Дэлхийд зарлагдсан Монголын оффшорчдыг баривчлахыг шаардлаа

Парламентад суудалгүй намууд оффшор дансны асуудлаар 4 дүгээр сарын 4-ний өдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаатар,Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Баялгийн жинхэнэ эзэд ТББ-ын Ерөнхийлөгч Л.Баярхүү, Тусгаар тогтнолын төлөө ТББ-ын УЗ-ийн гишүүн О.Лхагвадорж нар УИХ-д шаардлага хүргүүлж байгаа тухай болон оффшор данстай, хууль бус үйлдэл хийгч улс төрчидтэй холбоотой асуудлыг шүүхэд шилжүүлэх ёстой гэж мэдэгдлээ.

Тэд ярихдаа “Нэгд, Оффшорт данс, хөрөнгө эзэмшихийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулиар бүр мөсөн хориглох, илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хууль бус өмчийг эргүүлэн эх орондоо татан авчирч, хариуцлага тооцох ажлыг эхлүүлэх шаардлагатай.

Хоёрт, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны худалдан авалтыг хуйвалдаж хийсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй сэжигтэй хүмүүсийг, тэдний нууц эздийг ил тод болгож, хуулийн дагуу шалгуулж, шүүхээр шийдвэрлэх ёстой.

Гуравт, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа болон прокурорын хяналт, шүүхийн таслан шийдвэрлэх үйл явц, өмгөөлөл, хүний рэхийг ноцтой зөрчсөн байж болзошгүй тул олон нийтэд ил тод болгож, УИХ анхааралдаа авах хэрэгтэй. “ гэлээ.

Төрийн нууц гэдгээр гэмт хэрэг хийж буй жинхэнэ этгээд далдлагдаж байна

Энэ үеэр О.Лхагвадорж “Төрийн нууц гэдгээр гэмт хэрэг хийж буй жинхэнэ этгээд далдлагдаж байгааг үгүйсгэхгүй. Хорих газраас жирийн иргэнийг дарамтлаж байж хэрэг хүлээлгэдэг болж байгаа нь энэ удаагийн шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Нямдорж гишүүний хэлж байгаагаар баталгаа нотолгоо нь тогтоогоогүй байхад хэргийг шийдсэн нь буруу юм. Захиалагчид нь төрд байгаа гэдэг нь харагдаж байна шүү дээ. Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэхийг шаардаж байна.” гэж хэлсэн юм.

Харин Баялгийн жинхэнэ эзэд ТББ-ын Ерөнхийлөгч Л.Баярхүүгийн мэдэгдэхдээ “Ц.Элбэгдорж бол увайгүй үйлдэл хийдэг, ард түмний толгойг эргүүлж байгаа хүн юм. Сэтгүүлч болон сонирхож байгаа хүмүүс ялангуяа www.eagle.mn сайтын мэдээнүүдийг онцолж анхаарах шаардлагатай байна. Энэ телевиз нь Ц.Элбэгдоржийг дэмждэг телевиз гэдэг нь мэдээлж байгаа мэдээ, нэвтрүүлгээс тодорхой харагдаж байгаа юм. Тиймээс тус сайт, телевизийн мэдээг архивлаж, авч үлдэх хэрэгтэй. Энэ нь түүхэнд үлдэх чухал баримтууд болно шүү.” гэв. 

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь Монгол Улсын үндсэн хууль, бусад дагалдах хуулиудыг зөрчсөн тул гэмт хэргийн шинжтэй байнаа юм. Иймд мөрдөн шалгах зайлшгүй шаардлагатай. Мөн оффшорчдын тухай олон баримтууд бий. Тэднийг нэг нэгээр нь баривчилж, хариуцлага тооцохыг шаардаж байна” гэж хэллээ.

Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаатар Монголын оффшордыг нэрлэхдээ “С.Баярцогтын оффшор дансанд 10 сая ам. доллар байгаа гэсэн мэдээлэл гарсан. Мөн Сү.Батболд, С.Баяр, Э.Бат-үүл, Д.Цогтбаатар нар оффшор дансандаа их мөнгө нуусан. Энэ тухай мэдээлэл дэлхийд зарлагдсан тул тэднийг заавал шалгах ёстой. Тэдний мөнгийг татаж, эд хөрөнгөнөөс хураан авч улсын эдийн засагт төвлөрүүлэх шаардлагатай. Хятад, Орос Улсад оффшор данстай, хууль бусаар олсон мөнгөө нуусан иргэдийг шалгаж, шийтгэж, цэгцэлж байна. Гэтэл манай улсад энэ асуудлыг шийдэхгүй байгаа нь том алдаа юм.“ хэмээв.

Оффшор данстан  гэж чичлэгдэж байгаа улс төрчид:   

С.Баяр

С.Баярцогт

Сү.Батболд

Э.Бат-Үүл

Д.Цогбаатар

 Б.Баярмаа