааг мэргэжлийн эмч нарын тодорхойлсон доорхи мэдээллийг үзнэ үү.

 Б.Баярмаа

Сэтгэл гутрал гэж юу вэ?

Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжүүдээр илэрдэг.

Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах эсвэл улам бүр архагшдаг учраас хүний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгодог.

 Өөртөө анхаарал тавих

Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ өвчний шинж тэмдгийг эрт мэдэж авах нь чухал. Мөн сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн тохиолдолд эмчилгээг үр дүнтэй хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй.Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.

 

Сэтгэл гутралаас сэргийлэх боломж

  • Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших
  • Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх
  • Булчин сулруулах дасгал хийх
  • Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх
  • Стресс тайлах ур чадварт суралцах
  • Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх
  • Согтууруулах ундаанаас татгалзах
  • Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах
  • Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах
  • Дээрхи шинж тэмдэг ажиглагдвал сэтгэл гутралыг илрүүлэх  сорилоор өөрийгөө үнэлэх
  • СЭМҮТ-ийн ВЕБ хуудаснаас мэдээлэл авах
  • Шаардлагатай тохиолдолд өрх, сумын эмч, аймаг дүүргийн сэтгэцийн эмчдээ хандах
  • ЕБС-д цаашдаа сэтгэл зүйчийг орон тоогоор ажиллуулдаг болох